АМЬДРАЛ САЙХАН: Дурсамж бүхэн нулимсны мөртэй

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн ахлагч Ариунаагийн Балжинням  өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм.

 Таны амьдралыг харах өнцөг, үзэл бодлоосоо хуваалцаач?

Намайг “амьд” байлгаж байдаг зүйл бол миний дотоод ертөнц. Амьдрал гэдэг элээсэн он жил, сар хоног, тэр тусмаа цаг хугацаагаар бус, “амьд” хэмээн цохилсон мэдрэмжүүдийн цогц гэж хардаг.

Харах өнцөг хүмүүжил болон хандлагаас эхлэлтэй бол үзэл бодол харин мэдлэг туршлагаас үндэслэж тогтдог гэж бодож байна. Амьдралыг харах хоёр нүд гэж зүйрлэмээр юм уу даа.. Өөрийн гэсэн үзэл бодолтой байхаас гадна түүнийгээ бусдад хэрхэн зөв хүргэж ойлгуулах вэ гэдэг хүнээс бас их ухаан шаардана. Тэгэхээр бусадтай харилцахаас гадна өөртэйгөө харилцаж сурах шаардлага бас их чухал. Өөртэйгөө байж, өөрийгөө сонсож, харж, мэдэрч, ойлгохгүй байгаа хүн бусдыг ойлгож мэдрэхэд тэр хэрээр хэцүү байх учраас харилцаанд ч гэсэн ээдрээтэй хэцүү байдлууд үүсдэг байх. Өөрийгөө гэрэл гэгээтэй, зөв сайхан бүхнээр дүүргэж байж гэмээ нь амьдралыг илүү өөдрөгөөр харж, итгэл, хайр, урам зориг дүүрэн амьдарна гэсэн үзэл бодолтой доо. Бид чинь оюуны туршлага хүртэж буй хүмүүс биш, хүний туршлагыг амсаж буй оюуны оршихуй шүү дээ.

Урлаг, утга зохиолд яагаад дурлаж, бичвэр нийтлэл бичих болсон бэ?

Урлаг, утга зохиол чинь хүний амьдралыг харах нүдийг илүү ихээр нээж өгдөг гайхалтай зүйлс шүү дээ. Өөрийгөө болон бусдыг олж нээх, таньж мэдэх, сэтгэлийн болоод гоо зүйн таашаал эдлэх, мэдлэг төсөөллийнхөө цар хүрээг тэлэх, зүгээр л амрах гээд маш олон үр өгөөжтэй. Би багын л ном их уншдаг хүүхэд байлаа. Сүүлийн хэдэн жил кино болон абстракт урлаг, сонгодог хөгжим, гэрэл зураг нэлээд сонирхох болсон. Харин бичих болсон шалтгааны хувьд гэвэл “Бодол санаагаар чинь чамайг хэн ч ойлгож үлдэхгүй” гэх үгийг дотроо санаж явах  дуртай л даа. Өөрийн таньж мэдэрч буй гоё сайхан бүхнийг ганцхан өөрийнхөө дотор л хадгалаад байх хэтэрхий хайран биз дээ. Дотоод ертөнц гэдэг баялаг байж болох ч аливаа юмыг хадгалж хураах хүний сав гэдэг хэмжээ хязгаартай шүү дээ. Тиймээс л гадагшлуулж байх хэрэгтэй гэсэн үүднээс бичдэг дээ. Бас хүн болгонд өөрийгөө бусдад ойлгуулахаас гадна, өөрийн дотоод дуу хоолой, мэдрэмж, санаа бодлоо хүмүүст хүргэж илэрхийлж байх гэсэн нуугдмал хүсэл байдаг. Дээр хэлсэн гадагшлуулж байх хэрэгцээ, хүн болгонд байх өөрийгөө бусдад тодорхой хэмжээнд ч атугай илэрхийлж байх хүсэл хоёроос л бичих сэдэл сонирхол маань урган гарч буйг дотоод сэтгэлийн маань дуу хоолой надад хэлж өгсөн юм.

  Хүний амьдралд тохиолдох аз жаргал, уйтгар гуниг, ганцаардал гэж таныхаар яг юу вэ?

Дурсамж бүхэн нулимсны мөртэй. Нулимс харин уйтгар гунигийнх эсвэл аз жаргалынх ч байж болно. Хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдраалаас л хамаараад өөр өөр. Дурсамж сэдрэхэд хүн өөрийгөө ганцаардалд аваачдаг. Тэгэхээр ганцаардал гэдэг зөвхөн уйдаж гуниглахын нэр ч бас биш. Аз жаргалд ч уйтгар гуниг бий, ганцаардалд дунд ч аз жаргал бий. Хүн гэдэг жаргалтай байгаагаа мэдэрдэггүй, ирээдүйгээ аз жаргалтай байгаасай хэмээн “Аз жаргал хүсье” ерөөдгөөс харахад аз жаргал гэдэг чинь өнгөрсөндөө л үнэн байсан байж таарч байгаа юм. Одоо, ирээдүй цаг дээр аз жаргал гэж яриад хэцүү, барьцгүй гэж бодохоор бас гунигтай ч юм шиг. Хүн ирээдүйгээ төсөөлөхдөө учиргүй баярлаж хөөрөхөөс илүүтэй, тунгааж бясалгах нь их байдаг шүү дээ. Уйтгар гуниг бол харин ирээдүй цагийн өнгө аяс гэлтэй шүү. Ганцаардал харин хэзээд тантай хамт байж байдаг үнэн. Юу үнэн бэ гэвэл төрөх үнэн, ганцаардах нь үнэн, үхэх нь үнэн. Таныг өөр шиг чинь сайн ойлгож мэдрэх хүн таниас өөр байхгүй биз дээ? Тэгэхээр ганцаардал бол хүний мөн чанар юм. Өөрийгөө олж таних, ойлгож мэдрэх тутам ганцаардал бол зовлон гэхээсээ илүү аз жаргал ч байж болох шүү дээ. Аз жаргал бол өнгөрсөн цаг, ганцаардал одоо цаг, уйтгар гуниг харин ирээдүй цаг гэж зүйрлэж болох юм. Гурван цагийн хэлхээс.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4849

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%