Нийтлэл 03 сарын 16, 2018

Д.Тэмүүжин: Эх орон гэдэг эрх чөлөө, тусгаар тогтнол, ээж аав гээд хайртай бүхнийг минь шингээсэн хамгийн сайхан зүйл

Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон эх орондоо өргөсөн тангарагтаа үеийн үед үнэнч зүтгэж ирсэн Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, залуу хойч үедээ үлгэр дууриалал болгох зорилгоор “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ч хүчин  зүтгэж байгаа эр цэргүүддээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан өсвөр үеийн хүүхэд залуусын төлөөллийн  Монгол цэргийн өдрийн тухай, монгол эр хүн гэж хэн бэ, эх оронч үзэл бодлыг хүргэе.

Т.Мөрөн: Эх оронч хүн гэдэг улсаа хамгаалах чин сэтгэлтэй, эх түүхээ мэддэг хүнийг хэлэх болов уу. Ийм хүний бодол санаа бүх зүйл нь эх орныхоо дархан хилийг тайван байлгах улс үндэстний хөгжил цэцэглэлтэд үргэлж санаа тавьж байдаг гэж би боддог.

 

Б.Даваадалай: Мэдээж монгол хүн бүр эх орон эх түүхээрээ бахархдаг. Орчин цагт залуус сурч боловсорч байна. Сурч боловсроод эх орныхоо хөгжил цэцэглэлтэд анхаарал хандуулж байгаа нь эх оронч үзэл юм уу даа. Заавал цэрэгт явсан хүн л цэргийн баяр тэмдэглэж цэрэгт байгаа хүн л эх оронч хүн гэж би бодохгүй байна. Бид хэзээд эх орноо хамгаалахад бэлэн байдаг.

Г.Баатармөнх: Монгол эр хүн хэлсэн үгэндээ эзэн болдог үнэнч шударга хүнийг л хэлнэ дээ. Эх оронч үзлийг тэр энэ гэж хэлэхэд хэцүү. Яг энэ гэж томьёолж чадахгүй ч орчин цагт буу шийдэм барьж тулалдахыг лав хэлэхгүй байх.

Л.Даваа: Монгол цэргийн баярыг би бүх монгол эрчүүдийн баяр гэж боддог. Яагаад гэвэл ямар эр хүн эх орноо хамгаалахад бэлэн байдаг. Би энэ жил 9 анги. Сургуулиа төгсөөд цэргийн сургуульд элсэн орох бодолтой байгаа.

Д.Тэмүүжин: Эх орон гэдэг минийхээр эрх чөлөө, тусгаар тогтнол, ээж аав гээд хайртай бүхнийг минь шингээсэн хамгийн аугаа зүйл. Бид унасан газар угаасан ус минь гэж бахархаж, сэтгэлээ зориулж байгаа нь эх оронч үзэл. Би одоо "Тэмүүжин өрлөг" гээд цэргийн сургуульд суралцдаг үүгээрээ маш их бахархдаг. 

М.Төгөлдөр: Цэргийн баяраар аль болох аавыгаа баярлуулахыг хичээдэг. Өөрөө удахгүй цэрэгт яваад тэмдэглэдэг болно. Энэ баяр миний хувьд эх орныхоо төлөө хөлсөө дуслуулсан хүмүүсийн алдар гавьяаг цуурайтуулж хойч үедээ өвлүүлж үлдээх баяр гэж ойлгодог.

А.Мөнх-Амьдрал: Би бага байхдаа цэрэг цэргийн дарга болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ одоо цэрэгт явна гэхээс илүү эх орны хөгжүүлж дэлхийн хэмжээний хот болгохын төлөө архитекторын мэргэжлээр суралцаж байна. Сургуулиа төгсөөд олон гоё барилга байшин барьж эх орондоо өнгө нэмнэ. Энэ бодол минь л эх оронч үзэл байх.

Д.Саруул: Цэрэг байна гэдэг эмх цэгцтэй байхыг хэлдэг гэж би боддог. Заавал хүн болгон цэрэг армид зүтгэж цэргийн хүн болох албагүй ч цэргийн албыг заавал хаагаасай гэж хүсдэг. Ядаж л эмх цэгцтэй, хүмүүжил төлөвшилттэй болдог юм шиг санагддаг юм. Би халагдаад жил болж байна. Эх оронч үзлийн тухайд эх орноо гэсэн чин сэтгэлийг л хэлэх болов уу.

 

Сэтгэгдэл бичих

    • Нааги
    • 2019-05-23

    Сэтгэл маш их хөдөлж байна.

arrow icon