АМЬДРАЛ САЙХАН: Намар сэдвээр бичсэн миний зохион бичлэгт багш маань 200 оноо өгч билээ

 Бид “Амьдрал сайхан” буландаа  “Сэтгэлийн хүүрнэл бүлгэм”-ийн гишүүдийг урьж оролцуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багш, орчуулагч, зурагчин, дизайнер, инженер гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлж тэдний амьдралыг харах өнцөг, үзэл бодол хийгээд яагаад утга зохиолд шимтэх болсон түүхийг нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн Монгол улсын их сургуулийн оюутан Гантөмөрийн Саруултай  ярилцлаа.

Шүлэг яруу найраг бичдэг хүний дотоод сэтгэл амьдралыг харах өнцөг нь сонин байна?

Одоохондоо залуу байгаа учраас амьдралыг нэг өнцгөөс харж, бүхнийг өөрийн үзэл бодлоор тайлбарлахгүйг хичээдэг. Үзэл бодол сууж, өөрийн гэсэн харах өнцөгтэй болохоосоо өмнө хүн бүрийн бодол, тайлбарыг сониучирхах дуртай. Гэсэн ч яг асуултын дагуу хариулъя гэвэл бага зэрэг пессимистик буюу гутранги талдаа үзэлтэй. Сэтгэл санааны байдлаас шууд хамааралтайгаар энэ нь оптимистик буюу өөдрөг, утопист зэрэг үзэл рүү хальж орох нь бий. Ямар ч үед “Амьдрал сайхан” гэдэг хуурамч үгээр өөрийгөө торгоож аргацаах нь миний өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг.

 Утга зохиолд дуртай болж бичиж эхэлсэн үеийнхээ дурсамжаач хуваалцаач?

Би төрөлхийн ямар нэг авьяасгүй бөгөөд бага байхаасаа л дуулдаг, бүжиглэдэг, нугардаг, хөгжим тоглодог хүүхдүүдэд цагаахан атаархаж, тэдэн шиг байсан ч болоосой гэж хүсдэг ч үүнийхээ төлөө ямар нэг зүйл огт хийж байгаагүй. Харин дунд ангид ороход олон багш нар өөр өөр хичээл орж эхлэхэд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын багш маань хамгийн анхны хичээлийнхээ үеэр хүүхэд бүрээр дуртай сэдвээрээ зохион бичлэг бичүүлж хурааж авсан юм. Маргааш нь багш хүүхэд болгоны зохион бичлэгт хувь хүн талаасаа нэг оноо, багшийн хувиар нэг оноо тавьж, өөрийн сэтгэгдлийг бидэнд хэлж өгөхөд “Намар” сэдвээр бичсэн миний зохион бичлэгт 200 оноо /дээр дурдсанчлан 100,100 оноо/ бичигдсэн байсан. Багш минь намайг тэр үеэс л онцгойлон харж, ном уншихыг даалгаж, бусдаас илүү зүйл бичүүлж, бараг л гарын шавиа болгож авсан. Багшийнхаа ачаар л ном уншиж, бусдыг ойлгож, өөрийгөө мэдэрч, түүнийгээ бас илэрхийлж сурсан даа.

Ном зохиол их уншдаг хүн аз жаргал, уйтгар гуниг гэх мэт хүний сэтгэл хөдлөлүүдийг их өөрөөр хардаг байх. Эдгээр зүйлүүд таны хувьд яг юу вэ?

Аз жаргал, уйтгар гуниг, ганцаардал зэрэг нь бүгд л хуурмаг үзэгдэл юм уу даа. Хэсэгхэн хугацаанд л болоод өнгөрдөг зүйлс. Гэхдээ бид мэдрэмжгүйгээр хүн биш болчих учраас энэ хуурмаг үзэгдлүүд намайг амьд байлгадаг хамгийн том хүчин зүйлс. Дуу хөгжим, урлаг соёл, сайхан зүйлсээс аз жаргалыг, басхүү гуниг ганцаардлыг ч мэдэрч чаддагтаа л өдийг хүрч өнөөгийн соёлт нийгэмд хөл тавьсан болов уу.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5092

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%