Нийтлэл 01 сарын 18, 2018

Ганц модон дээр үүссэн эсэргүүцэл намжиж хилийн боомт чөлөөлөгдлөө

Ганц модон дээр үүссэн эсэргүүцэл намжиж, хилийн боомт чөлөөлөгдлөө. 2018 оны 1 дүгээр сарын 8-аас Ганц модны хилийн боомт дээр Хятад жолоочид Засгийн газрын 320 дугаар тогтоолыг эсэргүүцэн зарлан жагсаал хийсэн. Эсэргүүцэгчид Хятад Монголын орох, гарах гол гарцыг тээврийн хэрэгслээрээ хаан, аль ч талаас нэвтрэх боломжгүй болгоод байсан бөгөөд Оюутолгой үүний улмаас давагдашгүй хүчин зүйлтэй тулгарлаа хэмээн харилцагчиддаа мэдээлж байсан. Харин өнөө өглөөнөөс эхлэн энэхүү эсэргүүцэл намжиж, хилийн боомтоор чөлөөтэй тээвэр хийх боломж бүрджээ.

Энэ тухай Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцгээс тодруулахад:

“1 дүгээр сарын 10-наас хойш манай Гадаад Харилцааны Яам энэ асуудалд онцгой анхаарал тавьж, дипломат хүрээнд шаргуу ажилласан. Бид энд байгаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан бол Бээжинд буй манай Элчин сайдын яам, Хөх хот дахь Ерөнхий Консулын газар бүгд шат шатныхаа байгууллагуудтай уулзаж асуудлыг хурдан шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн. БНХАУ-ын тал хил дээр болж байгаа үйл явдалтай танилцаж, хүмүүстэй нь уулзаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд өнөө өглөөнөөс эхлээд байдал хэвийн, хоёр талдаа зам нь нээлттэй, бараа тээвэрлэлт урьдных шигээ үргэлжилж байна. Харин эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүсийн хувьд манайд албан ёсоор шаардлага хүргүүлээгүй ч тавьж буй шаардлагуудынх нь талаар албан бус мэдээллийг сонссон. Тухайлбал Монгол Улс шууд тээвэрлэлтийг зогсоосон нь хүндрэл учруулж байгаа бөгөөд бүх төрлийн тээврийг хөгжүүлэх, тээвэр эрхлэлтийн зөвшөөрлийг Монгол Улс хязгаарласан тухай, тээвэр эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын талын олон машинд олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд уян хатан бодлого баримтлах шаардлагууд тавьсан гэх албан бус мэдээлэл бий”

гэлээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon