Нийтлэл 01 сарын 10, 2018

Хэлмэгдэгсэдийн ар гэрт нөхөн олговор олгоно

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн төрсөн хүүхэд болох 400 орчим хүн өдгөө Монголд амьдардаг. Бага насандаа өнчирсөн, эцэг, эх нь эд хөрөнгөө хураалгасан, сургуульд орох боломж нь хязгаарлагдсан, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдсон гэх зэргээр багагүй хохирол амссан эдгээр иргэнд орон сууц болон түүнтэй тэнцэх нэг удаагийн мөнгөн олговор олгох эрх зүйн орчин удахгүй бий болох нь.

Тодруулбал УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн санал авсан тул чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ.

Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орон сууц, түүнийг орлосон мөнгөн олговор авсан хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, үр хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ач, зээ нарт энэ заалт хамаарахгүй тул улсын төсөвт их хэмжээний дарамт учруулахгүй хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойших 18 жилийн хугацаанд нийт 18 178 иргэнд 16.4 тэрбум төгрөгийн нөхөх олговор олгожээ. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгсэд болон нас барсан хүний гэр бүлийн 153 иргэнд орон сууц, 204 хүнд орон сууц орлохуйц хэмжээний мөнгөн олговор өгөөд байна.

Сэтгэгдэл бичих

    • цоож
    • 2018-04-16

    хаана хэнд хандаж нөхөн олговороо хөөцөлдох вэ

arrow icon