Нийтлэл 04 сарын 03, 2018

Томчууд хүүхэд насаа мартчихдаг байх

Тэр сургуульд явдаггүй, орон дээрээ буруу харж унтана, жигнэмэг хийх гурилаа шалан дээрээ зуурна, арагшаа ухарч явна, хэдэн цагт унтахаа өөрөө л шийднэ. Өглөө сэрээрэй гэж хэн ч дуудахгүй. Энэ хэн бэ? Мэдээж энэ бол Урт оймст Пиппи.

Түүнийг дэлхийн олон орны хүмүүс уншсан. Тэдний зарим нь энэ бол утгагүй зохиол. Хүүхдэд маш буруу үлгэр дууриалал үзүүлдэг, байж боломгүй юм хийдэг. Энэ ном хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэдэг. Зарим нь эсрэгээрээ харин ч хүүхэд Пиппи шиг өсвөл аяндаа өөрөө буруу зөвийг ялгаж салгадаг болно. Дүрэм журамд баригдаж өсвөл өөртөө итгэлгүй, сул дорой хүн болж төлөвшинө гэж үздэг. Тэгвэл хүүхэд яг ямар байх ёстой вэ, ямар хүүхдийг зөв хүүхэд гэх вэ, томчууд хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх ёстой талаар Монсудар хэвлэлийн газраас томчууд болон хүүхдүүдийн  дунд “Эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, дуулгавартай, томоотой байх нь "зөв" хүүхэд мөн үү? Хэлэлцүүлгийг өчигдөр хүүхдийн номын өдрийг тохиолдуулан зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Сүжэташант” ТББ-ийн гүйцэтгэх захирал Т.Кимико, Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат, Жангар хүүхдийн номын редакцын редактор Б.Батцэцэг, Б.Ундрах, Б.Дэлгэрмаа, А.Бямбасүрэн нар болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эцэг эхийн төлөөллүүд оролцож өөрсдийн санал бодлоо хэллээ.

Зөв хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх вэ?

Урт оймст Пиппигийн зохиолч Линдгрен "Хүүхдийг эрх чөлөөтэй өсгөх" гэсэн санааг хүмүүст ойлгуулахыг хичээсэн боловч 1945 онд хэвлэгдэн гарсан даруйд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүс хүүхдүүдэд нь Пиппигийн эрх дураараа зан, дэггүй байдал тэр чигтээ  нөлөөлж магадгүй хэмээн айж байсан. Уг нь зохиолч маань хүүхдийг эрх чөлөөтэй өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн санааг нийгэмд хэлэхийг хүсжээ. ''Хүүхдийг хайрлаад л бай, хайрлаад л бай, тэгвэл аяндаа л сайн сайхан хүн болно шүү дээ хэмээн Пиппиг өмөөрсөн зохиолчийн үгтэй хэлэлцүүлэгт ирсэн олон хүүхэд санал нийлж байлаа.

Хэлэлцүүлэгт ирсэн хүүхдүүд томчууд өөрсдөө хүүхэд байж үзээгүй мэт биднийг хэн нэгэн төгс үлгэрийн дүр, киноны гол дүрийн хүүхэдтэй харьцуулдаг. Гэтэл тэд ч бас өөрсдөө хүүхэд байсан шүү дээ. Томчууд өөрсдийнхөө хүүхэд насаа лав санадаггүй байх хэмээн их л гомдонгуй байлаа. Тэгвэл үнэхээр томчууд хүүхэд насаа мартдаг уу? гэсэн асуултад

Биднийг хүүхэд байхад тийм байлаа, аав ээж маань тэгж хэлдэг байлаа би ингэж сурдаг байлаа. Харин чи юу ч хийж чадахгүй мэдэхгүй хэмээн томчууд хүүхдээ шүүмжлэх нь элбэг. Гэхдээ тэд ч бас хүүхэд байхдаа сахилгагүй, бүгдийг төгс хийж чаддаггүй байсан шүү дээ. Тэгэхээр тэд үнэхээр хүүхэд насаа мартдаг хэмээн хэлэлцүүлэгт ирсэн нэгэн хөөрхөн хүү хариулсан юм.

Хүүхдэд бодит зүйлсийг яаж ойлгуулах вэ?

Хэлэлцүүлгийн үеэр нэгэн ээж би бага насны охинтой. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ уламжлалт Монгол соёл сэтгэлгээгээ хадгалсан түүх домог ярьж хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэтэл тэдгээр түүх домгуудад болохгүй зүйл хийвэл мангас чамайг иднэ, мангас ээжийг нь, аавыг нь иднэ гэх мэтээр нэг аймар дүр гаргаж ирэн сургамжилж байна. Энэ нь орчин цагт зохицохгүй мэт санагддаг. Орчин цагт мэдээ мэдээлэл нээлттэй болсон цагт мангас гэж байдаггүй гэдгийг ойлгуулж бодит ертөнцөд амьдруулах гэтэл телевизээр бас мангас гарч ирдэг. Тэгэхээр би хүүхэддээ яаж ойлгуулах гэсэн юм.

Тийм ээ энэ асуудал үнэхээр чухал. Орчин цагт огт байхгүй бүхнийг байгаа мэт хүүхдэд ойлгуулдаг болсон. Уламжлалт сэтгэлгээнд ч байсан. Бодит амьдрал дээр ягаан туулай гэж байхгүй боловч хүүхэлдэй кинон дээр ягаан, цагаан, хар туулай гардаг. Бодит амьдрал дээр 15 толгойтой мангас байхгүй боловч хүүхдэд буруу хэргийн шийтгэл нь мангас мэт ойлгуулдаг. Гэвч хүүхдэд энэ зүйл нь хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлэхэд тус болдог аж. Харин аажмаар хүүхэд бодит амьдрал хийсвэр сэтгэлгээ хоёроо өөрөө ялгаж салгаж чаддаг болдог юм байна.

Т.Кимико: Хүүхэддээ боломж олго

Хүүхдэд тухайн зүйлсийг өөрөө үзэх ,өөрөө мэдэх боломжийг олго. Бүгдийг тайлбарлаж өгвөл бүгдийг хийж өгвөл хүүхэд залхуу болдог. Өөрийнх нь бүтээлч сэтгэлгээ үгүй болж хэн нэгнээс хараат болдог. Хүүхдэд үргэлж шинэ санаа сэдэх боломжийг олгох хэрэгтэй. Өөрт нь дутагдаж байгаа, өөрт хэрэгтэй юу байна гэдгийг өөрөөр нь хайж олуулдаг байхыг эрхэмлэх нь бодит амьдралыг зааснаас илүү үр дүнтэй. Жишээ микрофон утастай байхдаа ямар төвөгтэй, хэрэглэхэд бэрхшээлтэй байсан гэдгийг утастай микрофон хэрэглэж үзсэн хүн л мэддэг шиг. Хүүхэд ч бас аливаа зүйлсийг өөрөө хийж үзэж байж л мэддэг болно. Хүүхдээ хэтэрхий хорих хэрэггүй. Мангас бодитоор байдаг үгүй өөрөө л мэдэж аваг.

Р.Энхбат: Хүүхдийн зохиолд дүрээ амилуулах гэдэг зүйл маш чухал

Хүүхэд өөрөө чөлөөтэй сэтгэдэг. Гэхдээ үүнд хүүхдийн зохиолд дүр амилуулах гэдэг зүйл маш чухал. Мангас, өвлийн өвөө зэрэг зохиомол дүрүүдийг маш сайхан бодитоор буулгаж өгөх хэрэгтэй. Сүүлийн үед өвлийн өвөө гэж коко коланы шилэн дээр байдаг цагаан сахалтай улаан хувцастай өвгөн мэт дүрслэгдээд байгаа нь үнэхээр харамсалтай. Шведийн зохиолч Линдгрен бол Пиппиг гайхалтай сайхан амилуулсан байгаа юм. Ихэнх эцэг эхчүүд энэ зохиолыг уншаад их хүнд байдалд ордог. Хүүхэд насаа жаргалтай өнгөрөөж чадаагүйдээ дүрэм журамд хэтэрхий баригдаж өссөндөө харамсдаг. Харин хүүхдээ л битгий тийм хүчирхийлэлд, тийм дарамтад өсгөж, хүүхдээ сул дорой, өөртөө итгэлгүй хэн нэгэн болгож өсгөөрэй гэж сургамжилсан юм шүү дээ.

Хүүхдүүд мөрөөдөж буй зүйлээ ярих нь худал ярьж байна гэсэн үг биш

Хүүхэд бүр мөрөөддөг. Томчууд хүртэл мөрөөддөг. Гэхдээ хүүхэд өөрийн хүссэн бүхнээ төсөөлөн ярих чадвар нь элбэг байдаг. Пиппи зохиол дээр аавтайгаа хийхийг хүссэн бүхнээ хийж буй мэтээр төсөөлөн ярьж  байгаа нь Пиппи худалч хүүхэд биш гэдгийг томчууд ойлгох хэрэгтэй хэмээн хэлэлцүүлгийн үеэр нэгэн охин хэллээ.

Тэрээр бид томчуудаас их зүйл хүсдэггүй ээ. Ядаж л хичээлээ тараад орж ирэхэд хичээл чинь яаж байна сургууль дээр чинь юу тохиолдов гэдгийг асуудаг байгаасай гэж хүсдэг. Ядаж 10 минут надтай ярилцдаг байгаасай гэж хүсдэг. Гэтэл ажилтай завгүй гэсэн шалтгаанаар үргэлж биднээс дөлдөг. Тэгээд үргэлж биднээс буруугаа хайж, бид хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байна гэж ярьж байгаа нь инээдтэй санагддаг гэв.

Хүүхэд чөлөөтэй байгаа нь замбараагүй байна гэсэн үг биш

Хүүхэд өөрийн хүссэн бүхнээ өөрийнхөөрөө хийж, өөрийнхөөрөө ойлгох нь тийм ч буруу зүйл биш. Пиппиг уншсан ихэнх томчууд энэ бол замбараагүй хүүхэд хэмээн гоочилдог аж. Гэвч үнэндээ хүүхэд өөрийн дураар аливаа зүйлийн учир шалтгааныг тайлж, аливаа зүйлсийг туршиж үзсэнээрээ бүр ч илүү ухаан суудаг аж.

Ийнхүү хэлэлцүүлэгт ирсэн хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ээж ааваасаа юу хүсдэг тухайгаа ч энэ үеэр хэллээ. Хүүхэд гэдэг цайлган ертөнц бидний төсөөлснөөс аугаа ертөнц аж. Тэд биднээс ч илүү ихийг бодож биднээс илүү ихийг мэдэрдэг юм байна хэмээн эцэг эхчүүд хэлэлцүүлгийн төгсгөлд онцолсон юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon