Нийтлэл 04 сарын 04, 2018

Г.Равдан: Урлагийн хүмүүс бид үргэлж сайн сайхныг түгээж байх ёстой шүү

Аливаа уран бүтээлчид нийгмийн сайн сайхны төлөө бүтээж, туурвиж, урлаж, бидэнд аз жаргал, баяр баясгалан ухаарлыг бэлэглэж байдаг. Тэдний нийгэмд оруулж буй гэрэлт хувь нэмрийг хэмжихийн аргагүй. Тиймээс нэрт уран бүтээлч төгс гэгээрсэн их багш Чин Хай жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг өнгөрсөн болон эдүгээ цагийн дэлхийн гайхамшигт бүхий л төрлийн уран бүтээлчдэд талархал илэрхийлэх өдөр буюу Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарлажээ.

Энэхүү өдрийг онцлон тэмдэглэхдээ дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол уран бүтээлчдэд баяр талархлаа илэрхийлэх өдөр  гээд зураач, яруу найрагч, жүжигчин, дуучин, хөгжимчин зэрэг бидний амьдралыг гэрэлтүүлж уран бүтээлээрээ биднийг тайтгаруулдаг бүхий л хүмүүст зориулсан хүндэтгэлийн өдөрлөгийг өчигдөр анх удаа зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн хүндэт зочноор Ардын жүжигчин Н.Сувд, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Долгион, Гавьяат жүжигчин Г.Равдан, МУГЖ Хасар Жаргалсайхан гэргий Г.Урнаагийн хамт, Төрийн шагналт уран нугараач Б.Норовсамбуу, Нэрт сэтгүүлч, зохиолч Ү.Хүрэлбаатар зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн ирлээ.

Энэ жилээс анх удаа тэмдэглэж буй эл өдрийн зорилго нь урлагийн хүмүүсийн хийсэн бүтээсэн ажлыг үнэлэх, тэднийг дэмжигч урлагийг хайрлагч хүмүүс улам олон болохыг уриалж уран бүтээлчдийн мөн чанарыг олон нийтэд таниулахад оршиж байгаа юм.

Ү.Хүрэлбаатар: Авьяас гэдэг  магадгүй урд төрлийн боловсрол байх

Авьяастай болж төрнө гэдэг уран бүтээлчдийн хамгийн сайхан  зүйл.  Магадгүй авьяас гэдэг урд төрлийн боловсрол байх. Тиймээс энэ цугласан уран бүтээлчдээ бүгдэд энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Монголын үе үеийн түүхийг өөр өөрсдийнхөөрөө амилуулж байдаг уран бүтээлч бүхэнд амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Г.Равдан: Урлагийн хүмүүс бид үргэлж сайн сайхныг түгээж байх ёстой шүү

Чин Хай гэгээнтний Монгол дахь төв санаачилж олон улсын уран бүтээлчдийн өдрийг олон сайхан уран бүтээлчдийн хамт тэмдэглэж байгаа энэ өдрийн мэнд хүргэе.  Уран бүтээлч бид дор дороо уран бүтээлийнхээ өдрийг тэмдэглэдэг. Жишээлбэл гурван сарын 27-нд олон улсын театрын өдөр, дөрөвдүгээр сарын нэгэн инээдмийн баяр гээд л тус бүрдээ тэмдэглэж байх жишээтэй. Харин энэ өдөр бол бид бүхэн нэгдэж бүх л уран бүтээлчдийн баярын өдрийг тэмдэглэх болсондоо тун их баяртай байна. Тиймээс Энэ сайхан гэгээнтний хайр хишгийг буян заяаг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр цуглаад л хүртээд байж дээ. Өөрсдөө ч сайн сайхан уран бүтээлийг үзэгчид уншигчиддаа хүргэсээр байя.

 Б.Норовсамбуу: Дараагийн уран бүтээлчдийн өдрийг тэсэн ядан хүлээх байх

Бидний уран бүтээлийг өндрөөр үнэлж биднийг ингэж нэг танхимд хуран цуглаж хийсэн бүтээснээ дүгнэх боломж олгосон их багш Чин Хай гэгээнтэнд талархаж байна. Уран бүтээлч бидний хийсэн бүтээсэн бүхэн хүмүүст хайр, аз жаргалыг бэлэглэж байгаасай гэж хүсэж байна. Дараагийн уран бүтээлчдийн өдрийг их бэлэгтэй уулзаасай гэж хүсье.

 С.Саранцацралт: Хүнийг магтаж болох хамгийн гоё магтаалаар магтуулсандаа баяртай байна

Бүх уран бүтээлчдэд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Энэ өдөр их гоё энергитэй сайхан байна. Хүнийг хамгийн сайхнаар магтахыг өнөөдөр энд сонслоо. Биднийг бүгдийг нь бурхан гэж байна шүү дээ. Ийм сайхан хоол идээд, ийм гоё магтаал сонсоод өнөөдөр хэмжээлшгүй жаргалтай байна.

Ийнхүү дуу хууртай, наргиантай нэгэн үдшийг олон уран бүтээлчид нэг дор цугларан өнгөрөөлөө. Өдөрлөгийн төгсгөлд Төрийн соёрхолт уран нугараач Б.Норовсамбуугийн шавь нар багшдаа болон нийт уран бүтээлчдэд  зориулан уран нугаралтын үзүүлбэр үзүүлсэн юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Hair
    • 2018-04-24

    Iim saihan udurt ochidog bje

    • Жаргалан
    • 2018-04-04

    уран бүтээлчдийг баярлуулж байх хэрэгтэй сайхан санаачилга байна аа

arrow icon