МЭДЛЭГ: Феромон-хүнийг удирдагч

 

 Хэсэг эрдэмтэд ярилцаж суув.

-Ингэхэд яагаад хулганууд сарын тэмдгийн мөчлөгөө өөр хоорондоо зэрэгцүүлээд байгаа юм шиг харагдаад байна аа?

Гэтэл тохиолдлоор дэргэд нь сууж байсан нэгэн оюутан охин юу юугүй хошуу дүрэв.
– Мэддэггүй юм уу? эмэгтэй хүмүүс ч бас тэгдэг шдээ.
Цочсон эрдэмтэд охиныг цоо ширтэж орхив.
– Энэ хэн бэ? сэтгэл судлаач оюутан?  

Энэ бол 1968 он, хүн болон амьтдыг тэр гэх шалтгаангүйгээр тууштай ялгаж салгаж үздэг байсан үе. Хүнийг хулганатай харьцуулж зүрхлэх ухамсар тэнд байгаагүй юм. Үнэндээ тэр оюутан ч юугаа ч мэдэлгүй, зүгээр л тэгж санагддагаа хэлсэн хэрэг.
Үүнээс болсон ч юм уу, түүнээс хойш оюутан охин шинжлэх ухааны мөрөөр эргэлт буцалтгүй замнаж, энэ асуудлын үнэн худалд цэг тавихаар зорьжээ.
3 жилийн дараа магистр болоод байсан тэрээр алдарт Nature сэтгүүлд "Сарын тэмдгийн мөчлөгийн давхцал ба зохицуулалт" гэсэн нэгэн шинжлэх ухааны нийтлэл хэвлүүлэв.
Оюутны байрны 135 оюутан дээр бүтэн жилийн турш анхааралтай ажиглалт хийсний үр дүнд,

Урт хугацаанд хамт байсан эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгт илэрхий өөрчлөлт орж байгааг тогтоосон байна. Тодруулбал, мөчлөгийн эхлэл болон төгсгөл нь давхцах процесс явагдсан аж.

Өнөө үед, эмэгтэй хүмүүсийн сарын тэмдгийн мөчлөг давхцах (synchronize) үзэгдлийг McClintock Effect (Макклинтокийн нөлөө) гэдэг ба, дээрхи оюутан Martha McClintock–ийн нэрнээс авсан юм.
Түүний судалгаанаас үзвэл, сарын тэмдэг давхцах үзэгдэл нь "эмэгтэйчүүд хоорондоо солилцох химийн бодис"–ын нөлөөн дор өрнөдөг юм гэнэ. Гэсэн ч өдийг хүртэл тэрхүү химийн бодис нь чухам юу болохыг мэдээгүй хэвээрээ л байна.
Харин энэ судалгаанаас эхээ авсан сүүлийн 40 жилийн турш

Хүмүүсийн өдий төдий үйл хөдлөл нь, химийн сигналаар дамжигдаж бусадтай холбогдож байдаг

гэсэн бодит үнэнийг ээлж дараалан нээсээр иржээ.
Уул нь хүнээс бусад амьтдын хооронд харилцааны хэрэгсэл болдог элдэв химийн бодисууд аль эртнээс мэдэгдээд байж. Түүнийг Феромон (Pheromone) гэж нэрлэх болоод даруй 50–аад жил өнгөрч байна. 1959 онд Adolf Friedrich Johann Butenandt гэгч эрдэмтэн нэгэн зүйл хүр хорхойн эрэгчин нь эмэгчинээ өөртөө татдаг химийн бодисыг илрүүлж, Нобелийн химийн шагнал хүртэж байсан. 2009 оны Америкийн академийн илтгэлээс үзвэл, түүнээс хойш нийт 1,600 зүйлийн Феромоныг тогтоогоод байна. Тэдний ихэнх нь шавьжтай холбоотой боловч, загасны төрөл, замагны төрөл, фермент мэтийн амьтадын феромон ч бий.
Феромоны нөлөөгөөр амьтад биесээ харилцан татахаас гадна, аюулыг дамжуулах, төрлөө ялгах, төлөвөө өөрчлөх гэх мэт олон зориулалтаар ашигладаг.
Гэвч, 1970–аад оны үед "Сүүн тэжээлтэний феромон" гээд ярьвал түмний булай болдог байв. McClintock–ийн судалгаа энэ тэр бол утга зохиол талдаа илүү ойрхон сонсогдож байсан биз.
Тийм юм гэж байхгүй. Нарийн бүтэцтэй дээд төрөлт хүнийг хорхой шавьжтай зүйрлэж яаж болно? Тэр аварга том биет тийм өчүүхэн химийн бодисыг мэдрээд реакц үзүүлэх ямар ч үндэсгүй.
Гэсэн ч 80–аад оны дундуур хулгана, харх, хэрэм гээд сүүн тэжээлтнүүдийн феромонууд илэрч, түүгээр зогсохгүй тэдгээр нь нөгөө хорхой шавьжны феромонтой тун төстэй бодисууд байж таарав. Аварга том азийн зааны феромон нь нөгөө хүр хорхойныхтой ив ижилхэн химийн бодис байх жишээтэй.

Түүний адилаар хүмүүс ч бас химийн бодисоор дамжуулж хоорондоо харилцдаг болох нь тогтоогдсоор байна.

Хүний биеэс ялгарах үнэр нь ойролцоогоор 120 төрлийн химийн бодисоос тогтдог бололтой. Тэрний ихэнх хэсэг нь усны агууламж ихтэй хөлс болон,  тосоор баялаг үсний нүхэнд (apocrine булчирхай) байж, үсний нүхэн дэх apocrine булчирхай нь суга болон хөхний ойролцоо төвлөрсөн байдаг.

Нялх хүүхэд ээжийнхээ үнэрт дуртай. Үнэр нь шингэсэн ээжийн хувцас зэрэг бол нандин бараа байдаг. Сонирхолтой нь, хуурай сүүгээр хооллож өссөн хүүхдийн хажууд хөхний сүүгээр бойжиж өссөн хүүхдийн үнэр ялгах чадвар хол тасархай байдаг гэнэ

Хэдий элдэв хиймэл үнэр (саван, гоо сайхны бараа гэх мэт) бялхаж байгаа өнөө үед ч гэсэн, тархи нь хүнээс ялгарах үнэрийг гарцаагүй мэдэрдэг

Энэ чадварынхаа ачаар бид бүхэн харилцан нягт холбоотойгоор өөр хоорондоо зохицож, хувьсалын хэмнэлийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж чадаж ирсэн гэх судлаач ч бий.

Эрдэмтэн Chen (Rice Их сургууль) "аймшгийн кино" үзэж буй хүмүүсийн хөлсийг цуглуулаад туршилт хийж үзэж. Тэгтэл тэдгээр хөлсийг үнэртсэн хүмүүс хөлсний эзнийг "тэр үед айж байж, баярлаж байж" гэх мэтээр зөв хэлж чадсан байна. Үнэхээр ч аймшигийн кино үзээд ялгарсан хүйтэн хөлс нь, инээдмийн болон баримтат киноны хөлснөөс илэрхий өөр юм гэнэ. Тиймдээ ч "аймшигийн хөлсийг" тааж буудах хувь хэмжээ нь эрс өндөр байсан аж.
Мөн дээрхийн дагавар туршилтаас
– Айдсын үед ялгарсан хүйтэн хөлсийг үнэртсэн хүний сэрэмж өндөрсөж ирдэг болох нь ч тогтоогдов. Өөрөөр хэлбэл бид айсандаа хүйтэн хөлс чийхардаг нь, бусдад аюулын дохио түгээж байгаа хэрэг байх нь.
Харин Израел эрдэмтэн Sobel–ийн үгээр бол
– Эмэгтэй хүний нулимс нь, эрэгтэй хүний бэлгийн дур сонирхлыг навс унагадаг
юм байх. Нулимсны үнэр авсан эрэгтэйн бие дэх эр гормоны нэг төрөл testosterone–ний агууламж илт буурдаг гэнэ. (Урьд ярьж байсанчлан) Testosterone нь эр хүнийг идэвхитэй, түрэмгий болгодог гормон юм. Энэ сигнал нь магадгүй, эмэгтэй хүний сарын тэмдэг ирэх гэх мэтээр үржлийн үйл ажиллагаа суларсан болохыг дамжуулах зориулалттайгаар хөгжсөн байж ч магадгүй.
Өдгөө 63 настай өнөөх хатагтай McClintock, сүүлийн үед Androstadienone гэх бодисын анализад анхаарлаа хандуулаад буй гэх. Энэ бодис нь өнөөг хүртэл мэдэгдээд байгаа хүнд нөлөөлөхүйц химийн бодисуудын дотроос хамгийн хүчтэй нь юм гэнэ. McClintock–ийн үгээр бол түүнийг "Хүний феромон" гэж нэрлэвэл зохино.

Androstadienone–ий үнэр авсан хүн илэрхий сэргэж ирдэг. Тархины зурагнаас нь харвал анхаарал сэрэмж, сэтгэл хөдлөл, дүрс боловсруулах хэсгийн үйл ажиллагаа идэвхжиж ирдэг нь ажиглагддаг гэнэ.

Гэсэн ч McClintock, "хүний феромон" гэдэг үг ашиглая гэж яарахгүй байгаа бололтой. Шинжлэх ухааны ертөнц үүнийг хараахан нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөөгүйгээс хойш.

Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг давхцах үзэгдэл ч гарцаагүй өрнөдөг эд биш болохыг үзүүлсэн судалгаа ч бий. Яалт ч үгүй, хүн гэдэг дээд төрөлт нарийн бүтэц бүхий ээдрээтэй орон зай юм болохоор, феромоны нөлөөн доорхи "шалтгааны холбоо"–г тийм ч амархан (хорхой шавьж дээрхи шиг) баталчихдаг зүйл биш бололтой.

Хүний нүдээрээ харж, чихээрээ сонсох ертөнцөд хязгаар бий нь тодорхой биз. Харин "хамраараа сонсож" мэдрэх ертөнц хавьгүй уудам байхыг үгүйсгэхгүй. Үнэр гэдэг туйлын анхдагч мэдрэмж нь, тархины хамгийн суурь хэсэг болох "хуучин эд" дээр шууд очдог гэгддэг.

Хүний ухамсар гэж тархины "шинэ эд" гэдэг хэсгийг заадаг гэх ба, үнэр нь тэрхүү ухамсраар огт дамжилгүй шууд хүний сэтгэлийн төлөвт нөлөөлдөг юм байна. Жишээ нь эфирийн тос (essential oil) гэдэг ургамлын гаралтай тосны үнэр тархины хуучин эдэд шууд хүрдэг учраас, лаванда (ургамал)–гийн үнэр авсан хүн хүссэн хүсээгүй тайвширдаг.
Эмэгтэй хүнийг мэдрэмтгий гэдгийг ч бас далд ухамсраараа бид бүхэн зөвшөөрдөг. Тэр нь бодвол, эмэгтэй хүн үржлийн хэлхээг залгах үүргийг өөрийн биедээ хүлээдэгтэй холбоотой бөгөөд, тэр зорилгоороо эрэгтэйчүүдийг удирдан чиглүүлэх шаардлага байсных биз. Яг л тэр хөлсөөрөө, бас нулимсаараа дохидог шиг. Хүний феромон гээчийг анх үнэрлэж нээсэн нь, өөр хэн ч бус эмэгтэй хүн байсан нь ч тохиолдлын биш болов уу... (шинжлэх ухааны ертөнцөд эмэгтэйчүүд тун цөөхөн).
Хүний феромон гэдэг санаа, хүн болон байгалийн хоорондох шилэн ханыг улам нимгэрүүлэх мэт. Сүүн тэжээлтний феромон нь шавжныхтай ижил буюу тун төстэй гэх бодит байдал, цаагуураа хүний феромон ч бас тэднээс төдийлөн өөр байх учиргүй болохыг илтгэнэ. Эндээс хүн болон бусад амьтдын хоорондох нийтлэг хэсэг хэр том болохыг мэдэрч болмоор.
Хүнийг нарийн төвөгтэй болгож байгаа нь, ердөө л тэр нийтлэг хэсэг дээр тохогдсон "шинэ эд"–ийн үр нөлөө биз. Анхдагч бүтэц бүхий тархийг цоо шинэ давхраа бүрхэж, харилцааны хэрэгслээ хэл яриа болгон өргөжүүлж...,ер бүхий л талаараа хүн бусдаас нэг давхарга зузаан. Харин тэрхүү баялаг бөгөөд ээдрээтэй хүнийг, ээдрээтэй олон зовлон бас дагалдаж байдаг нь ч бодит үнэн.
Хүний феромоны энгийн хялбар механизмд уулга алдаж, бас сэтгэл амармаар

Бидний үргэлж хайдаг туйлын үнэн гээч нь, тэр олон давхрагуудын цаана халхлагдсан төдий л болохоос, үнэндээ энгийн хялбар зүйл байхаас зайлахгүй ээ

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%