АМЬДРАЛ САЙХАН: Нэг их тансаг биш ч хүний сэтгэлээс гарсан бүхэн хэзээ ч мартагдахгүй дурсамж болж, үүрд хадгалагдан үлддэг

Хүний амьдрал заримдаа их адармаатай, хэцүү бэрх заримдаа дэндүү жаргалтай, дэндүү их баярласандаа даль жигүүр урган нисмээр ч юм шиг сайхан мөчүүд байдаг. Яг л цахилгаан шат шиг. Дээшилж, доошилж заримдаа гацсаар. Гэхдээ хэзээ ч нам зогсдоггүй. Ийм л сонирхолтой учраас хүн бүр амьдралдаа хайртай, өөрийн туулж өнгөрүүлсэн алдаа оноо, сайхан дурсамжаа эргэн санаж, дурсан ярих дуртай байдаг. Бид хүмүүсийн гэрэл гэгээтэй сайхнаас эхлээд амьдралын алдаа оноо, эрээн бараа бодит дүр зургийг хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хэнтий аймгийн Батноров сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Балдоржийн Алтансолонго амьдралынхаа сайхан дурсамжийн нэгээхэн хэсгээс хуваалцсан юм.

Шинэ жил, шинэ оноо угтана гэдэг үнэхээр сайхан. Миний хувьд шинэ оноо угтах мөчид баярлах, гуниглах хоёр давхцдаг юм. Учир нь 2014 онд хамгийн сүүлд аавтайгаа хамт шинэ оноо угтсан тэр өдрөөс хойш тийм жаргалтай мөчийг дахиж хэзээ ч мэдрэх боломжгүй болсон юм. Одоо бодохоор тэр өдөр үнэхээр үлгэрийн мэт байсан.

Манай аав маш их амттанд дуртай хүн байсан юм. Шинэ оноо хүүхдүүдтэйгээ угтана гээд  догдлоод л амттай шимтэй юу байна аваад  хүүхдүүддээ хүлээдэг. Би тэр жил дүүтэйгээ хотоос хөдөө аав ээж дээрээ очоод шинэ оноо угтсан юм. Тэгээд ширээгээ засаад ам бүлээрээ ширээ тойрон сууж, инээж, тоглож наадаж байтал аав гэнэтхэн “машинаа асаая бүгдээрээ сумын төв орж шинэ жилээ тэмдэглэе” гэдэг юм байна. Дүү бид хоёр ч бөөн баяр болж, хувцасаа сольж өмсөөд явахад бэлэн болсон чинь ээж ширээгээ янзлаад би гэртээ үлдлээ. Та хэд яваад ир. Бид хэдийг яваад ирэх гэсээр байтал он гарчихна.

Гэртээ шинээ оноо угтах ёстой шүү дээ гээд суучихлаа. Гэсэн ч дүү бид хоёр он гарахаас өмнө гэртээ заавал ирнэ гээд ээжийгээ хүчээр шахуу аваад явсан. Тэгээд л сумын төв ороод аав ээж хоёр найзуудтайгаа,  дүү бид хоёр ч бас найзуудтайгаа уулзалдаад явж байтал нэг мэдэхэд гадаа салют буудаад  аль хэдийнээ 12 цаг өнгөрсөн байдаг юм даа. Тэгээд хэдүүлээ нэгэнт гэртээ он гаргаж чадаагүй болохоор сумандаа гэр бүлээрээ хөгжилдөж, хөгжилдөж 2 цагийн үед гэртээ харьсан юм.

Харих замд дүү хип хоп дуу дуулаад л аав “Долоовор хуруундаа зүүний соривтой” гэж дуулж явсаар гэртээ харьсан юм. Ингэж л аав минь хамгийн сүүлийн шинэ жилээ хүүхдүүдтэйгээ, найз нөхөд, хамаатан садантайгаа хөгжилдөн өнгөрөөсөн юм. Нэг их тансаг гоё биш ч сэтгэлээс гарсан юм бүхэн хүний сэтгэлд хэзээ ч мартагдахгүй дурсамж болж үлддэг юм билээ. Тухайн үед хотод шинэ жил маш гоё болж байгаа байх гэж хот руу тэмүүлж байсан. Харин одоо бол тэр жилийнх шиг тийм жаргалтай шинэ жилийг тэмдэглэхсэн гэж хичнээн хүсээд ч тэр цаг хугацаа дахиад хэзээ ирэхгүй болсон. Элэг бүтэн амьдрахад хоолтой хоолгүй, мөнгөтэй мөнгөгүй үл хамааран зүгээр л аз жаргалыг амталж болдог юм билээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%