САНАЛ БОЛГОХ НОМ: Г.Гарсиа Маркес Зарлагдсан үхлийн товчоон

Номонд дурлагсдын хувьд Габо хэмээн дотночилдог, номонд ерөөс хорхойсдоггүй нэгэн байлаа ч “Зуун жилийн ганцаардал”-ыг туурвиснаар нь эчнээ мэддэг Габриель Гарсиа Маркесын “Зарлагдсан үхлийн товчоон” бүтээлийг Монсудар хэвлэлийн газраас орчуулжээ. Хэдийгээр би уг номын тухай төдий л сайн мэдэхгүй боловч хүлээлт үүсэх хоёр том шалтгаан байсан юм. 
Нэгдүгээрт, энэ чинь Габогийн бүтээл, юунд ч эргэлзэх юм билээ. Уран зохиол дахь Латин Америкчуудын их тэсрэлтийн түүчээ, мөн өнөө үеийн нэр хүндтэй зохиолчид болох Салман Рушди, Харүки Мүраками, Орхан Памук, Арундати Рой нарын уран бүтээлд хамгийн ихээр нөлөөлсөн нэгний тухай ярьж байгаа хойно. Товчхондоо уран зохиолын их сартваахийн шинэ ном гэдэг ямар ч номын хорхойтны шуналыг бадраана. Хоёрдугаарт, гарчиг. Анх уг гарчгийг хараад л маш сонирхолтой гэдэгт ер эргэлзээгүй. Үхэл бол хүн төрөлхтний хөндөхийг хүсдэггүй хэрнээ зайлшгүй нүүр тулдаг сэдэв. Мэдээж хэрэг “Зарлагдсан үхлийн товчоон” бол гагц үхлийн тухай гэвэл өрөөсгөл. Хайр сэтгэл, хувь хүний нийгэм дэх үнэлэмж буюу алдар хүнд, өшөө авах хүслэн, ёс суртахууны гэмтэн, зайлах аргагүй хувь заяа, хүмүүний сэтгэл... 


Тийм ээ, миний зөн совин андуурсангүй. Уг зохиолыг би ер завсарлага авахгүйгээр, ганц ч хойш тавилгүйгээр нэг суудал дээрээ дуусгасан юм. 
Карибын тэнгисийн эрэг дээр орших нэгэн бяцхан тосгоны иргэд нэгэн аймшигт явдлын гэрч болжээ. Уг үйл явдлын нэгэн гэрч залуу 27 жилийн турш энэхүү үйл явдлын мөрөөр мөшгөн, уг үйл явдалд шууд болон шууд бусаар оролцсон олон гэрчийн эвдэрч сүйдсэн дурсамж, өөр хоорондоо зөрчилдсөн дурсамж, мэдүүлэг зэрэг дээр үндэслэн хэргийн үнэн мөнийг тодруулахаар чармайх агаад учгийн утас хөврөх тусам уг үйл явдал улам нууцлаг ээдрээтэй, учир битүүлэг болж ирнэ. Хэдийгээр зохиолч ганцхан үйл явдлыг хөврүүлэн тун дэлгэрэнгүй хүүрнэх боловч Габо бидэнд зөвхөн уншигчийн үүрэг тохоогүй бололтой. “Зарлагдсан үхлийн товчоон”-ыг унших явцад өөрийн мэдэлгүй уур амьсгалд татагдан орж, дотоод хүмүүнтэйгээ яриа өрнүүлэн, таамаг дэвшүүлж, бодлогоширч, эмээж, гайхширч, эргэлзэнэ. Шидэт реализмд хүнийг татах шид нуугддаг гэлтэй. 
Уг зохиол дээр онцлохгүй байх аргагүй нэг зүйл бол Габогийн ер бусын хүүрнэх чадвар, бичиглэлийн хэлбэр. Надад яагаад ч юм Габо цаг хугацааны өөр хэмжээст амьдардаг мэт санагддаг. Бидний хувьд цаг хугацаа шугаман шинж чанартай, зогсолтгүй урсан өнгөрөх шулуун. Харин тэрбээр “Зуун жилийн ганцаардал”, “Зарлагдсан үхлийн товчоон” зэрэг зохиолууддаа цаг хугацааны шугаман чигийг баримтлах бус ээдэрч орооцолдсон, өнгөрсөн одоог сүлэн сүлжсэн нь эгээ л хугацаа зогсчихсон юм шиг эсвэл цаг хугацааны тойрогт орчихсон мэт мэдрэмж төрүүлнэ. 
Аливаа уран бүтээлчийн хувьд өөрийн сүндэрлүүлсэн оргилоосоо илүү бүтээл хийх гэдэг тун хэцүү даваа. Харин Габо үүнийг хийж дөнгөсөн юм. Хэдийгээр “Зуун жилийн ганцаардал” түүний нэрийн хуудас болсон бүтээл боловч утга зохиол судлаачид “Зарлагдсан үхлийн товчоон” бүтээлийг өмнөх бүтээлүүдээсээ түвшин ахисан, уран зохиолчийн хувьд илүү өссөн байна гэж дүгнэж байв. 
Уран зохиолын онцгой амт хайж буй хүн бүхэн уншаарай.

Түвшинбаяр Эрдэнэбат

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2813

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%