Нийтлэл 03 сарын 19, 2018

АМ АСУУЯ: Чинзориг сайд аа тавдугаар сарын 1 хүртэл морь уралдуулахгүй шийдвэр чинь яасан бэ?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг арваннэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морь уралдуулахгүй гэх шийдвэрийг гарган олон нийтэд сайнаар үнэлэгдэж, түүнийг маш зөв шийдвэр гаргалаа хэмээн сайшааж байсан үе саяхан. Манай сайт ч энэхүү үйл явдлыг сайшааж оны онцлох үйл явдлаар нэрлэж байсан. Гэтэл өнгөрсөн ням гарагт “Дүнжингаравын хурд 2018 хаврын морин уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдаж хүүхэд, морио хайсан уяачид тоос манарган давхилджээ.

Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насныхан байв

Засгийн газар жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон.

Ингэхдээ хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгосон. Гэвч Дүнжингарав 2018 уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насны хүүхдүүд байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид мэдээлэв.

Уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн

Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилжээ. Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Алив нөгөө унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс хамгаалах тухай хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгоод байсан шийдвэрийн биелэлт хаана байна С.Чинзориг сайд аа.
Шийдвэрийг эргэн сануулъя.

“Хүмүүс цагаан сарын дараагаас хавар эхэлж байна гэж ойлгодог. Гэвч тавдугаар сарын 1 болж байж газар гэсч, ханш нээгддэг. Тиймээс заасан хугацаанд хурдан морь уралдуулахгүй байх тушаалыг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хэрэгтэй. Тушаалыг зөрчих юм бол хууль хяналтын байгууллагуудад хандах зэргээр дараагийн арга хэмжээ авах шаардлагатай”.

Энэ бол 2017 оны 12 сарын 13 ны өдөр “Зууны мэдээ” сонинд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн өгч байсан ярилцлагын хэсэг. Цагаан дээр хараар буусан энэ шийдвэрээ Чинзориг сайд өөрөө мартав уу эсвэл Монголын уяачдын холбоо түүний эл шийдвэрийг үл тоомсорлон хөрөнгө мөнгө эрх мэдэлдээ аархсан “Дүнжингарав” наадмыг шөнө оройн цагаар зохион байгуулав уу?

Ямартай ч түүний энэ шийдвэрийг нохой хуцах чинээ тоолгүй морин уралдаан зохион байгуулж дахин 16 хүүхэд эрүүл мэндээрээ хохирлоо. Харин одоо өвлийн морин уралдааныг хориглож олон нийтээс өндөр үнэлгээ авсан Чинзориг сайдаас хариуцлага нэхье. Таны гаргасан шийдвэрийг хэн дагаж мөрдөх ёстойг, мөрдөхгүй бол хууль хяналтын хүрээнд ямар арга хэмжээ авч, ямар хариуцлага хүлээх ёстой талаар өөрийн биеэр мэдэгдэл хийхийг шаардаж байна.

Хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэх ёстой гэсэн шийдвэр тань цаас төдий болж бяцхан үрсийн эрүүл мэнд, амь нас аюулын ирмэгт тулаад байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Тушаалыг зөрчих юм бол хууль хяналтын байгууллагуудад хандах зэргээр дараагийн арга хэмжээ авна хэмээн амласан амлалт чинь хаана байна  С.Чинзориг сайд аа.

Сэтгэгдэл бичих

    • Босгоны боол сайд Чинзориг
    • 2018-03-19

    МАН ДАХЬ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ДОН М.ЭНХ60ЛД АЛЖААЛАА ТАЙЛЖ МӨРИЙТЭЙ ЦЭНГЭЖ БАЙНА ! АМАА ХАМХИ!

arrow icon