Нийтлэл 02 сарын 09, 2018

САЙН ААВ: Аавтай үеийн хорвоо аавгүй үеийн хорвоо хоёр дэндүү ялгаатай

 Сайн аав булангийн энэ дугаарт нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны бага охин Д.Дэжидмаатай  ярилцлаа. 

 Аавын тань тухай охиноос нь сонсох гэж буйдаа баяртай байна?

Аавтай хүн бардаж туулдаг хорвоог аавгүй хүн аргадаж туулдаг аа гэж. Үнэхээр  үнэн үг юм. Гэвч миний хувьд аав минь үргэлж амьд сэрүүн, үргэлж хамт байдаг. Учир нь аав маань үр хүүхдэдээ агуу их энэрэл хайраа мэдрүүлж, халамжилж, чадсан учраас л охиныхоо зүрх сэтгэлд агуу баатар болж үлдсэн. Үнэхээр аавтай үеийн хорвоо  аавгүй үеийн хорвоо хоёр ньчас халуун өдрүүд, тэсгим хүйтэн өдрүүд шиг хоёр туйл.

 Аав тань та бүхний авьяас чадварыг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаардаг байсан. Магадгүй шүлэг бичих нууцаасаа ч хуваалцаж байсан байх ?

Аав минь бусдаас өвөрмөц баригдмал зан араншингүй яг л өөрийнхөөрөө цогтой золбоотой, бас бүх хүнд чин сэтгэлээсээ ханддаг тэр гайхамшигт харилцаа нь бидний хүмүүжилд их нөлөөлсөн гэж боддог.
Хүүхдээ өргөн магтаж сайшаадаг нь надад маш сайн нөлөө үзүүлж өөртөө итгэх итгэлтэй байдлыг надад өгсөнд аавдаа баярладаг. Жишээ нь: Миний бичгийн хэвийг хараад үнэхээр гоё бичгийн хэвтэй нямбай гэж хэлэхэд л аавдаа магтуулсан би тэнгэрт нар мандуултал баясна.
Бас надад шүлэг бичихэд авьяасыг минь үнэлж миний аав надад урам хайрлан дэвтэр бэлэглэж би түүн дээр нь шүлгээ бичих үүрэг авсан юм. Гэвч тухайн үедээ бичээд маш олон жил бичээгүй гадаад дотоод явсаар хэсэг төсөөрчээ.

Аавын тань хамгийн сайхан зан чанар нь ?

 Эх орноо хайрлан хамгаалах чин сэтгэл, шудрага үнэнч, дээд доод ялгал үгүй ард түмэндээ хайртай байж тэднийг чин сэтгэлээсээ хүн болон амьтдыг хайрлах нинжин энэрэнгүй сэтгэл, үгээр хэлэхийн аргагүй их хайр халамж, голыг нь онож хэлдэг хурц ухаан нь хамгийн сайхан зан чанар нь. 

Аав тань хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлсэн бэ? 

Аав минь биднийг хүмүүжүүлэхдээ өөрийнхөө үйлдээр харуулдаг байсан. Жишээ нь өөрөө ном уншина, өөрөө халамж тавина, бидэнтэй яг л үеийн мэт хааяадаа тоглож хөгжөөнө, бас амьтныг хүмүүсийг хайрлана чин сэтгэлээсээ. Нэг удаа хүүхдүүдэд шоглуулж зодуулсан гөлөг аваад ороод ирсэн. Би их баярласан даа. Бяцхан Монгол банхарын гөлөг хараад өхөөрдөөд л. Аав минь хэлэхдээ хүүхдүүдэд чулуугаар цохиулж гаслаад байхад нь бүгдийг нь загнаад гөлгийг аваад ирсэн нь тэр байж. Харин эмээ маань их шүтлэгтэй хөдөө газар амьдардаг хүн тул нохой бурхан тахилтай гэрт байлгахгүй гадаа л байдаг амьтан шүү дээ гэж хашаатай айлд өгсөн юм. Тэр л үйлдлээр нь би ааваасаа амьтныг хайрлах, хүмүүсийг хайрлах,бусдад байгаагаа өгч сурах, өглөгч сэтгэл, номонд дурлах, хайрлах ухаанд суралцсан даа.

Мөн амралтын өдрүүдээр аав маань бидэнд хоол цай хийж өгдөг байсан юм.  Энэ өдөр бол нар минь мандана. Аав гэрт байхад гэр халуун дулаан нэг л сайхан сэтгэл дүүрнэ. Ээжийн минь ажил гэрээс нэлээд зайдуу учир заримдаа ааваас хоцорч ирнэ. Хааяахан ажил нь эртээ тараад гэртээ ирэхэд нь ээж байхгүй бол аав их л санаа зовно. Дуугаа хураагаад ээж нь хаачсан гээд л  Энэ үед яанаа ээж хурдан ирээсэй хаачихваа гэж сандарждч бодно доо. Аавынхаа санааг зовооно гэдэг үр хүүхдэд их амаргүй шүү дээ.Охин хүүхэд гээд орой үдэш гадаа гарахыг хориглодог байсан учраас би их гэр амьтай, орой үдэш зугаалж гүйгээд тийм зүйлд дуртай болоогүйдээ их баярладаг. Мэдээж том болсон хойноо найз нөхөдтэйгээ гарч орж уулзах ч архи дарс, тамхи муу бүхнээс хол явсныгаа ээж аавын хүмүүжил гэж тэдэндээ баярладаг.

Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаас хуваалцаач?

Амралтын өдрүүдэд хааяа гэр бүлээрээ бүдэг лааны гэрэлд аавын гитар тоглож дуулахыг сонсч, эсвэл сонгодог хөгжим тавьж аавын яриаг сонсч суух нь үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай үе минь байж дээ. Шүлэг найраг, уран бүтээлийг нь олон сайхан зохиолчид уран бүтээлчидтэй гэртээ хөөрөлдөхийг хажуунаас нь сонсч өссөн болохоор би өөрийгөө угийн их өөр мэдрэмжтэй дээр бас азтай гэж хувьдаа боддог. Үр хүүхдээ хайрлах хайр, ээж ааваа хайрлах хайр, эх орноо хайрлах хайр, хүмүүсийг амьтдыг, хүмүүсийн бүтээсэн хөдөлмөр бүтээлийг хайрлах хайрыг би ааваасаа мэдэрч суралцаж өссөн.Аавынхаа шулуухан хэлчихдэг хурц занг хамгийн их өвлөсөн нь Дэжидмаа шүү гэж ойр дотны олон хүн хэлдэг юм. Аавтайгаа одоо ч зүүдэндээ учирч надад хэлэх зүйлийг нь сонсох гэж хичээдэг. Зүүдэнд минь голдуу инээж бас санаа тавьж ирдэг аав минь та миний хайрын бурхан шүү үүрд!

Энэ хорвоод ханиа үлдээгээд үрээ үлдээгээд эх орноо үлдээгээд явсан та минь охин нь хайртай хань чинь болох ээжийгээ халамжлах болно оо гэж амлаж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon