Нийтлэл 01 сарын 12, 2018

Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бол “ДИЗАЙНЕР”

Сая уншсан номон дээр “Хүүхэд бол нүцгэн худалдан авагч” гэсэн хэллэг гарч ирэв. Боловсрол, хүмүүжлийг хувцастай зүйрлүүлээд, үнэхээр “Хүүхэд бол нүцгэн худалдан авагч” юм байна гэж бодлоо. Хувцас загварт тухайн нийгэм, цаг үе, залуусын хандлагад тохирсон мода, хэв загвар байдаг шиг боловсролд ч гэсэн тухайн цаг үе, нийгмийн хүүхэд залуусын хандлага хэв загвар гэж байдаг санагдана. Энэ утгаараа ч боловсролыг хувцастай зүйрлэж болох мэт.

Та дэлгүүрт тань ирсэн худалдан авагчид үйлчлэхдээ, биеийн хэмжээг нь авч, дизайн гаргаж, даавуугаа эсгээд, тухайн худалдан авагчийн онцлогт тохирсон хувцас оёж эхэлнэ. Ингэхдээ, та худалдан авагчийнхаа хүсэл, сонирхолыг асуухаа мартаж болохгүй. Та зөвхөн өөрийн хүсэл, шийдлээр загвараа бүтээчихээд өмсгөх гэтэл худалдан авагчид чинь таалагдахгүй бол, аль алиных нь хувьд хоосон хөдөлмөр, цаг үрсэн ажил болно. Хүүхдийн боловсрол үүнтэй яг адил. 

Боловсролд ч гэсэн бид хүүхдийнхээ онцлог байдал, сонирхолыг нь үл тоомсорлон, өөрсдийн шийдвэрийг баримтлан, эсвэл дуртай зүйлрүүгээ зааж залаад байвал таарахгүй гутал хөл бариж, багадсан эсвэл томдсон хувцас бие зовоодог шиг хүүхдийг тарчлаан зовоох болно.

Бариу хувцас ханзарч урагдахтай адил дургүй зүйлд нь хүчилсэн сургалт нэг л өдөр бутран хугарч алга болно. Хүүхдийг халуун хүйтэнд ажрахгүй байх, солионы олон хувцастай бэлдэх үү, эсвэл цөөн хэдэн хувцасаа урагдаж элэгдтэл нь хэрэглэх хүн болгох уу? Хүнтэй үргэлж тэрсэлдэх бамбай сэлэмтэй бэлдэх үү? Бусдыг ч гэсэн дулаацуулах зөөлөн нөмрөгтөй байлгах уу? Заавал олон хувцастай байх шаардлагагүй ч, тэрхүү цөөн хэдэн хувцасаа халуун дулааны үедээ тааруулчихдаг, урагдсан үед нь барьж аваад оёчихдог байх хэрэгтэй. Хүүхдээ хувцасаа хэрхэн тохируулдаг, ямар чимэглэлээр гоёдог, хэр эдэлж хэрэглэгдэг хүн болгох вэ? Энэ бүхэн бүгд таниас буюу та хэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх вэ гэдгээс л шалтгаална.

Та бол тэрхүү нүцгэн худалдан авагчийн “ДИЗАЙНЕР” нь юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon