Монгол улс цаашдаа өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авахаас татгалзана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Ирэх оны үндсэн чиглэлд:

 Макро, эдийн засгийн бодлого

Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого

 Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого

 Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого

Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого

Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ. Үүнд нийт 8 их наяд 780 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон бөгөөд үүнээс 5 их наяд 170 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд:

 Татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах аж. Мөн инфляцийг зорилтот түвшинд байлгаж, ажилгүйдлийг бууруулан, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг буурууах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татан, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Ирэх онд Засгийн газрын нийт өрийг 10 хувиар бууруулж, ДНБ-ий 55 хувьд хүргэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргахгүй байх зэрэг томоохон ажлуудыг хийхээр тусгасныг мөн онцлон тэмдэглэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Засгийн газар өнгөрсөн хугацаанд орлогоо хэт өндрөөр төсөөлж, улмаар төсвийн алдагдал хүлээдэг байсныг дурьдаад ирэх жилүүдэд төсвийн алдагдлыг бууруулах чиглэлд ямар бодлого баримтлахыг тодруулах шаардлагатай байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Төсвийн алдагдлыг бууруулах бодлого барьж байгаа. Сүүлийн 4 жил агшсан эдийн засгийг тэлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Өнгөрсөн оноос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Ирэх жилийн төсвийн орлого энэ жилийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Гэхдээ төсвийн алдагдлыг шууд тэглэсэн төсөв боловсруулах боломжгүй”.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан : Уул уурхайн бараа бүтээгдэхүүн өссөн үед Засгийн газар төсвийн орлого, зарлагаа нэмэн тансагладаг, улмаар дараа жил нь алдагдал хүлээх эрсдэл үүсдэг. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ унах үед дараа жилийн төсвөө зөв боловсруулах чиглэлд анхаардаг болох хэрэгтэй. 2-3 жилийн дараа Монголын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ унах хандлагатай байгаа. Өнгөрсөн 4 жил буруу бодлогоос болж эдийн засаг хүндрээгүй. Зөвхөн Монголын эдийн засаг уул уурхайгаас хараат байсан тул дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнэтэй уялдаад уналтад орсон”.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар : Уул уурхайгаас хараат эдийн засгийг олон тулгуурт болгох чиглэлд Ж.Батзандан гишүүнтэй санал нэг байна. “Ирэх онд татварын багц хуулийг боловсруулж, эдийн засгийн олон тулгуурт болгох бодлого баримтлах болно. Цаашдаа өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авахаас татгалзана”.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролсон гишүүдийн 92.3 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%