Цаазын ялыг ёсзүйн философийн агуулгад авч үзэх нь

Саяхан ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх санал гаргаж засгийн газарт хүргүүлсэн нь эрх зүйчид, улс төрчдийн дунд цаазын ялыг халсан нь зөв эсэх талаар хоёр талцсан мэтгэлцээн өрнөж байна. Эдгээр маргаан цаазын ялыг халсанаар, эсвэл сэргээснээр бий болох эрх зүйн хүрээний асуудалд илүү төвлөрч байна. Гэхдээ ерөнхийлөгчийн саналаас (иргэдээс ирсэн санал гэж тодотгосон) үзвэл хохирогчийн хөндөгдсөн эрхийг сэргээх,  бусдыг гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх (сургамж болгох), гэмт хэрэгтнийг гүйцэтгэсэн хэрэгтэй нь дүйцүүлэн гэсгээх утга агуулга илүү байна.  VTV сувгаар дамжуулсан нийтлэлч Де-Факто Д.Жаргалсайханы зохион байгуулсан мэтгэлцээнд цаазын ялын талаар дээрх санаачлагаас ч илүү олон талаас нь хөндөн мэтгэлцлээ. Хэдийгээр миний бие философич, эрх зүйч биш боловч эдгээр мэтгэлцээнийг илүү суурь ойлголтын хүрээнд өрнүүлэхэд дэм үзүүлэх зорилгоор цаазын ялын сайн муу талыг өөрийн улс төрийн үзэл баримтлалын үүднээс санал бодлоо хуваалцахыг зорилоо. Энд цаазын ялын талаарх манай улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалт, эрх зүйн хүрээний асуудлыг авч үзэхгүйгээр зөвхөн ёсзүйн онолуудын хүрээнд авч үзсэн болно.

Цаазын ял зөв буруу эсэх талаарх маргаан нь зөвхөн улс төрийн бодлогын төдийгүй философийн ихээхэн маргаантай сэдэв билээ. Үүнийг илүү нухацтай авч үзэхийн тулд юуны өмнө аливаа шийтгэл ямар зорилго агуулж байдийг ойлгох шаардлага гарна. Орчин үеийн ял шийтгэлийн бодлогын философийн үндэс нь Италийн философич Cesare Baccaria –ийн гэмт хэрэг ба ял шийтгэл гэх номоос үүдэлтэй гэж үздэг аж. Тэрээр өрнөдийн орнуудад давамгайлж байсан дундад зууны бурангуй ял шийтгэлийн эсрэг дэвшилтэт үзэлтэн байсан бөгөөд 

Ял шийтгэл нь эрүүдэн шүүлт, нэгэнт үйлдэгдсэн хэргийг буцаахын алинд ч чиглэгддэггүй, харин нийгмийг хожим гарч болзошгүй гэмт хэргээс хамгаалах, нэгэнт гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин бусдад хохирол учруулахаас сэргийлснээр дуусгавар болох ёстой

хэмээн тодорхойлж байжээ. Өнөөгийн, ял шийтгэл оногдуулах суурь зарчим нь товчхондоо гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх (retribution), гэмт хэрэгтнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх (incapacitation) бусад хүнийг төстэй гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх (deterrence) болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх (rehabilitation) зэргээс бүрддэг. Цаазын ял нь бүх насаар нь эсвэл урт хугацаагаар хорих ялаар ихэвчлэн солигддог тул энэ хүрээнд гэмт хэрэгтнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, дахин нийгэмшүүлэх асуудал төдийлөн яригддаггүй байна. Мөн цаазын ялын талаарх философийн мэтгэлцээн нь ретрибютивизм, нийгмийн гэрээний онол, хагацашгүй эрхийн онол, ютилитиаранизм зэрэг онолуудын хүрээнд голчлон өрнөдөг байна. 

Ретрибютивизм (retributivism)

Ретрибютив ялын бодлого нь аливаа гэмт этгээд түүний хийсэн үйлдэлтэйгээ дүйцэхүйц цээрлэл хүлээх ёстой хэмээн номлодог. Эртний Хэбрью библи болон Хаммурабигийн хуульд нүдийг нүдээр солих ёстой гэсэн зарчмаар гэмт хэрэгтнийг цээрлүүлэх нь зүйд нийцнэ гэж сургадаг. Гэвч энэ үзэл санааны цаана бурангуй, үеэ өнгөрөөсөн үзэл санаа цухалцахаас гадна өс хонзон авах гэсэн агуулга давхар байдаг гэж үздэг байна. Д.Жаргалсайханы мэтгэлцээнд ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянгын мэдэгдсэнээр үйлдсэн гэмт хэрэгтээ зохих ялыг хүлээх ёстой (цаазын ялыг хэлж буй) гэхийн цаад санаа ч хүний амийг хөнөөсөн бол өөрийнх нь амийг нь авах ёстой гэж тайлбарлаж байна гэж ойлгож болно. Хаммуригийн хуульд …хэрэв барилгачны буруугаас (муу барилга барьсан) болж эзний (барилга бариулж буй хүн) хүү амиа алдвал, барилгачны хүүг егүүтгэх нь зүйд нийцнэ гэхчлэн заасан байдаг. Энэхүү хоцрогдсон, бурангуй зарчмыг өнөөгийн хууль дээдлэх ёсны дор оршин буй эрх зүйн системд авч үзэх нь ихээхэн өрөөсгөл болох нь дамжиггүй. Өдгөө бид галдан шатаагчийн гэрийг түймэрдэж, хүчирхийлэгчийг хүчирхийлж шийтгэдэггүйн адилаар хүний амийг хөнөөсний амийг хөнөөж шийтгэх нь ёс суртахууны хувьд төдийлөн нийцтэй бус. Гэмт хэрэгтийг цаазлаагүйгээс гэмт хэргийн золиос болж амиа алдсан хохирогчийн ар гэр тайван амьдарч чаддаггүй гэж олон хүн мэтгэдэг. Гэвч олон хүний аминд хүрсэн хүнийг цаазаар авсанаар гэр бүлийнхэнийх нь сэтгэл амрах уу. Жишээлбэл Гитлерийг хэдэн удаа цаазалсанаар олон сая гэм зэмгүй еврэй хүний амь настай дүйцэх вэ. Энэ учир шалтгааны үүднээс авч үзвэл ретрибювизм мөн л хангалттай хариулт болж чаддаггүй.  Мөн гэмт этгээдийг егүүтгэснээр хохирогчийн гэр бүл сэтгэл санааны хувьд дээрддэг үү гэдэг асуулт юм. Олон хохирогчийн ар гэрийнхэн гэмт этгээдийг цаазлуулсан эсэхийг сонирхохыг ч хүсдэггүй талаар олон судалгаанд дурджээ. Магадгүй, цаазаар авахын оронд бүх насаар нь хорих ялаар шийтгэвэл гэмт этгээд өөрийн үйлдсэн хэрэгт тохирох цээрлэлийг биеэр эдэлж байгаа ч гэж үзэж болох юм.

Салшгүй эрхийн үзэл (Rights forfeiture and inalienability)

Хэн нэг нь гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийгэм өөрийгөө хамгаалах үүднээс түүний шилжин явах болон өөрийгөө илэрхийлэх эрхийг хязгаарладаг.  Философич John Locke үүнийг …хэрэв би хэн нэгний суурь эрхийг зөрчвөл би байгалаас заяагдсан өөрийн амьд явах эрхээс ч бас салах ёстой хэмээн дэмжсэн байдаг. Энэхүү үзэл нь хүний салшгүй эрхийн тухай авч үзээгүйгээс гадна нийтэд өс хорсолоо тайлах (vigilantism) боломжийг өгч байдгаараа аюултай. Наанадаж өнөөгийн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдэлдэг нийгэмд хүний салшгүй эрх, жишээлбэл амьд явах эрх халдашгүй байх ёстой. Үүнийг ч манай үндсэн хууль хүн бүр амьд явах эрхтэй хэмээн тодорхойлсон. Хүний салшгүй эрхэд бусад хүн ч, төр ч халдах эрхгүй байх ёстой. Зарим хүн хүний эрх халдашгүй боловч түүнийг тодорхой гэмт хэрэгт үйлдсэнийх нь төлөө эрхийг нь хязгаарладаг гэж мэтгэдэг. Гэхдээ амьд явах эрх бол маргашгүй ‘үнэмлэхүй’ салшгүй эрх юм. Учир нь аливаа хүн өөрийн салшгүй эрхийг ‘авч төрдөг’ бөгөөд энэхүү эрхийг нь төр эсвэл аль нэг хүч түүнд олгоогүй, заяагдмал зүйл. Өөрөөр хэлбэл хүний салшгүй эрх нь хуулиар олгогдоогүй, харин хуулиар хамгаалахдах ёстой эрх юм. Хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн хийсэн гэмт үйлдлийнхээ төлөө ял шийтгүүлэх нь гарцаагүй боловч амьд явах эрх нь хадгалагдаж үлдэх ёстой. Учир нь цаазын ял хүний эрхийг хязгаарлаад зогсдоггүй амьдралыг нь тасладаг. Хэрэв хүний салшгүй эрх үүний дотор амьд явах эрхийн баталгааг хангахад аливаа нөхцөл тавигдаж байгаа бол салшгүй эрхийн ойлголт өөрөө ямар ч утга учиргүй зүйл болон хувирах билээ. Энэ агуулгаар нь авч үзвэл манай үндсэн хууль дахь шүүхээс цаазын ял шийтгэгдсэнээс бусад тохиолдолд гэсэн нөхцөл нь өөрөө хүмүүнлэг бус заалт юм.

Салшгүй эрхийн үүднээс төр гэмт хэрэгтнийг үйлдсэн хэргийнх нь төлөө эрх чөлөөг нь хасч шоронд хорьж болох боловч салшгүй эрхийг нь үгүйсгэж болохгүй. Салшгүй эрхийн өөр нэг үндэслэл нь хувийн өс хорсолоо тайлах нөхцлийг бүрдүүлэх аюултай. Жишээлбэл хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн үйлдсэн хэргийнхээ төлөө амьд явах эрхээ алдвал шүүхийн шийдвэргүйгээр түүнийг шийтгэх боломжийг олгож байгаатай утга дүйнэ. Өөрөөр хэлбэл нэгэнт амьд явах эрхгүй болсон бол гэмт хэргийн хохирогчийн өмнөөс өс хорсолоо тайлж болно гэсэн үг болно. Энэ тохиолдолд өс хорслоо тайлсан хүнийг хүний эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй болно. Хэрэв гэмт хэргийн хохирогч бүр өс хорслоо тайлах үүднээс хуульгүйгээр шийтгэл оноодог бол энэ нь анархизм болон хувирах нь гарцаагүй билээ.  Орчин үеийн эрх зүйн тогтолцоонд энэ үүргийг төрд хүлээдэг. Өнөөгийн эрх зүйт нийгэмд хуулиас гадуур, шүүхийн шийдвэргүйгээр гэмт хэрэгтэнд тооцох, яллахыг хориглодгийн учир энэ. Гэхдээ бид яагаад төрд энэ үүргийг шилжүүлсэн хийгээд төр өөрийн иргэдийн амийг таслах эрхтэй эсэх талаар ярилцах хэрэгтэй болно.     

 Ял шийтгэл ба нийгмийн гэрээ (Social contract)

Нийгмийн гэрээний онолын үүднээс авч үзвэл ардчилсан төр нь иргэд гэрээний үндсэн дээр өөрсдийн сайн сайхан байдлыг хамгаалах (үүний дотор амьд явах эрхийн баталгааг хангах ч багтана) зорилгоор байгуулсан институц юм. Үүнийг мэтгэлцэгч Б.Болорсайхан тодорхой өгүүлсэн.

Хэдийгээр төр нь өөрийн иргэдийг буруу үйлдэл хийснийх нь төлөө шийтгэж болох боловч төрийг үүсгэн байгуулагчид өөрсдийн амийг авах эрхийг төрд олгоогүй. Үүнийг Thomas Hobbes: Хэн ч өөрийнх нь амийг авах эрхтэй төрийг байгуулах гэрээнд гарын үсэг зурахгүй хэмээн товч тодорхойлсон байдаг. Социалист философич Rousseau үүний эсрэг нийгмийн гэрээнд гарын үсэг зурснаар нийгмийн сайн сайхны эсрэг зүйл хийвэл төр өөрийнх нь амьд явах эрхийг хязгаарлах эрхийг хүлээн зөвшөөрч буй хэрэг хэмээн мэтгэжээ. Энэхүү маргааны эцсийн хариулт нь: Бидэнд өөрсдийн амийг дэнчин тавихгүйгээр өөрсдийгөө хамгаалж чадах тийм төрийг байгуулах боломж байгаа тохиолдолд хэн ч өөрсдийнх нь амьд явах эрхийг үгүйсгэсэн гэрээнд гарын үсэг зурахгүй нь маргаангүй зүйл билээ. Нөгөө талаас төр нь нийгмийн гэрээний оролцогч тал биш, харин нийгмийн гэрээг байгуулсан талуудын өмнөөс тэдгээрийн байгуулсан гэрээний дор эмх журмыг сахиулах үүрэгтэй институт юм.   

Ютилитарианизм (utilitarianism) ба бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх (Deterrence)

Ютилитарианизм нь аливаа зүйлсийн үр дагаварыг авч үздэг бөгөөд нийт сайн сайхан байдал (net benefit or overall well being) –ыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг. Ютилитари үзлийн үүднээс авч үзвэл ял шийтгэл нь ирээдүйд гарч болох гэмт үйлдлийг бууруулахаас бусад тохиолдолд наад зах нь гэмт хэрэгтний хувьд тэвчих аргагүй муу зүйл юм. Тиймээс цаазын ялын зөв бурууг ютилитари арга зүйг ашиглан шүүхийн тулд энэ нь ирээдүйд гарч болох гэмт хэргээс урьдчилан сэргийлж чаддаг эсэхэд хариулах хэрэгтэй болно. Г.Уянгын тодорхойлсноор цаазын ялыг сэргээх ерөнхийлөгчийн санаачлага үүнд илүү төвлөрч байна. Философич Hugo Adam Bedau авч үзэхдээ

Хэрэв нийгэм бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаазын ялыг хэрэглэж байгаа бол бид нэг цаазын ялд ноогдох болзошгүй хохирогчийн харьцааг авч үзэх ёстой

гэжээ. Тодруулбал хэдэн зуун гэмт хэрэгтнийг цаазалсан ч болзошгүй хохирогчийн тоо хэвээрээ байж магадгүй юм. Хэдийгээр бидэнд энэхүү харьцааг тооцож гаргахад хүрэлцэхүйц мэдээлэл байхгүй боловч доктор О.Мөнхсайханы ярилцлагадаа дурдсаныг иш болговол Монгол улсад цаазын ялыг хэрэгжүүлж байх үед буюу 2002-2009 оны хооронд жилд дунджаар 294 хүн амины хэрэг үйлдэгдэж байсан бол цаазын ялыг хэрэглэхээ больсоноос хойш буюу 2010-2016 оны хооронд энэ тоо 216 болон буурчээ. 

 2002-2009 оны хооронд жилд дунджаар 294 хүн амины хэрэг үйлдэгдэж байсан бол цаазын ялыг хэрэглэхээ больсоноос хойш буюу 2010-2016 оны хооронд энэ тоо 216 болон буурчээ.

Энэ мэдээллээс үзвэл цаазын ялыг хэрэглэхээ больсоноор хохирогчийн тоо өссөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл цаазын ял нь болзошгүй хохирогчийн тоог бууруулахад нөлөө үзүүлдэг нь Монголын тоо баримтаар нотлогдохгүй байна. Гэхдээ энэхүү тоо мэдээлэл нь цаазын ялыг устгаснаар хүнд гэмт хэргийн гаралт буурдаг гэсэн утга илэрхийлэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Харин цаазын ялтай байснаар гэмт хэрэг үйлдэх нь буурдаг гэдгийн үгүйсгэж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл цаазын ял нь бусдыг гэмт хэрэг үйлдэхийг бууруулдах (deterrence) үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь батлагдахгүй байгаа юм. Цаазын ял нь бусдыг гэмт хэрэг үйлдэхээс татгалзахад нөлөөлдөг байсан ч энэ нь зөвхөн богино хугацаанд л өгөөжтэй, урт хугацаанд цаазын ял нь шинэ норм болон үлдэнэ. Учир нь гэмт хэрэг үйлдэгдэхэд ноогдох ял шийтгэлийн төрлөөс илүү гэмт үйлдлийнхээ төлөө ял шийтгэл хүлээхгүй байх боломж нь илүү нөлөөлдөг. Тиймээс гэмт хэргийг илрүүлэх, шийтгэл ноогдуулах чадавхи нь шийтгэлийн төрлөөс илүү чухал ач холбогдолтой. Үүнийг Б.Болорсайхан хуулийн алагчлалгүй үйлчлэл, шүүх хуулийн байгууллагууд (тэрээр шударга ёсны институциуд гэж тодотгосон) илүү чухал талаар оновчтой тайлбарласан.

Философич Жон Стьюарт Милл цаазын ял нь илүү шударга учраас бусдыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлдэг, нийгмийг бага хохироодог гэж үзэж байсан. Гэвч гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг нь манай улсад ч дэлхийн бусад улс орнуудад ч батлагддаггүй. Үүнийг Д.Жаргалсайхан АНУ-ын мужуудын статитистикийг түшиглэн дурдсан. Түүнчлэн орчин үеийн онолууд гэмт хэрэг үйлдсэн эсэхээс үл хамааран салшгүй эрх, түүний дотор аливаа хүний амьд явах эрх, хүний эрхэм чанарыг нийгмийн сайн сайхан байдлын нэрийн өмнөөс дэнчин тавьж болохгүй гэж үзэх нь түгээмэл болжээ. Энд ютилитарианизмыг үндэслэгч, философич Bentham –ийн дэвшүүлсэн санааг авч үзүүштэй. Тэрээр бичихдээ …галзуу солиотой (нийгэмд аюултай) хүнийг цаазлах талаар хэзээ ч авч үздэггүй, тэд зөвхөн хоригдож байдаг. Шорон ял шийтгэлийн зорилгыг хангалттай биелүүлж чадна гэжээ. Энэ хүрээнд авч үзэх ёстой өөр нэг асуудал нь хичнээн гэмт хэрэгтний амьд явах эрх нэг гэм зэмгүй хохирогчийн амьтай тэнцэхийг хэлэхэд төвөгтэй. 

Гэмт хэрэгтнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх (incapacition)

Цаазын ялыг халсанаар хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн шийтгэл насаар нь эсвэл урт хугацаагаар хоригдох ялаар солигддог тул тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж чаддаг. Цаазын ялыг дэмждэг хүмүүс гэмт хэрэгтнийг хорих зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх ёсгүй маргадаг. Гэвч ийм үндэслэл гаргах нь ёс суртахууны хувьд байж болшгүй хүнлэг бус зүйл юм. Ямар ч хүний амь гэмтэй эсэхээс үл хамааран мөнгөөр илэрхийлэгдэх ёсгүй.

Дүгнэвэл, философийн эдгээр онолуудын аль нь ч цаазын ялыг зөвтгөх хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Тиймээс цаазын ялыг сэргээх санаачлагаас илүүтэй, эрх зүйн системээ сайжруулах зорилт нь илүү чухал гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ялын төрлөөс илүү гэмт хэргийг илрүүлж чаддаг, хууль шүүхийн байгууллага алагчилдаггүй байх нь илүү чухал юм. Дээрх телевизийн мэтгэлцээний үеэр нэгэн оролцогч хүний амийг үгүй хийх тухай ярихын өмнө төр гэмт хэргийг бууруулахын тулд чадах бүхнээ хийж чадсан уу гэсэн хэрсүү асуултыг энд сануулах нь зөв болов уу. Энд авч үзээгүй өөр нэг асуудал бол гэм зэмгүй хүн шийтгэгдэх магадлал, энэ талаар доктор О.Мөнхсайхны ярилцлага, нийтлэлээс илүү тодорхой мэдээлэл авахыг хүсье.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2813

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%