Ц.Ариунсанаа: Амьдрал өөрөө сонсдог үлгэр шиг үздэг кино шиг байдаггүй

Амьдрал сайхан булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн, "Renew" компанийн дизайнер, график зураач Цогбадрахын Ариунсанаа өөрийн үзэл бодол, урлаг уран сайхантай холбогдсон замналаасаа хуваалцсан юм.

График дизайны мэргэжилтэй хүн  утга зохиолд яагаад дурлаж, бичвэр нийтлэл бичих болсон бэ?

Хүүхэд бүр багаасаа юмсыг сайн сайхан, бүрэн бүтнээр, гэгээнээр төсөөлдөг байх. Гэвч амьдрал өөрөө сонсдог үлгэр шиг нь, үздэг кино шиг нь байдаггүй шүү дээ. Сайн, муу ээлжилдэг болохоор алив сөрөг бүхнийг шууд л хүлээж авч, дотроо жоохон шанална, ганцаардана. Тэр үедээ зураг зурах их дуртай болсон. Тиймээс юмсын нарийн ширийн зүйлсийг ажиглах, төдийлөн анзаарагддаггүй зүйлсийг анзаарч харах сонирхолтой болсон маань урлаг, утга зохиолд татагдахад нөлөөлсөн болов уу. Харин бичвэр бол яг л бодол санаагаа тайчаад орхих шиг тайвшрал өгдөг. Толгой дотор эмх замбараагүй эргэлдэх түмэн бодол, сэтгэлд хургаад буй түмэн мэдрэмжүүдийг цэгцлэхэд бичвэр аврал л гэсэн үг. Гэхдээ зүгээр нэг бодогдсон бүхнээ гаргах биш, ямар нэг дүгнэлт, шийдвэрт хүрэх зорилготойгоор бичвэр бичдэг дээ.

 Таны амьдралыг харах өнцөг, үзэл бодол.

Амьдрал дахь юмс хувирч, өөрчлөгддөг, бий болсон шигээ арилан оддог. Ганц утга учиртай болгодог зүйл гэвэл магадгүй хүний тухайн үедээ мэдэрч өнгөрөх мэдрэмжүүд байх. Тийм болохоор ч тэр үү,  үйлийн үрээс өөр тогтсон ямар нэг үзэл бодол одоохондоо байхгүй л байна. Магадгүй нас дээр гараад тун “дөхөхөөрөө” л, амьдралыг харах үзэл бодол минь ер тэр гэж хэлэх юмтай л байх болов уу гэж боддог.

 Хүний амьдралд тохиолдох аз жаргал, уйтгар гуниг, ганцаардал гэж таныхаар яг юу вэ?

Энэтхэгийн оюун санааны их мастер гэгддэг Жидду Кришнамуртийн нэг ийм үг бий.

“Чи амьдралыг хэсэг хэсгээр нь биш, бүхэлд нь ойлгох учиртай. Тийм ч учраас чи унших хэрэгтэй, тиймээс л дээрх тэнгэрийг ажин сууж, бүжиглэж цэнгэн, шүлэг тэрлэн, мөн зовж шаналж дараа нь ухаарах хэрэгтэй амьдралыг тэр чигт нь ойлгохын тулд” .

Эдгээр мэдрэмжүүдийг нэг нэгээс нь тус тусад нь салгах хэцүү. Магад нэг нэгэн лүүгээ уусан шингэж, үргэлж холбоотой байдаг мэдрэмжүүд ч юм шиг. Нэг өдөр аз жаргалаар бялхуулж байсан зүйл, дараа өдөр нь уйтгар гуниг болон үлдэх ч үе бий. Ганцаардлын хувьд ч тэр. Энэ үг өөрөө асар гунигтай үг юм шиг боловч, уран бүтээлч, сэхээтний замналын шат нь өөрөө ганцаардал хийгээд хүсэл эрмэлзэл дээр тулгуурлаж байсан харагддаг юм. Тэдгээр хүмүүс бусдад уусан шингэхийг л хүсэж амьдарсан бол хэзээ ч өөр өөрсдийн өнгө, уран бүтээл, ололтоо үлдээж чадахгүй л байсан болов уу. Мэдээж бүх хүн суутан, уран бүтээлч болох албагүй л дээ. Хүн бүрт өөр өөрийн ганцаардал бий. Юмсыг яаж хүлээж авдаг, юунаас юуг мэдэрдэгээсээ хамаараад, хаана хэний ч дунд ганцаардан гуниглаж байж болно. Гэхдээ амьдрал өөрөө дуусан дуусталаа хөвөрч л явдаг болохоор тэдгээр мэдрэмжүүдийг нэг тийм “үе” гэж л хүлээж авахыг хичээдэг. Өөр өөрийн гэсэн үнэртэй бас амттай мэдрэмжүүд юм даа. Заримдаа ганцаар байхдаа жаргалтай ч үе байна, заримдаа уйтгар гунигтай үедээ ямар нэгэн ухаарал ургаад байх ч үе байдаг.  Тийм болохоор, “амьдрал ч баялаг юм аа” гэж дотроо бодох дуртай.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5109

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%