Нийтлэл 02 сарын 06, 2018

Амьдрал сайхан: Одоо ч зүүдэндээ аавтайгаа уулзаж надад хэлэх зүйлийг нь сонсох гэж хичээдэг

 Амьдрал сайхан булангийн маань дараагийн зочин нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны бага охин Д.Дэжидмаа. 

Аавтай хүн бардаж туулдаг хорвоог аавгүй хүн аргадаж туулдаг аа гэж үнэхээр  үнэн үг юм. Гэхдээ миний хувьд аав минь үргэлж амьд сэрүүн, үргэлж хамт байдаг. Учир нь аав маань   үр хүүхэддээ агуу их энэрэл хайраа мэдрүүлж, халамжилж чадсан учраас л охиныхоо зүрх сэтгэлд агуу баатар нь хамгийн том орон зайг нь эзлэх цорын ганц гайхамшигт эр хүн, аав хүн нь байж чадсан. Аав бидэнд амралтын өдрүүдээр  хоол цай хийж өгнө. Энэ өдөр бол нар минь мандана. Угаасаа аав гэрт байхад гэр халуун дулаан нэг л сайхан сэтгэл дүүрнэ. Аав маань ээжид их санаа тавьж халамжлана.  Аавын хувьд ээж яруу найргийн онгод нь байсан гэмээр. Түүнтэй хамт байхад нүд сэргэж сэтгэл нь баясаад л. Ээжийн ажил гэрээс их хол тул аав  хааяа ажлаасаа түрүүлж ирээд сэтгэлээ ихэд чилээдэг байсан. Дуугаа хураагаад ээж нь хаачсан гээд л. Энэ үед яанаа ээж хурдан ирээсэй хааччихваа гэж сандарна.  Аавынхаа санааг зовооно гэдэг үр хүүхдүүд бидэнд амаргүй шүү дээ.

Амралтын өдрүүдэд хааяа гэр бүлээрээ бүдэг лааны гэрэлд аавын гитар тоглож дуулахыг сонсч, эсвэл сонгодог хөгжим тавьж аавын яриаг сонсч суух нь үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай үе минь байж дээ. Шүлэг найраг,  уран бүтээлийг нь олон сайхан зохиолчид уран бүтээлчидтэй гэртээ хөөрөлдөхийг хажуунаас нь сонсч өссөн болохоор би өөрийгөө угийн их өөр мэдрэмжтэй дээр бас азтай гэж хувьдаа боддог.  Би одоо ч аавтайгаа зүүдэндээ учирч надад хэлэх зүйлийг нь сонсох гэж хичээдэг. Зүүдэнд минь голдуу инээж бас санаа тавьж ирдэг аав минь та миний хайрын бурхан шүү үүрд.

arrow icon