Н.Наранбаатар: Бидний амьдралд байдаг нууцлаг зүйлийг уран сайхны аргаар илэрхийлэхийг зорьсон

Яваад өгөөч гээд байхад явахгүй, ирээд өгөөч гээд байхад ирэхгүй тийм хайрыг үзсэн үү.

Дорлиг бол хэдийнэ анхны хайр дурлалтайгаа учирч, гэр бүл зохиосон хүн.  Дөч гарсан эр, дөрөө дарсан ат гэж монголчууд хэлдэг. Энэ насандаа яваа Дорлиг яагаад гэнэт гэргий Дулмаагаас салж, ээдрээт амьдралаар амьдрах болов. Гэр бүлийн амьдралд ямар сонголт, сорилт гарч ирдэг вэ. Энэ бүх асуултын хариултыг “Би эндээс явахгүй” жүжгээс авах болно. Хосын хорвоод хүн бүр хань ижилтэй болж, амьдрал зохиох нь нартын жам юм. Гагцхүү ганц олдсон амьдралд хөл алдахгүй явахыг энэ жүжиг сургамжилна.

Монгол улсын драмын эрдмийн театр театрын урлагийн нэрт найруулагч, зохиолч Э.Оюуны  100 насны ойд  зориулан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн зохиолыг шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээлд хүргэхэд бэлэн болжээ. Жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Уран сайхны удирдаач ардын жүжигчин Н.Сувд, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан нар ажиллаж байгаа бол гол дүрд О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг нар тоглох аж.


Найруулагч Н.Наранбаатар: Бидний амьдралд байдаг нууцлаг зүйлийг уран сайхны аргаар илэрхийлэхийг зорьсон

Аливаа урлаг өөрөө сахилга бат дэг журам дээр суурилаж байж сайн уран бүтээл төрдөг. Э.Оюун гуай бол театрын ёс зүйг яс баримтлуулагч хүн байсан. Яагаад ёс зүйг баригч гэж  хэлж байгаа юм бэ гэхээр үүнд хүн чанар, хүн байхын тухай асуудал гарч ирдэг. Уран бүтээлч хүн өөрөө хүн байж, хүн гэж хэлэгдэх тэр чанаруудыг өөртөө шингээсэн байж хүмүүст сайн сайхны тухай хүргэдэг болохоос өөрийн муу чанараа ихдүүлсэн хүн сайн уран бүтээл хийж чадахгүй. Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй” жүжиг бол 1958 оны нийгмийн амьдралыг харуулсан бүтээл юм.  Би энд явахгүй зохиол 1958 оны нийгмийн амьдралд ямар юм сонин байна, юм ямар юм содон байна, юм жигшүүртэй байгаа юм гэдгийг  их нарийн харуулсан. Энэ санаа орчин цагт нийгэмд болж буй үйл явцтай тохирч байгаа юм. Нийгэм бол маш олон бичил зүйлтэй том ертөнц. Эдгээрээс их чухал зүйл бол гэр бүл.

Гэр бүлийн үнэ цэнэ, эрхэмлэх, нандигнах утга учир гээд хүний амьдрал өөрөө их баялаг гэдгийг энэ жүжгээрээ харуулахаас гадна бидний амьдралд байдаг нууцлаг зүйлсийг уран сайхны аргаар илэрхийлэхийг зорьлоо.

 

Жүжигчин Б. Одончимэг: Сэржмаа бол миний тайзны уран бүтээлд тоглож байсан дүрүүдээс хамгийн онцгой нь

Энэ жүжиг тэр чигээрээ гэр бүлийн нандин харилцаа, үнэ цэнэ, утга учир, бие биенээ ойлгох, найз нөхдийн мөн чанарыг харуулсан. Нөхөрлөлийн үнэ цэнэ, амьдралд юу чухал вэ гэдгийг үзүүлэхийг зорьж байгаа. Миний хувьд гол дүрийг нөхөж тоглож байсан бүрэн хэмжээний, хүмүүсийн хэлж заншсанаар эсрэг дүрд тоглож байгаа. Сэржмаа бол миний тайзны уран бүтээлд тоглож байсан дүрүүдээс хамгийн онцгой нь.  Бид хоёр үзэл бодол, сэтгэл хөдлөл, аливаад хандах хандлага тэс өөр бүсгүйчүүд.

 Жүжигчин Н.Баярмаа: Дулмаагийн дүр дээр ажиллах явцдаа гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй ойлгож мэдэрч байгаа

Театр бол нийгмийн хөтөч түүчээ гэдэг. Тиймээс бид залуу гэр бүлүүд битгий салаасай, сонголтоо зөв хийгээсэй гэдэг үүднээс сэрэмж дохио өгч энэ жүжгийг тайзнаа тоглох гэж байна.  Ер нь бол эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг, эсрэгээрээ эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг, хоёр өөр хүн ойлголцож зохицож амьдрахын тулд ямар их тэвчээр, ухаан шаарддаг вэ гэхчилэн тэр бүхнийг энэ жүжигт харуулдаг.

Дулмаагийн дүр дээр ажиллах явцдаа гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй ойлгож, мэдэрч байгаа. Гэр бүл гэдэг хээгүй хэнэггүй, хөнгөн хуумгай хандаж болохгүй, ямар эмзэг, нандин зүйл болохыг хүмүүст ойлгуулахыг хичээж байна. Манай жүжгийг ерөнхийд нь аваад үзвэл эерэг дүр эсрэг дүр гэж байхгүй. Хүн бүр алдаа гаргадаг хүн бүр дутагдалтай. Харин дурлал, хайр хоёрын үнэ цэнийг ялгаж салгаад, ухаантай, хариуцлагатай байж, ямар шийдвэр гаргах вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг байх. Нууц амраг гэсэн нэрэн дор бүгдийг нь муу хүн, эсрэг дүр гэж ойлгож болохгүй юм шиг санагддаг. Магадгүй нэгнийх нь хувьд амьдралд ганц тохиох жинхэнэ хайртайгаа хожуу учирсан байж ч болох.

 Жүжигчин О.Гэрэлсүх:  Хорин жилийн дараа театрийн алтан тайзан дээр гарах гэж байна

Энэхүү жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндсөн. Би 1998 онд Ромео Жульетта жүжгийн Ромеод тоглож байсан бол яг 20 жилийн дараа Дорлиг хэмээх 40 настай эрийн дүрээр дахин гарах гэж байна. Дорлиг бол   доргиж яваад гэр бүлийн ээдрээт амьдралд орооцолдож сүүлдээ гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог эмч залуу. Миний хувьд 20 настай Ромеогоос 40 настай Дорлиг руу шилжих гэж байна. Театрын алтан тайзан дээр хорин жилийн дараа гарах гэж байгаадаа их баяртай байна 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2480

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%