ЦОВОО ХОНГОР буюу алтан намар, шаргал талын баллад

Ая зохиогч, хуульч Т.Бат-Оргилын "Жигүүртнээс дээгүүр" дурсамж намтар номд багтсан "Цовоо хонгор" дуу хэрхэн бүтсэн түүхийг албан ёсны эрхтэйгээр уншигч та бүхэнд хүргэж байна. 

ЦОВОО ХОНГОР

Гүйж яваа морь, оргож яваа бүсгүй... Эрх чөлөө, эх нутгаас илүү эрхэм зүйл юу билээ? Энэ бүхэн ямар ч алт эрдэнэсээс илүү эрхэм гэсэн санааг илэрхийлж зураач морьны туурайн дороос алтан ембүүнүүд үсэрч буйгаар дүрсэлсэн юм. Сарны туяанд морины дэл алтаар, бүсгүйн үс мөнгөөр будагджээ.

I.

“Хубилай хаан Японыг дайлахдаа Солонгосыг түшиц газраа болгон ашигласан юм билээ. Хоёр удаагийн дайралт амжилтгүй болж, манайхан Монгол, Хятад, Солонгос үндэстнээс бүрдсэн их цэргээ нутгийн гүн рүү татжээ. Харин явахдаа Чежү арал дээр монголчуудаас бүрдсэн дарангуй цэргийн ангиа үлдээсэн аж. Тэдний үр сад нь одоо болтол тэнд аж төрдөг бөгөөд гадна төрхөөрөө яг л саяхан манай Баянхонгороос яваад очсон юм шиг улаан хацартай улс байна лээ” гээд л ээж тэндээс эргэж ирээд аяны яриа дэлгэсэн юм.

“Манай монгол морьд бас тэнд байна. Хөөрхий, далайд хашигдаад нутагтаа гүйгээд ирж чадахгүй үлдсэн байх даа” гээд л сэтгэлээ барьж чадалгүй гэнэт уйлсан тэр төрх нь миний сэтгэлд хоногшин үлдсэн юм. Нутгаа тэмцэн гүйх монгол морь...

“Морь гүйнэ гэж яадаг юм бэ?” гэж би хөгшчүүлээс асууж эхлэв. Аавын талын өндөр өвөг Бүргэдийн Нямгаваа гэж Хэнтийн Жаргалтхааны хүн, адуу их сайн мэддэг байсан гэх. Түүний хүү, миний өвөө Дамдингийн Цэнджав[1], ааваасаа сонссоноо надад ярьж өгсөн байх.

“Хүний газар зарагдсан адуу нутгаа зориод гүйдэг юм. Өдөр айлын адуунд ороод нуугддаг, гэхдээ бас холилдохгүй захаар нь бэлчиж, амарч тэнхэрдэг. Харин үдшийн бүрий болж од түгэхээр шөнө дүлэн гуу жалга даган давхидаг амьтан. Айлын урдуур гарахгүй, хүн хараас нуугдаж дандаа ар газраар явдаг юм. Хэрэв адууныхаа захад тийм морь харах юм бол барих эсхүл хөөж туухыг цээрлэдэг юм. Гүйгээд тогтдоггүй морийг домнодог юм гэнэ лээ. Эзнийх нь гэрийн хойморт зул бариад үүдээр нь нөгөө морио шагайлгадаг. Эзнээ тэнгэрт хальж гэж санаад тэр морь нулимс унагаад, дахиад гүйхээ больдог юм гэнэ л...”

Гүйж яваа морийг харсан бүү хэл түүхийг нь сонссон хүний сэтгэл эрхгүй уярна. Вьетнамаас гүйж ирсэн хар азарганы түүх улс орон даяар монголчуудын зүрхийг шимшрүүлж байлаа. Гэтэл гүйгээд гүйгээд нутагтаа хүрч чадахгүй бол яана...

Ээжийн аав, миний өвөө Цэндийн Намсрай, Баянхонгор аймгийн Заг, Байдрагийн зааг дээрх Хүрэн бэлчир гэдэг газар өссөн юм билээ. Өвөө аав маань бага байхдаа л нутгаа орхин хот газрыг зорин явсан аж. Гадаад, дотоодод сурч, улс орноо босгох ажил хэрэгт мөрлөн оролцож нам, төрийн ажил гэсээр хэчнээн ч жил төрсөн буурин дээрээ очоогүй юм бэ дээ. Нэгэн зун өвөө нутгаа зорилоо. Хүрэн бэлчир одоо ч хүрэхэд яггүй замтай, харин тэр үед бүр л хэцүү байсан биз. Бид хэдэн өдөр УАЗ-69-өөр тийш явж, явж нэг юм дөхөж очлоо. Тоглож өссөн газар нь ч тэртээ тээр нүүгэлтэж эхлэв бололтой. Гэвч... Тэр жил хур тунадас их орж Байдраг гол гэтлэхийн нөхцөлгүй үерлэж эргээсээ гаран улаанаараа эргэлдэж байх нь тэр. Өвөө маань нуруугаа үүрчихээд л Байдрагийг өгсөж, уруудаж баахан алхахдаа ганц ч үг дуугараагүй юм. Дэргэд нь ирчихсэн мөртлөө хүрч үл чадах нутгийн зүг ширтэх тэр харц...

Энэ бүх дурсамж сэтгэлийн угт явсаар нэгэн цагт морины тухай дуу болох байсанж. Өвөөгийнхөө хүрч чадалгүй буцсан Хонгор нутгийнх нь нэрээр дуугаа “Цовоо хонгор” гэж нэрлэсэн нь тэр билээ.

II.

Нутгаа тэмцэн гүйж яваа агтны тухай дуу “баллада”[2] төрлийнх л байх учиртай гэж шийдэв. Дээр үеийн газрын нэр, цол, эсхүл хуучин үг байвал дуунд үнэмшилтэй түүхэн байдлыг бий болгодог. Иймд хуучин үгнүүдийг ардын дуунаас хайж, тайлбар толиноос харж суудаг байлаа.

Дээр үед Сэндэр гэж үзэсгэлэн гуа охин үе мултарсан хөгшин баянд богтлуулж суугаад тэрнийхээ амийг хороож оргоод төрхөмдөө ч буцах нүүргүй болж, сайн эрийн амьдралаар замнасан гэдэг. Сэндэр хүүхэн Да вангийн хошууны наадамд барилдаж түрүүлээд тэндээ баригдсан тул бөхийн зодгийн урд талыг задгай болгосон гэж домог байдаг. (Тэр цагийн бөхчүүд турхаг, гүзээ нь унжаагүй залуус байв. Эмэгтэй хүн бөх барилдахад эр хүн гэж андуурагдах боломжтой байсан биз.) “Цэ вангийн хошууны Цэцэн залангийн охин сон” гэсэн мөрөөр Сэндэр охины дуу эхэлдэг. [Манж Чин улсын Ван цол нь хэтэрхий дөрвөн хэргэмийн нэгдүгээр зэрэг, залан гэдэг нь зүүн гарын түшмэлийн дөрөв дүгээр зэргийн тушаал юм.]  Цовоо хонгор дууны эхний хоёр мөр ингэж төрсөн түүхтэй.

Нэг удаа Өөжгийтэй (гитарчин Өлзий-Орших) буу халж байгаад баахан маргасан юм. Түүний өвөө нь арилжаа наймаа хийдэг байсан болохоор сайн мэднэ, арван таван лангийн алтан ембүү гэж түүхэнд байгаагүй, тав, арав, хорь, тавин лангийн ембүүнүүд байсан л гэнэ. Үнэндээ тэр нь надад тийм чухал биш байлаа. Арван цэн нийлээд нэг лан болдог бөгөөд 37,3 гр-тай тэнцэнэ. Тэхээр 15 лангийн ембүү гэдэг нь хагас килограмм гаран алт гэхээр овоо л мөнгө байсан биз. Гэхдээ энэ дууны утга учир нь түүхийн бодит байдлыг яг таг дүрслэх ч юм уу, эсхүл тэр морь яг хэдэн төгрөгөөр зарагдсандаа бус юм. Тухайлбал, Даваат залан гэдэг тийм хүн байсан эсэхийг ч би мэдэхгүй, зохиосон л дүр.

Энэ дуу бол бидний цээжинд орших эрхэм зүйлүүд маань авдарт хураах үнэт зүйлүүдээс харьцуулашгүй эрхэм болохыг дуулсан дууль юм. Эрх чөлөө. Эх орон. Эдгээрийг та хэдээр үнэлэх вэ? “Алтаар чимсэн аргамж минь алдарч тасарлаа, шандсын сайныг сорьсоор нутгаа би зорьлоо” гэсэн хоёр мөр ч энэ санааг дахин илэрхийлж байгаа билээ. Харин яагаад заавал арван таван лан гэсэн нь тун энгийн тайлбартай. Арван лангийн гэхээр аянд арай л богинодоод, бас жаахан цулгуйдаад байсан болохоор л тэгж оруулсан хэрэг л дээ. 

III.

Мөнх хаан Өмнөд Сүн улстай олон жил дайтаж, олон ялалт байгуулсан ч эзлэн авч чадахгүй байсан тул энхийн гэрээ байгуулж, харин тэр хоорондоо Сүбэдэй жанжны хүү Урианхадайд арван түмэн цэрэг өгч дайснаа араас нь цохиулахаар илгээжээ. Урианхадай жанжин маш нууцаар зорчиж, дөрвөн жилийн дараа Сүн улсын урд талаас хоёр түмэн цэрэгтэй гэнэт гарч ирсэн аж (Тэр цагт Мөнх хаан хэдийнээ цусан суулгаар тэнгэр болсон байв). Дайсны араас цохихын тулд монгол цэргүүд Такли-Маканы цөлийг гэтэлж, Төвдийн өндөрлөгөөр дайран Гималайн нурууг давж, замдаа хэд хэдэн жижиг улсыг эзлэн дагуулжээ. Харин энэ хол аяндаа тэд найман түмэн цэргээ алдаж товлосон газартаа хүрсэн юм. Төлөвлөгөө ёсоор Сүн улсыг хоёр талаас нь зэрэг дайрсны эцэст Хятадыг бүрэн эзлэн авсан түүхтэй.

Урианхадай жанжны удирдсан нийт долоон жилийн тэр аянд цэргийн түүхчдийг өнөөг хүртэл гайхшруулдаг хэд хэдэн зүйл байдаг. Радио холбоо үүсэхээс 650 жилийн өмнө Монголын цэрэг хэдэн мянган бээрийн зайд, хэдэн жилээр тасарч явахдаа хоорондоо яаж харилцаж, нэгдсэн удирдлагаар хангагдаж байсан нь өнөөг хүртэл таавар хэвээр үлдсэн гэдэг. Хоёрт, Альпынхаас ч (далайн түвшингөөс 4,808 м өндөр) хамаагүй өндөр Гималайн нурууг (далайн түвшингөөс 8,848 м өндөр) тэр олон хүн, морь яаж давав? Бас дэлхийд хамгийн том цөлүүдийн нэг Такли-Макан (баруунаас зүүн тийш 1,000 км, урдаасаа хойшоо 400 км, зундаа Цельсийн +50, өвөлдөө – 30 хэм) хэмээх усгүй, малын хамар хатгах өвсгүй газрыг 100,000 эр цэрэг хагас сая шахам адуутай яаж гэтэлсэн нь өдий болтол нууц хэвээр гэдэг. Тэр байгалийн саадуудыг гатлахдаа монголчууд маш их цэрэг, морьдоо алдсан гэх ч тоо нь үлдээгүй юм. Ганнибал, Суворов нарын жанждын түүх домог болон яригддаг Альпын нурууг давсан аянаас хоёр дахин өндөр нурууг морин цэргээр давсан, XX зууныг хүртэл хэн ч гэтэлж үзээгүй цөлийн цаана армиараа гарч чадсан монгол цэргийн нууц юу байв? Тэр нууцын нэгээхэн хэсэг нь яахын аргагүй манай монгол морь гэж би боддог.

Их Монгол Улсын аяны цэргийг өөрийн биеэр харсан Унгар Улсын Сплит хотын архидиакон Том гэж хүн тэмдэглэхдээ:

“Тэдний унаж яваа агт нь жижиг боловч чадалтай... тахгүй мөртлөө уул хадаар зэрлэг ямаа мэт авирч, давхидаг... гурван хоног зогсоо зайгүй давхисан мөртлөө түр амсхийж, жаал өвс идээд л сэргэчихдэг... тэдний мориороо гэтэлж чадахгүй тийм гол мөрөн гэж бараг үгүй”

гэсэн байдаг. Бидний өвөг дээдэс монгол хүлэг морьдынхоо хүчээр л дэлхийг туулсан юм! Хонины, уурганы, хурдны морь гэдэг шиг дайнд унадаг агт хүлгээ өвөг дээдэс маань зэвлэх морь гэдэг байсан юм билээ.

Такли-Маканы цөлийг зүүн талаас нь Монголын говь залгаж ирдэг. Зарим хүмүүс говийг цөл гэж бишгүй андуурдаг юм. Говь маань хавар болохоор л өнгө өнгөөр алаглаад ямар гоё болдгийг хараагүй хүн л тэгж боддог байх. Манайд гучин гурван говь байдаг гэх ч их, бага олон говиудыг бүгдийг тоолбол гурван зуу гараад явчихдаг юм билээ. Тэдний нэг нь Шандын говь юм. Цовоо хонгор “алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдсөн” болохоор нэлээд нас ахисан морь байж таарна. Говийг гатална гэдэг нь холоос гүйж яваа хөгшин морины хувьд үнэхээр л шандас сорьсон хэрэг. Дайчин агт хүлгүүдийн үр удам тул яс зааж Говийг гатлаад нутгийнхаа барааг харж байгаагаар дууны үгээ дуусгасан юм.

IV.

1991 онд дуу бичлэгийн студи гэж байсангүй. Дууны бичлэг хийдэг газар нь яахын аргагүй Улсын Радио Телевиз л байв. Очлоо. “Тийм дураараа юм гэж юу гэж байдаг юм? Зөвхөн уран бүтээлийн фондод орсон дууны авиа бичлэгийг л радио дээр хийдэг болохоос...” гэсэн хариу авав. Тэр фондод нь дууг яаж оруулдагийг сонирхвол, уран сайхны зөвлөлийн хурлаар шийддэг, хуралд орохоос өмнө дууны үгээ Монголын Зохиолчдын хороогоор, аяыг Монголын Хөгжмийн зохиолчдын холбоогоор батлуулдаг гэлээ. Дууны үгээ ч гайгүй, явж байгаад нэг юм батлуулчихлаа. Харин аяаа батлуулахаас өмнө тэрийг ноотлоно гэж хүнд асуудал гарах нь тэр. Хэд хэдэн хөгжмийн зохиолч дээр очлоо. Байдаггүй ээ. “Ямар хачин аятай юм бэ? Хэмжээ нь яадаг гэнэ ээ? За ёстой мэдэхгүй юм байна...” гээд л явахаа байлаа даа. Тэгж байтал хэн нэг нь “хөгжмийн зохиолч Чинзориг чамд тус болж магад, залуу хүн арай өөр байх” гэлээ. Хайж байгаад дорхноо оллоо. Соёлын төв өргөөний нэг өрөөнд хар төгөлдөр хууртай, өндөр цагаан туранхай ах сууж байна. “За чи ахдаа ганц шил юм аваад ир” л гэж байна шүү. Би ч итгэл жаахан муутай байсан ч гомдлын мөр гээд л дорхноо гүйгээд ирэв. Надаар хэд аялуулаад л, төгөлдөр хуур дээрээ хэд хэд дарж үзээд л дорхноо бичээд өглөө. Би ч урам хугарсан явсныг хэлэх үү, ийм амархан болчих байсан юм уу ухааны юм бодож итгэж ядаад л, бөөн хөөр болов. Надаас хариуд нь тэр ах харин сохор зоос ч авсангүй. “Зүүдний говийг” зохиосон Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригтой харьцаж байгаагаа нусгай миний бие тэхэд яаж мэдэх билээ дээ. Цэл залуугаараа тэнгэрт хальсан тэр ахтай дахин уулзаж баярласнаа ахин хэлж чадаагүйдээ би одоо хэр харамсаж явдаг юм.

Хөгжмийн зохиолчдын холбоо аяыг тэгж байгаад нэг баталлаа. Радио телевизийн уран сайхны зөвлөл ч хуралдаж, бичлэг хийх зам маань нээгдлээ. Яарахаар юм болгон удаж байгаа юм шиг санагдаад л хэцүү гэж. Жаахан ч байж, тэсэж ядаж байхад ажил нь амжихгүй байсан уу яасан, Хаянаа эгч (радиогийн дуу бичлэгийн инженер Хаянхярваа) бичлэг хийх хугацааг хэд хэд хойшлуулж бараг сар болов уу, яав. Гэтэл нэг өдөр миний мөрөөдөл биелж, “За чи маргааш 10 гээд хүрээд ир” гэсэн үгийг сонсож зүрх дэлбэрэхээ шахав. Манай гэрийнхэн мэдэж байгаа ч юм үгүй. Намайг урлаг хөөгөөд явчих вий гэж болгоомжлон угаас дэмждэггүй байв. Би ч бас аминдаа өөрөө юу чаддагаа харуулна гэж шазуур зуусан хүн, гитараа тэврээд л маргааш өглөө нь радио дээр яваад очлоо. Бичлэг яаж ийсээр байгаад 11 өнгөрөөж эхэллээ. Мэдээжийн хэрэг, Хаянаа эгч ч яг л мэргэжлийн шаардлагаа тавьж ажиллана шүү дээ. “Үгээ буруу хэлээд байна. Амныхаа хайрцгийг гаргаж дуул. Айраг анхилсан гэдэг чинь дуулахаар ханхалсан болоод байна... За больё. Сэнгэнэсэн болгоё.” Нэг цаг, хоёр цаг, гурван цаг... “Амаа тамшаачихлаа, гитарын утас чинь шүргээд чахарчихлаа, хөг нь гарчихлаа, үгээ идчихлээ, хэмжээ алдчихлаа, хөлөөрөө битгий хэмжээ аваад бай бичлэгэнд ороод байна, болохгүй бол хөлнийхөө хуруугаар гутлан дотроо хэмжээ ав” гэж жоохон явж байгаад л бичлэг зогсооно. Хэдэн арав, зуу явсны дараа би дууныхаа эх адгаа ч мэдэхээ байж, толгой эргээд миний алдах ч элбэгшив. Дөрвөн цаг, таван цаг... Гитар олон сар, жилээр дарахаар зүүн гарын хурууны үзүүр дээр зузаан эвэр тогтож, мод тогшихоор тог тог гэж дуугардаг болдог юм. Зогсоо зайгүй таван цаг гитар дарахад тэр эвэр ч нэмэргүй болж, миний хуруунууд час улайж, гитарын утсанд хүрэх болгонд аймшигтай янгинаж гарав. Гитарын утас бүдүүн байх тусмаа чанга, өнгөлөг дуугардаг тул би тийм утас шинээр хийсэн байсныг яана. Бүдүүн утсыг хөгөнд нь хүргэх гэж тэр хэрээр нь бас чангална. Зургаан цаг. Хаянаа эгч надаас ч дутахааргүй ядарсан харагдана. Ер нь нэг дууг ийм удаан бичиж байсан түүх байдаг ч юм уу, үгүй ч юм уу? Мэргэжлийн хүн байсан бол цагийн л ажил байсан байх даа.  Оройн нар зурагтын зүүн энгэрийн айлуудыг улаан ягаанаар нь будсан байхад би ядарсан, бас хачин жаргалтай амьтан радио телевизийн байрнаас гарч ирэхэд сэвэлзэж угтсан тэр салхийг би хэзээ ч мартахгүй. “Нутгийн минь саруул талыг салхи минь чи хүрээч, хүрээч!” гэсэн дууны минь сүүлийн үгнүүд аманд эрхгүй шившигдэж билээ.

V.

1991 оны намар МУИС-ийн оюутнууд ургац хураалтын ажилд туслахаар сангийн аж ахуй явахдаа энэхүү социалист уламжлал тэднээр ингээд тасарч, хамгийн сүүлчийн ээлж болж байна гэдгээ хэрхэн мэдэх билээ. Тухайн үед намрын ажилд явахаа ял мэт хүлээж авч байсан ч, одоо бол үзэж амжсан нь бидний аз завшаан байж гэж боддог. Тэр намар бидний оюутан насны хамгийн сайхан дурсамжуудын нэг болж үлдсэн юм. Ялангуяа миний хувьд. Биднийг сангийн аж ахуй хүрч явах замд 11 цагаас Цагаан лавайн эгшиг нэвтрүүлэг эхэлж, “Цовоо хонгор” улс даяар эгшиглэсэн юм. Би өөрөө даанч сонсож чадаагүй л дээ. Өвөөгийнхөө хөвөнтэй бор дээл, хярсан малгай өмссөн МУИС-ын Хууль зүйн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан би чинь тосон хүлээж буй ирээдүйнхээ зүг ачааны тэрэгний тэвшин дээр салхи сөрөн давхиж явлаа.

 

Да вангийн хошууны

Даваат залангийн

Түмэн агтны түрүүнд

Дүүлж явдаг байлаа

 

Арван таван лангийн

Алтан ембүүгээр

Алс холын газар

Зарагдсан билээ

 

Аргалын утаа униартсан

Айраг сэнгэнэсэн

Алтан намраа

Арван жил зүүдэлж мөрөөдлөө

Язгуур ариун газартаа

Ясаа тавих гээд

Оройн нэгэн нарнаар

Оргож одно доо

 

Алтаар чимсэн аргамж минь

Алдарч тасарлаа

Шандсын сайныг сорьсоор

Нутгаа би зорилоо

Шандын говийг гаталсаар

Шантарч ядарлаа

Шаргал сайхан тал минь

Тэртээ харагдлаа

 

Ангасан говийг хамт гаталж

Анд болсон салхи минь

Эрчит жигүүр дээрээ

Элбэрэлт нутгийн минь

Тансаг сайхан үнэрийг

Авчирч чи өгвөл

Төрсөн нутагтаа хүрэх

Тэнхээ би орноо...

 

Нутгийн минь саруул талыг

Салхи минь чи хүрээч, хүрээч!

 

 

[1] Манай удмынхан өвөг ааваараа овоглодог байв.

[2] Нэг төрлийн бэсрэг тууль


avatar
    • Зочин
    • 172.68.253.*

    anh udaa gereesee hol surguulid suusan 10 jiliin batsaan ter tsagaan lavain egshigiig chin sonsoj l yavlaa. ter namar hotod ih borootoi geree sanaad duu l ih sonsdog bj bilee.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%