Цагаан сарын цээр ёс

Улс үндэстэн болгонд өөрсдийнхөө хэн болохыг, хаанаас үүсэлтэй, ямар удам судартай, үүх түүхтэй, соёл суртахуунтай улс болохыг мэдэж мэдэрдэг баяр ёслол гэж байдаг. Монгол угсаатны тийм баяр ёслол нь “Монголын цагаан сар” хэмээх баяр болно. Энэхүү баяраар олон сайхан уламжлалт зан үйл, үг хэллэг, дагаж мөрдөх цээр ёсыг чанд сахин биелүүлж ирсэн уламжлалтай. Цөөн өдрийн хичээнгүйллээс олон өдрийн жаргаланг олж авахын тулд цагаан сарын шинийн нэгэнд дараах зүйлсийг цээрлэдэг аж.

Шинээр үйл эхлэх ёстой

Цагаан сараар үйл мэтгэх, оёхдоо хуучин дээл хувцас, эдмэршсэн эд зүйл нөхөхийг цээрлэнэ. Заавал шинэ юм эхлэн оёдог нь сайн сайхны бэлгэшээл болно.

Үс авахыг цээрлэнэ

Цагаан сараар үс авахыг цээрлэнэ. Үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жилдээ өөд болно гэж хэлдэг.

Эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ

Цагаан сарын өдрүүдэд эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзын үүд, гарлагын ам нээгдэнэ гэдэг.

Зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ

Шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ. Заавал шинэ галаас асаана. Учир нь хуучин онд тунасан сайн мууг шинэ онд цэглэн төгсгөж, алив бүхэн шинэдэж эхлэхийн бэлгэ дэмбэрэл болгож буй хэрэг аж.

Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ

 Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хэрэв айл хунараар хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчлэн тэнэнэ гэдэг.

Шинийн нэгэнд уйлж унжих, хэрэлдэж цуугилдахыг цээрлэнэ

 Цагаан сарын шинийн нэгэнд уйлж унжих, хэрэлдэж цуугилдахыг цээрлэнэ. Зөрчвөөс бүтэн жилийн туршид хэл ам, хэрүүл цуугиан үл тасарна гэдэг.

Үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ

Шинийн нэгэнд мөн үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж, орон гэрээ цэмцийлгэн цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэдэл болно.

Шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ

Цагаан сарын шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ. Эл өдрийг “хар өдөр” гэх тул тийнхүү цээрлэдэг байна. Ордос нутагт энэ заншлыг хатуу чанд баримталсаар байна.

Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэнэ

Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэнэ. Бэлгэгүй үг хэлбээс тэр ёсоор өөрт эрхэж уршиг тарина. Амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ гэдэг.

Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ

Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Хэрэв золговоос хагацна, сална, хар элэгтэн болно гэнэ. Цагаалж, шинэлж буй хүн уурлан цухалдаж, агсамнан аашлахыг болон бусад ёсон бусын явдлыг аль болох цээрлэн хичээнгүйлнэ.

Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай

Цагаан сарын шинийн нэгний өглөө золгож, мэндчилэхдээ жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй, насаа нэмж, аль болох сондгой тоотой нас хэлнэ. Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай байдаг.

Цагаан сар ба 13 нас

Монголчууд цаг хугацааны дохио бэлгэдэл болох арван хоёр жилийн хугацал дээр эхийн хэвлийд өсөн торнисон хугацаа буюу “хий нас”-ыг нэмэн тоолж, “арван гуравны жил оров” хэмээн хүмүүний аж амьдралын нэг бүхэл бүтэн үеийг бэлгэшээн үздэг. Мөн хүмүүний аж амьдралын бүхий л хугацааг “Нэг нас арван гурав” бүхий л амьдрах хугацаа гэж хэлдэг. Монгол угсаатны хувьд насны ангилалд нийцүүлэн хийж гүйцэтгэх зан үйл нь эрэгтэй хүнийг голлон анхаардаг бөгөөд энэ нь эцгийн тал буюу ясан төрлийг цэвэр авч явах язгуур угсаагаа өнө мөнхөд ариун дагшин дархлаатайгаар авч явах гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой юм.

Монгол хүн хүүхдийг арван гурван нас хүртэл тухайн хүүхэд ямар хувь төөргөөр хэрхэн амьдрахыг нь шинжин, хүүхдийн зан төрхийн болон оюуны чадвар, бие махбодын онцлогт тулгуурлан, эрдэм номын хүн болох, хүч тамираар гарамгайлах, төрийн албанд зүтгэх, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх, уран бүтээл туурвих зэрэгт бэлддэг байсан. “Төрийн хар хүн болгох хүүхдийн гөхлийг ургуулсаар арваас арван хоёр настайд нь өдөр гараг сонгон байж, “гэзэг” тавиулна” , мөн арван гурван нас хүрэнгүүт эрэгтэй хүүхдийн заяаны хань дуудах зэрэг тодорхой зан үйлийг хийж гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд хүүхдийн арван гурван насыг “чавчирга нас” гэж нэрлэх тохиолдол байна. Чавчирга хэмээх нь “Уяа сур олс дээсний зангилааны чангарал, ором” гэсэн утгатай үг бөгөөд хүний насны үргэлжлэх хугацаан дундах нэгэн онцлог бүхий тэмдэг үе хэмээн ойлгож тийнхүү нэрлэсэн бололтой.


Арван гурав наслангуут нэгэн онцлог үе дуусч, шинэ үе эхлэж буй хэмээн үзэж, эрэгтэй хүүхэд насанд хүрэгчдийн хэмжээний зарим зан үйлд оролцох эрхтэй болдог байжээ. Түүнчлэн “Охин хүүхэд арван гурван нас насалбал эцгийн өвөрт орохыг цээрлэнэ. Хүү арван гурван нас хүрвэл эхийн өвөрт орохыг цээрлэнэ” хэмээн хүүхэд насаа гээхтэй холбоотой цээрийн ёс бий. Энэ нь балчир наснаас өсвөр насанд шилжиж, бэлгийн бойжилтын шат эхэлж байгаа онцлог үе учраас тухайн хүүхдэд бэлгийн хүмүүжлийг чанд хатуу дэг жаягтай, цэвэр ариун, ёс журамтай олгож байсан уламжлалтай холбоотой. Энэ бүх ёс ёслол, үйл явцаас үүдэн арван гурван насыг бүхий л био эрчим хэмнэлийн нэг бүхэл бүтэн үе гэж үзэх үзэл байсан бөгөөд үүнийг батлах нэгэн зан үйл бол цагаан сарын шинийн нэгэн гарахаас өмнө битүүний шөнө арван гурван нас хүрэх эрэгтэй хүүхдэд битүү аман хүзүү чанаж, дэрлүүлэн хонуулдаг бөгөөд шинийн нэгний өглөө аман хүзүүгээ мөлжүүлээд, дараа нь золгохдоо ах настай хүний амрыг эрж золгодог. Энэ нь ам нээлгэж байгаа утгатай. “Хүзүү дэрлээд, хүн болоод” гэж ярьдаг насанд хүрээгүй хүүхдүүдийг “хүзүүнүүд” гэдэг бол томчуулыг “нуруунууд” гэдэг байна. Иймээс “нуруутай хүн, ноён нуруу сайтай” гэдэг хэлц нь томчуулын тухай үнэлгээ юм.

 

 Эх сурвалж: Dulam Sendenjav

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1033

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

11%
МАН
20%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 11%
  • 20%
  • 68%