Нийтлэл 04 сарын 18, 2018

М.Батболд: Найруулагч хүн жүжигчидтэйгээ ойлгоцох нь хамгийн чухал

Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэг бол яах аргагүй Германы зохиолч Гётегийн  "Фауст" жүжиг. Энэхүү жүжгийг 30 жилийн дараа шинэ илэрхийлэмж, шинэ технологоор пост драмын чиглэлээр найруулан тавьж буй залуу найруулагч М.Батболдтой ярилцлаа. 

Фауст жүжиг таны найруулсан анхны жүжиг үү. Таны дипломын ажил гэж сонслоо?

Тийм. Манай сургууль 5 жилээр төгсдөг. Би монголд Т.Ганхуяг багшийн удирдлаганд 2 жил суралцаж байгаад Оросын тетр урлагийн сургуулийг найруулагчаар мэргэжлээр суралцаад энэ жил төгсөх гэж байна. Тэгэхээр Фауст бол нэг талаасаа миний дипломын ажил, нөгөө талаасаа миний уран бүтээлчийн хувьд анхны гараа маань энэ.

Монголд анх удаа театрын тайзнаа Холограм технологийг ашиглаж байгаа юм байна. Энэ холограм технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Холограм гэдэг бол фокус л даа.  Өөрөөр хэлбэл Холограм бол оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харагдана л гэсэн үг л дээ. Энийг бид анх удаа театрт туршиж үзэж байгаа. Холограмыг бол шоу тоглолтод зөндөө ашигладаг. Театрт бол анх удаа ашиглах гэж байна. Амжилттай болох байх.

Фауст бол пост драмын жүжиг. Пост драмын жүжиг гэдэг нь яг ямар төрлийн жүжиг байдаг юм бэ?

Пост драм бол нэг ёсондоо шинэ драм орчин үеийн драмын жүжиг гэсэн үг л дээ.  Ер нь грек ромоос эхлээд өнөөг хүртэл театр тасралтгүй хөгжиж ирлээ. Театр хөгжихийн хажуугаар театрыг үзэх үзэгчид хөгждөг. Театрыг үзэх үзэгчид хэр хэмжээнд хурдан хөгжиж байна тэр хэмжээнд театр үзэгчидээс нэг алхам түрүүлэхийн тулд улам илүү хөгжиж үргэлж шинэ содон зүйлийг эрэлхийлж байдаг. Ингэхээр нөгөө театрын жүжгийн илэрхийлэмж өөрчлөгддөг. 60,70,80 онд илэрхийлж байсан илэрхийлэмж өөр болж ирнэ. Үзэгчид нь өөр болж өөр юм хүсэж байгаа учир театр өөр болно. Энэ театрын өөрчлөгдөж буй илэрхийлэмжийн нэгдлүүд пост драм гэх зүйлийг бий болгодог. Нэг ёсондоо драмын хувьсгал, шинэ драма орчин үеийн жүжиг бий болж байгаа юм. Орчин шинэ техник технологи, дуу дүрс шинэ санаа орж ирж байгаа манай жүжигт. Магадгүй циркийн хэсэг ч орж болно шүү.

Жүжгийн хувьд нэг дүр дээр олон хүн хувирч байгаа гэлээ. Жишээлбэл нэг дүр дээр хэдэн хүн хувирч байна. Нэг дүрийн хэдэн насны амьдралыг ямар ямар жүжигчин дүр бүтээсэн бэ?

Найруулгын хувьд нэг дүрд нэг хүн тоглох, нэг дүрд  6 хүн тоглох зэрэг зүйл байгаа л даа. Гэхдээ энийг нууцалмаар байна. Яахав жишээ татвал Фаустын хөгшин дүрд манай аав АЖ Г.Мягмарнаран залуу дүрд нь     СТА С.Болд-Эрдэнэ тоглож байгаа.

Та түрүүн Фауст бол яг л библи шиг. Зарим хүнд магадгүй уйтгартай санагддаг байх гэлээ. Өмнө нь манайд тоглогдож байсан Фауст жүжиг дуурийн хэлбэрээр тавигдаж байсан. Энэ удаа та өөрөө үүнийг үргэлжилсэн үгийн хэлбэрт оруулаад найруулсан гэсэн. Энд ямар бэрхшээл тохиолдов?

Найруулагчийн ажлын гол зүйл нь юу байдаг вэ гэхээр найруулагчийн ширээний ажил байдаг. Ширээний ажил гэдэг нь юу гэхээр аливаа зохиол бүтээлийг жүжгийн зохиол киноны зохиол болгох ажил байдаг. Магадгүй бүхэл бүтэн том романыг жүжгийн хэлбэрт оруулж болно хоёр мөр шүлгийг ч жүжгийн хэлбэрт оруулж болно.

Фауст жүжгийн гайхамшигт чанар нь ер нь юу юм бэ. Ямар чанараараа гайхамшигтай сонгодог гэж нэрлэгддэг юм бэ?

Фауст жүжиг бол тэр чигтээ филисофи үзэл бодол. Сонгодог жүжиг гэдэг өөрөөр цаг хугацаандаа байдаг. Гёте бол аугаа зохиолч. Тухайн жүжигт гарч байгаа үйл явдал илэрхийлж буй санаа одоо манай нийгэмд болж буй үйлд явдлыг л дүрсэлдэг. Хувьцаа тараах замаар ард түмнийг залилах мэхлэх, ард иргэдийн нуруунлд хүнд ачаа үүрүүлж, газрын наймаа, хийж завшиж яваа зэрэг одоо бидний энэ нийгэмд болохгүй байгаа асуудлууд аль хэдийн жилийн өмнөх Гётегийн зохиолд орчин үеийн нийгмийг харсан юм шиг дүрслэгдсэн байдаг. Эцсийн эцэст  хүн болж төрсний хамгийн гол шалгуур бол хүн хүнээ хайрлах юм байна. Хүн юуны төлөө зүтгэх ёстой юм хүн хүний төлөө зүтгэх ёстой гэдгийг фауст ухаараад л жүжиг төгсдөг.

Та Маргарита, Мефистофил гэх хоёр дүрээ их онцолж байна. Найруулагчийн хувьд ч хувь хүний хувьд ч энэ хоёр дүрийг талаар өөрийн үзэл бодлоо хэлээч?

 Гоё дүр гол дүр. Фауст Мефистофил хоёр бол хамгийн чухал хоёр гол дүр. Хэзээ ч хаана ч байдаг мөнхийн сэдэв бол хайр. Мэдээж энэ жүжигт ч хайр дурлал байна. Фаустын сэтгэлт бүсгүйн дүр болох Маргарита бол бас маш их гоё дүр.

Аав тань АЖ Г.Мягмарнаран. Магадгүй театрын найруулагч болох шалтгаан нь аав тань байсан болов уу?

Тийм шүү. Аавыгаа жаахан байхаас л дагаж явдаг байлаа. Хөдөө гадаа баяр ёслол жүжгийн бэлтгэл гээд л. Багаасаа л жаргал зовлонг нь мэдэрч өссөн. Гэхдээ жаахан байхдаа дагаж явах их осолтой юм билээ.

Яагаад?

Өвдөхөөр нь дагаад өвдөнө. Баярлахаар нь дагаад баярлана. Нэг л театр урлаг кино урлагт орчихсон зүрх сэтгэлээ зориулчихсан байхад эргээд гарч чаддаггүй юм билээ.

Залуу найруулагчийн хувьд эдгээр туршлагатай жүжигчидтэй ажиллахад ямар байна. Танай сургуульд заасан бүхэн одоо энэ жүжиг дээр биелэлээ олж чадаж байна уу?

Энэ олон том жүжигчидтэй хамтарч ажиллаж байгаа нь миний хувьд их том аз завшаан. Эднээсээ сурах зүйл их байгаа. Би найруулагч гээд энэ хүмүүсийг удирдаж зохион байгуулна гэхээс илүү тэдний ойлгож тэд ч намайг ойлгодог байхыг чухалчилж байна. Ер нь удирдахын гол үндэс нь ойлголцол байдаг юм билээ. Ойлгож чадах юм бол үнэхээр хүчтэй баг болж чаддаг юм билээ.

 Найруулагч болох хүсэлтэй олон олон залуус байгаа. Дөнгөж шинээр эхэлж байгаа залуу хүний хувьд бусад үеийн залуустаа, дүү нартаа хэлэх зүйл байгаа байх?

Энд тэнд очиж сурах хэрэгтэй. Хэл сурах хэрэгтэй. Гоё зохиолуудыг уншаад өөрийн болгоод өөрийнхөөрөө гоё илэрхийлдэг болох хэрэгтэй. Гол нь үнэхээр найруулагч болох хүсэл сонирхол тэмүүлэл байх хэрэгтэй. Ирээд сурсан мэдсэнээ заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Айх хэрэггүй л гэж хэлмээр байна даа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon