АМЬДРАЛ САЙХАН: Би багадаа эмч болно гэж мөрөөддөг байсан

Бид “Амьдрал сайхан” буландаа  “Сэтгэлийн хүүрнэл бүлгэм”-ийн гишүүдийг урьж оролцуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багш, орчуулагч, зурагчин, дизайнер, инженер гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлж тэдний амьдралыг харах өнцөг, үзэл бодол хийгээд яагаад утга зохиолд шимтэх болсон түүхийг нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн нягтлан бодогч Б.Мөнхзаяатай ярилцлаа.

Сайн байн уу бидэнд өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Намайг Батбаатарын Мөнхзаяа гэдэг. Би өнгөрсөн хавар Хөдөө аж ахуйн сургуулийн бизнессийн удирдлагын сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.

Нягтлан бодогч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Бага байхдаа ер нь ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байсан бэ?

Би багадаа эмч болно гэж мөрөөддөг байлаа. Өсөж томроод ухаан суух тусам мэргэжил сонголт минь солигдож эхэлсэн. Мэргэжил сонголтонд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Аав ээж багш бол гэнэ, эмээ өвөө хуульч бол гэнэ, ах эгч эмч бол гэнэ. Явж явж нягтлан бодогч мэргэжлийг сонгосон нь миний эгчтэй холбоотой. Эгч маань өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй болоод ч тэр үү,гэрийнхнээс эрс эсэргүүцэж санхүүгийн ертөнцөд оруулсан даа. Энэ мэргэжлийг сонгосондоо би сэтгэл тэнүүн явдаг.

 Нягтлан бодогч хүн утга зохиолд дурлаж шүлэг яруу найраг бичнэ гэдэг их сонирхолтой санагдаж байна. Сэтгэлийн хүүрнэл бүлгэмд хэдийнээс бичих болсон бэ?

Хааяа ч гэсэн тоо тооцоолол, төсөв санхүүгээс холдоод ном унших сайхан байдаг. Тархи болоод дотоод сэтгэл маань их гоё амар тайван болдог. Би багаасаа л  ном унших дуртай байсан. Утга зохиол гэдэг өөрөө маш том ойлголт. Их зүйл унших тусам ухаан тэлж, аливааг эргэцүүлж, ямар нэгэн зүйл бичих сэдэл төрж эхэлдэг. Миний хувьд  хамгийн анх уншсан номын тэмдэглэлээ алгасахгүй бичдэг байлаа. Бас ном уншихад маш их дэм болсон,түлхэц болсон хүн бол миний өвөө. Дунд сургуульд байхаас минь эхлээд ном уншихыг шавдуулдаг байсан. Заримдаа зүгээр л сэтгэлд хурчихаад байгаа тэр зүйлээ гадагшлуулах нь миний хувьд сэтгэлийн амар амгалан хийгээд тайвширлыг авчирдаг. “Сэтгэлийн хүүрнэл” хуудсанд бичвэр оруулах хүсэлтийг найз минь надад анх тавьсан. Намайг дажгүй мэдрэмжтэй, сайн уншигч гээд л магтаад байдаг юм. Надад энэ санал өөрийгөө илэрхийлэх, өөрийн орон зай, дотоод ертөнцөө таньж мэдэн, нийгэмд гэрэл түгээн, эерэг бүхнийг таниулахад маш том боломж болсон.

Мөнхзаяа гэж ер нь ямар эмэгтэй вэ. Таны амьдралыг харах үзэл?

Төрөх, үхэх хоёрын дундах тэмцэл бол амьдрал гэлцдэг. Энэхүү ширүүн тулаанд бид жаргал, зовлонг хослуулан сайн мууг ялган, үнэн худлыг дэнслэн тэмцэлдэж байдаг. Хүн бүрийн ертөнцийг харах өнцөг мэдээж өөр өөр. Хорвоод хүн болж төрсний нэгээхэн хувь тохиол бол амьдрал. Амьдралаа хэрхэн амттай болгох, сайн сайхан байлгах нь биднээс л шалтгаална. Амьдрал, хайр аль аль нь олон өнгөтэй. Яг л цэцэг шиг. Уйтгар гуниг, баяр баясал, инээд хөөр, гомдол тунирхал гээд л. Би “Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ” гэдэг үгтэй санал нийлдэг. Сэтгэлдээ сайн сайхныг бясалган бодож, төлөвлөж байвал аяндаа бүх зүйл бүтэмжтэй болчихдог.

Утга зохиол уншиж судалдаг шүлэг яруу найраг бичдэг хүмүүс их нарийн мэдрэмжтэй байдаг юм шиг санагддаг. Та хувь хүнийхээ хувьд хүний амьдралд тохиолдох аз жаргал, уйтгар гуниг, ганцаардалыг юу гэж боддог вэ?

Энэ бүгд нийлээд амьдралын эргэх холбоо. Хүн нэг олдох амьдралдаа ганцхан урсгалаар амьдраад дуусахгүй. Өнөөдөр уйлж байхад, маргааш инээх өдөр ирнэ. Энэ нь нэг ёсондоо бичигдээгүй хууль юм. Амьдралд тохиох аз жаргалыг мэдэрсэн ч гэлээ, уйтгар гуниг, ганцаардлыг туулж үзэхгүй бол амьдрал амтгүй шүү дээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%