Ё.Баатарбилэг: Иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХНХЯ хамтран “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Энэхүү хэлэлцүүлэг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, шийдвэр гаргах арга замыг хамтран тодорхойлох зорилготой юм. Мөн үеэр ХНХЯ-наас Монгол Улсын Засгийн газраас гэр бүлийн хөгжлийн чиглэлд 2016-2020 онд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийг бий болгох, гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд төрсөн цагаасаа эхэлж өмчийн эзэн байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүнд ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийг урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг аргачлалыг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм

Түүнчлэн нийгмийн хөгжлөө дагаад үүсч байгаа шинэ нөхцөл байдалтай уялдуулж, гэр бүлийн тухай хуульд шинээр тусгах олон асуудал урган гарчээ. Тодруулбал, гэр бүл цуцлалт, хүчирхийллийн улмаас хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларч, хүүхдийн ахуй амьдрал, сурлага хүмүүжилд сөргөөр нөлөөлж, улмаар гэрээсээ дайжиж, гудамжинд амьдрах, гэмт хэрэгт холбогдох, ял эдлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох зэрэг эрсдэлд өртөж байгааг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийн үеэр дурьдлаа.

Тэрбээр, "Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд төрөөс гэр бүлийн тогтвортой, хамтын амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүрэг бүхий төрийн байгууллагын чиг үүргийг тодорхойлж, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

Албан ёсны мэдээллээс үзэхэд 2017 оны байдлаар Монгол Улсад 885.6 мянгөн өрх айл байгаагаас 65 хувь нь хот суурин газарт, 35 хувь нь хөдөөд амьдардаг байна. Нэг өрх дунджаар 3-4 гишүүнтэй аж. Мөн онд 20.4 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оноос 22 хувиар өсөж, 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан байна. 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсоор батлуулсан бол 14 хувь нь батлуулаагүй байна. Залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг, эхтэйгээ амьдардаг гэсэн судалгааг холбогдох төрийн байгууллагууд гаргасан байна. Түүнчлэн орон сууцанд амьдарч буй залуу гэр бүлүүдийн 35.1 хувь нь орон сууцны зээлтэй байгаа ажээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2813

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%