Нийтлэл 04 сарын 11, 2018

Монголын эдийн засгийн өсөлт энэ онд бага зэрэг саарч 3.8 хувьд хүрнэ

Азийн Хөгжлийн Банкнаас  Монгол Улсын эдийн засгийн төлөвт дүн шинжилгээ хийснээ  танилцууллаа. Азийн хөгжлийн банк 2018 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж буй бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулбал бага зэрэг саарч 3.8 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл 2017 онд нүүрсний экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалт сайжирснаар Монголын эдийн засагт өсөлт ирсэн нь  2018, 2019 онуудад үргэлжилнэ хэмээн Азийн хөгжлийн банк тодотгов.

Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд 2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэн 4.3 хувьд хүрнэ гэжээ. ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байв. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт,  ялангуяа Оюу Толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно гэдгийг онцолж байна. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс үүдэн нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзжээ.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен: “Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах гол үндэс. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэм өгөх юм. Уг хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхийн зэрэгцээ Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээв.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн. Мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан бөгөөд энэ түвшин 2018 онд нэмэгдэж 8 хувьд, 2019 онд 7 хувьд хүрнэ хэмээн АХБ таамаг дэвшүүллээ.Улмаар Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon