Нийтлэл 01 сарын 29, 2018

О.Магнай: Хүрэлсүхийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх ямар ч дүр зураггүй 100 хоногийг үдэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны талаар АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийсэн. Тодруулбал Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх 100 хоногийн өмнө танхимаа бүрдүүлэхдээ юу ярьж, юу амлаж байсныг АН-аас нэхэн сануулав. Мөн 2016 оны сонгуулиар парламентад хангалттай олонх болсон МАН бүрэн эрхийнхээ улс орны амьдралд нөлөө үзүүлэхүйц олон том реформын шинжтэй ажил хийж болох байсан ч ярьсныхаа эсрэг явж байна гэж АН үзлээ. Тухайлбал, татвар нэмэх, дахин утаагүй зуух тараах, иргэдийн татварыг нэмсэн атлаа Засгийн газрын сайд нь өндөр үнэтэй жийп хөлөглөж буй нь МАН Засаглаж чадахгүй байгааг харуулсан хэрэг гэв. Мөн танхимынх нь сайд нар нь юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байна хэмээн хатуухан шүүмжлэв.  

О.Магнай:

 

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар сайд болсноос хойш 100 хоног өнгөрөхөд 30 хоногт нь гадаад байсан. Мөн Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгож байна. Тэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэрээ 800 тэрбумын концессийн асуудлыг сөхөж, тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгааг шүүмжилж, төрийн албыг чадавхижуулна гэсэн. Харин тэгж ажиллаж чадсангүй.

Адаглаад, макро эдийн засгийн үзүүлэлтээс энэ Засгийн газрын ажлыг дүгнэж болно. Тухайлбал, 2016 оны зургадугаар сард ам.долларын ханш 1850 байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон, инфляци 1.2 хувьтай байсан бол одоо долоон хувьтай. Ядуурал гурван пункт, ажилгүйдэл таван пунктээр нэмэгдсэн байна. Энэ бол МАН-ын Засгийн газар ажлын байр нэмээгүй, макро эдийн засгаа дэмжих нэг ч бодлого хэрэгжүүлээгүй байна гэсэн үг юм. Энэ Засгийн газар зуух тараасан, Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн, татвар нэмсэн. Том төслүүдээ хөдөлгөх ямар ч дүр зураг гаргалгүй 100 хоногийг үдэж байна. Ерөнхийд нь дүгнэвэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар маш муу ажилласан" гэлээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-02-05

    Магнай бусдыг харлуулж шоу хийхээс өөр юм чадахгүй. Ядаж жил болсоных нь дараа юмаа яриач.

arrow icon