Нийтлэл 02 сарын 13, 2018

Л.Энх-Амгалан: УИХ-ын намрын ээлжит чуулганаар бие даасан 18 хууль баталж нийт 95 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулж, мэдээлэл хийлээ.


УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 93 өдөр хуралдан завсарлаад байгаа бөгөөд энэ хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөөтэй, нийгмийн өмнө тулгамдаж байсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэсэн, олон нийтийн хүлээж байсан хууль, тогтоолуудыг баталсан болохыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан онцлов. УИХ намрын ээлжит чуулганаараа бие даасан 18 хууль баталж нийт 95 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан байна.

Л.Энх-Амгалан: Энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль нь улс орны эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэсэн томоохон хуулиудын нэг байсан. Төсвийн алдагдал өндөр, эдийн засгийн өсөлт зогссон 2015-2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд засгийн эрхийг авсан УИХ, Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 2016 онд төсвийн алдагдал 2.4 их наяд хүрсэн байсан. Тайлбарлавал, Монгол Улс зургаан төгрөг олдог хэрнээ найман төгрөгийн зардал гаргадаг, 2 төгрөгийг гадаад, дотоодын өндөр хүүтэй зээлээр нөхөж байсан үе. Эдийн засгийн өсөлт нь -1 хувь, валютын нөөц нь 1 тэрбум төгрөгт хүрч буурсан байв. Гадаад валютын нөөц багассан хэрээр төгрөгийн худалдан авах чадвар сулардаг. Харин 2018 оны төсөвт эдийн засаг 4.2 хувиар өснө хэмээн төлөвлөж байгаа. Эдийн засгийн 1 хувийн өсөлтийн цаана 10.000 ажлын байр бий болдог гэсэн тооцоолол байдаг. Тэгвэл эдийн засгийн дээрх хэмжээний өсөлтийн нөлөөллөөр ажлын байр шаардлагатай байгаа 100.000 гаруй иргэний 40.000 нь ажлын байртай, орлоготой болохуйц нөхцөл бололцоо бүрдээд байна.

Мөн өндөр хүүтэй зээлийн төлбөртөө Монгол Улс  2016-2017 онд 1.5 их наядыг төлсөн бөгөөд энэ нь улсын төсвийн 1/4 хувьтай тэнцэж байсан. Харин УИХ 2018 онд төсвийн алдагдлыг тодорхой хувиар бууруулснаараа улс орны эдийн засгийн амьдралд эерэг ач холбогдолтой юм.
Харин 2018 онд 780 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Энэ хүрээнд бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэнэ. Нийслэл, аймаг, шаардлагатай сумын төвүүдэд цэцэрлэгүүдийг барих бөгөөд 0-6 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхийг сугалаагаар хязгааралдаг байсан явдал 2018 оны есдүгээр сараар тасалбар болно. Гурван ээлжээр хичээллэлдэг ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдэх хүрээнд энэ онд улсын хэмжээнд 32 сургуулийг шинээр барина.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2017 оны намрын чуулганаар  гаргасан

Тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн

Улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 350.000 ахмад настан байдаг бөгөөд тэдний тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сараас 27.000 төгрөгөөр нэмж байгаа. Мөн насны хишигийг 2016 оноос олгосон бөгөөд цагаан сараас өмнө олгох асуудлыг төсвийн хуулиараа шийдсэн. Эдгээр боломж ингэж бий болсон.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай анх нэлээд хатуу нөхцөлөөр тохирсон байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд богино хугацаатай, өндөр хүүтэй авсан байсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр сольсон. Ингэснээр төсөвт ирэх зээлийн төлбөрийн дарамтыг бууруулсан. Үүний үр дүнд жилд 130 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдсэн. Хэмнэлтийн энэ орлогоо ахмад настнуудын тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалин, улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулж байна.

Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон
Эдийн засгийн эерэг өөрчлөлт бий болсон тул нийгмийн шинж чанартай асуудлуудыг шийдвэрлэхээр ОУВС-тай дахин тохиролцож чадсан. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох бололцоотой боллоо. Ажилласан жил нь тэтгэвэрт гарах болзол хангасан тохиолдолд эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах эсэхээ тухайн иргэн сонгох эртхэй болсон. Мөн тэтгэврийн насыг жил бүр 6 сараар сунгах зохицуулалтыг бууруулж 3 сар болгохоор тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурал бодлогын баримт бичгүүдийг баталлаа.

Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлсэн

Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 оны улсын төсөвт холбогдох санхүүжилтийг тусгасан гэв. Өнөөдөр улсын хэмжээнд 135.000 ээж сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж, 3 болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аав болох 17.000 иргэнд улирал бүр 240.000 төгрөгийн тэтгэмж олгох хуулийг 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан.

Малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулав
Улсын хэмжээнд 130.000 орчим малчин өрхийн 300.000 гаруй малчин энэ салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Малчдынхаа тэтгэврийн насыг 5 насаар наашлуулах хуулийг баталсан. Эл хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 13.000 малчин энэ хүрээнд тэтгэвэртээ гарах эрх нь нээгдэж, үүнд шаардлагатай 137 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг  2018 оны улсын төсөвт тусгасан гэдгийг Л.Энх-Амгалан дарга хэвлэлийнхэнд мэдээллээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 62 тэрбум төгрөгийг төсөвт суулгав
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 62 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсвийн эх үүсвэрт баталсан. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл буурах, үүний нөлөөллөөр ядуурал багасах боломж бүрдэж байгаа гэдгийг онцоллоо.

 Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр оруулж ирж буй тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан
УИХ намрын чуулганаараа агаарын бохирдлын асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажилласанд олон нийт дэмжиж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталсан бөгөөд урьд жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төсвийн хяналтыг хийх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, цаашид агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд, дунд хугацаанд болон урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэн Засгийн газартай хамтран ажиллахаар тусгасан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр оруулж ирж буй тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, энэ чиглэлийн дотоодын үйлдвэрлэлийг мөн татварын бодлогоор дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулан иргэдээ орон сууцжуулахад онцгойлон анхаарах чиглэлээр ажиллах шийдвэрүүдийг гаргасан.

Монгол банкны бие даасан, хараат бус байдал сайжирсан

Монгол банкны бие даасан, хараат бус байдал сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мөн танилцуулсан. Ээлжит чуулганы хугацаанд баталсан өөр нэг чухал эрх зүйн баримт бичиг бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байсан бөгөөд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой болсон.

Сэтгэгдэл бичих

arrow icon