Нийтлэл 02 сарын 28, 2018

2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо

Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд  ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Жил ирэх тусам утааны асуудал хүн бүрийн толгойны өвчин болж утааг яаж багасгах талаар тал талын санал зөвшилцсөн ч төдийлөн ажил хэрэг болсонгүй өдийг хүрсэн. Харин энэ асуудлыг бага ч гэсэн шийдэх үүднээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо. 

Харин энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

Мөн сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байгөө төдийгүй халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд  тухайн өрхөд ашигтай. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг тонн нь 170 мянган төгрөгөөс 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш тонн нь 220 мянган төгрөг-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Түүнчлэн түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon