Орчуулах сайн бүтээл хайхаас илүүтэй...

"Сайн байна уу? 

Би таны орчуулсан "Хөх тарианы харуул" номыг уншчихлаа. Таны орчуулга үнэхээр их таалагдлаа. Та үнэхээр гайхалтай хэлний мэдлэгтэй хүн юм. Би бас Англи хэлнээс орчуулга хийж сурмаар байгаа болохоор та надад нэг орчуулж болох ном санал болгоно уу?" хэмээн нэгэн залуу анд маань надаас асуужээ. Үүнд товчхон хариулъя. 

Нэг.

Ер нь орчуулах сайн бүтээлийн хувьд хаа сайгүй байж л байгаа. Гагцхүү түүнийг хэрхэн яаж Монгол уншигчдынхаа оюуны хэрэгцээнд нийцүүлэн чанартай сайн орчуулах вэ гэдэг л хамгаас чухал юм.

Хоёр.

"Бэлтгэгдсэн хүнд боломж ямагт байж л байдаг"

хэмээх Авраам Линколньний алдартай үгийг энд дурдууштай. Түүнчлэн "Сайн орчуулагч гэж сайн бэлтгэгдсэн хүнийг хэлдэг." хэмээх үг нь аль ч төрлийн орчуулгад авьяас билигээ сориод үзэхээр санаа шулуудсан залууст тохирох үг болой.

Гурав.

Тэгвэл хэрхэн бэлтгэл хангах тал дээр цөөн хэдэн санаа хэлье. Үндэс бөх болвоос үзүүр намаа саглагар байдагчлан эх хэлний яруу өгүүлэхүйн гол ундарга болсон монгол бичиг, тэр дундаа сонгодог монгол бичгийн хэлийг залуу орчуулагч нар гаргууд сайн эзэмших хэрэгтэй санагдана. Миний багш сайн багш орчуулагч болоход хэрэгтэй арван зүйлийн санамжийг гараар бичин өгч байсан тухай би нэлээд дээхнэ нэг бичлэгтээ дурьдаж байсан. Түүний ямар ч байсан хоёр нь монгол бичиг болон арван хуруугаар маш сайн шивж сурах тухай асуудалтай хамаатай байж билээ.

Дөрөв.

Одоо олон ном тэр дундаа орчуулгын номыг тооны хойноос хөөцөлдөн унших нь сайн муу бүтээлийг ялгахад бэрх болсон цаг тул тэгж зөвлөхөд амаргүй санагдана. Тийм болохоор залуу орчуулагч нарын хувьд 1990 оноос өмнө хэвлэгдэн гарсан орчуулгын шилдэг бүтээлүүдийг боломжийнхоо хэрээр уншихыг зөвлөж байна. Багшийн маань тухайд өөрийн багш Бямбын Ренчингийн туурвисан "Үүрийн туяа" роман болон "Мөнгөн ноён" романыг заавал уншихыг захидаг байсан юм. Бямбын Ренчин гуай ч өөрөө тэр бүтээлээ илүү сайн болсон хэмээн өгүүлдэг байсан юм гэдэг шүү.

Тав.

Унших эрэмбэ дарааллын хувьд эхлээд Монгол хэл дээрх гол гол номнуудыг гүйцээгээд уншчих хэрэгтэй. Гэхдээ унших номын жагсаалтаа маш ухаалаг, хариуцлагатай гаргаж түүнийхээ дагуу туйлбартай тогтмол унших нь үр дүнтэй байж таарна. Үүний дараа тухайн орчуулга хийх боломжтой хэл дээрээ түүнээс дутахгүй өргөн уншлага хийвээс зохилтой.

Зургаа.

Орчуулах дадлагын хувьд шууд том сэдэв рүү өнгийх гэхээсээ илүүтэй эхлээд өөртөө таарсан жижиг өгүүллэгээс эхлэвэл зүйтэй. Дараа нь тууж ч байдаг юм уу. Би өөрийн шавь нартаа эхлээд кино түлхүү орчуулж дадлагажихыг зөвлөдөг. Ер нь киноны гол баатруудын зан төрхийг үг хэлээр оновчтой зураглан гаргана гэдэг орчуулагчаас чамгүй ур чадвар шаарддаг. Кинон дээрээ инээгээд яриад байгаа хүний яриаг инээд хүртэл орчуулж сурах хэрэгтэй гэсэн үг л дээ.

Долоо.

Нэр алдар, бусдад танигдаж үнэлэгдэх энэ тэрийг бол болж өгвөл бодоод ч хэрэггүй шүү. Зөвхөн өөрт ногдсон ажлаа үнэнч зүтгэлтэй хийгээд л яваад бай. Мэдээжийн хэрэг хүчирхийлэл, алаан хядаан, садар самуун зэргийг сурталчилсан сэдэв орчуулахгүй байх зэрэг аливаа ажил мэргэжил болгонд байдаг санууштай зүйлсийг анхаарч явах нь чухал.

Найм.

Ер нь тэгээд гайгүй сайн орчуулагч болоход санаа зоригоос гадна, заяа төөрөг, уйгагүй хичээл зүтгэл, цаг завын нөхцөл боломж, хоёр хэлний өндөр мэдлэг чадвар, авьяас билиг гээд олон хүчин зүтгэл хэрэгтэй байж таарна. Тэр дунд нойронд сэргэг байх явдал онцгой чухал шиг санагддаг.

Хичээгээрэй, залуу минь.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%