ЭРҮҮЛ МЭНД: Эрсдэл ба энгийн мэдлэг

 

 Хавдрын чиглэлээр Монголдоо тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг гэгддэг Ж.Чинбүрэн эмчийн лекцэнд суух боломж гарав. Эмзэг бѳгѳѳд чухал сэдвийг маш сонирхолтой, ойлгомжтой байдлаар тайлбарладаг хүн байна.

Монголчуудын нас баралтын гол шалтгаан буюу бидний хамгийн том дайсан бол даралт, зүрх судасны ѳвчин байсаар ирсэн. Хоёрт, хорт хавдар ордог (Гуравт элдэв гэмтэл, хордлого гэх мэт зүйлс).

Хавдрын хувьд, эрчүүдийн ⅓, эмэгтэйчүүдийн ⅕ нь тусдаг, 2016 оны байдлаар монголчуудын нас баралтын 25%-г эзэлж буй ѳвчлѳл. Насжилт, хотжилт нэмэгдэхийн хэрээр цаашид эдгээр тоо зѳвхѳн нэмэгдэнэ гэдгийг эмч онцолж байв. Хавдрын эсүүд одоо ч бидний биед үүсч л байгаа, харин залуу хүний дархлааны систем нь тэдгээр эсүүдийг байнга устгаж байдаг. Хүн хѳгшрѳхѳѳр дархлаа нь муудаж, хортой эсүүдтэй тэмцэх чадвараа алдсанаар хавдар тусдаг аж. Монголд дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр (2017 оны байдлаар эрэгтэй дундаж наслалт 66, эмэгтэй 75) хавдрын ѳвчлѳл ч бас нэмэгдэнэ гэсэн үг.

Жишээ нь, дэлхийд хамгийн урт насалдаг Японд нас баралтын No.1 шалтгаан нь хорт хавдар. Тийм ч учраас энэ чиглэлийн эмчилгээ судалгаа нэлээд хѳгжсѳн. Миний мэдэхээр, цусан дахь хавдартай тэмцдэг дархлааны эсийг нь үржүүлж, 5-10 жилдээ хавдар тусахгүй байх магадлалыг нь нэмэгдүүлдэг эмчилгээ бий болж, мѳнгѳтэй хятадууд их хийлгэдэг болсон.

Нѳгѳѳ талаар, хотжилттой холбоотой амьдралын хэв маяг, орчны бохирдол, хоол хүнсний асуудал хавдрын ѳвчлѳлийг нэмэгдүүлэх том хүчин зүйл гэгддэг. Ялангуяа Улаанбаатар тѳдийгүй аймгийн тѳвүүд ч жилийн бараг тэн хагаст нь түүхий нүүрсний утаагаар амьсгалдаг тул цаашид уушигны хорт хавдар ч эрчимтэй нэмэгдэх эрсдэлтэй. Монголд уушигны хавдар эрчүүдийн хувьд аль хэдийн No.3 хавдрын ѳвчлѳл болсон. Тэдгээрийн 90% нь тамхичид байдаг тул утаа бол бодит эрсдэл юм. Сүүлийн үед ханиад хүрч буй бага насны хүүхдүүд астмын шинжтэй, их л хүндээр тусдаг болсон гэдгийг эмч онцолж байв. Иймд ѳвѳл маскаа зүүх, агаар шүүгчийг ядаж унтлагын ѳрѳѳндѳѳ тавих!

Дээр нь хотын иргэдийн хоол хүнсэнд агуулагдаж буй хурдан ургуулах, хол тээвэрлэх, удаан хадгалах орцууд хүний биед хэрхэн нѳлѳѳлѳх вэ гэдэг том асуудал. Малд хийдэг вакцин тариа, хүнсний ногоонд ашигладаг бордоо пестицид ч үүнд хамаатай болов уу. Мѳн хотын завгүй, стресстэй амьдралын нэг хэсэг болсон кофе, алкохол, түргэн хоолнууд, гуанз рестораны ариун цэврийн байдал зэрэг нь элэг, ходоодыг хэрхэн цочроох вэ, хавдар үүсгэх үү гэдэг асуудал юм.

Хавдрын ѳвчлѳлийг дотор нь ангилбал Монголд No.1 элэг, No.2 ходоод, No.3 нь эрчүүдийн хувьд уушги, эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний хавдар (энэ нь HPV вирусаас үүсдэг) байна.

Монголд элэгний хавдар нийт ѳвчлѳгсдийн 40%-ийг эзэлж байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин ѳндѳр үзүүлэлт.

Үүнд нѳлѳѳлж буй гол хүчин зүйл бол элэгний B,C вирус. Эдгээр вирус байгаа бол бараг л баталгаатай хавдар тусах тул, эртхэн оношлуулж эмчлүүлэх нь зүйтэй. Ялангуяа C вирусыг бүрэн эмчилдэг болсон энэ үед мэдэхгүйгээсээ болж амьдралаа эрт дуусгах нь харамсалтай гэдгийг эмч онцлов. Эсвэл хожуу мэдсэнээс болж $40-250K зардал тѳлж гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй болдог тохиолдол ч цѳѳнгүй байсаар.

Түүнчлэн, баталгаагүй газар шивээс хийлгэх, зүү тавиулах, тариа тариулах, шүдээ эмчлүүлэх, сахлын татуургаа хүнтэй солилцох, хамгаалалтгүй секс--бүгд вирус халдах эрсдэлтэй алхам тул зайлсхийх хэрэгтэй. Тэгээд мэдээж архины хэрэглээнд анхаарах. Жишээ нь, ѳдѳр бүр вино уудаг европчуудад, ялангуяа эмэгтэйчүүдэд түгээмэл ажиглагддаг зүйл бол элэгний хатуурал. Алкохол шууд хавдрын шалтгаан болдог гэж батлагдаагүй ч элгийг гэмтээснээр, эрсдлийг огцом нэмэгдүүлдэг томоохон хүчин зүйл.

Ходоодны хавдрын хувьд, хеликобактер шарх үүсгээд, энэ нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Саяхныг болтол хүн тѳрѳлхтѳн хеликобактерийн талаар сайн мэддэггүй байсан ч, одоо бол антибиотик уугаад л эмчилдэг болчихсон.

Анх Австрали эрдэмтэн (B.Marshall) хеликобактер уун, ходоодны шарх үүсгээд, эргээд ѳѳрийгѳѳ эмчилснээр 2005 онд анагаах ухааны Нобелийн шагнал авч байсан. Энэ нь стресс, халуун ногоо, ходоодны хүчил шарх үүсгэдэг гэдэг тухайн үеийн уламжлалт тайлбарыг эргүүлсэн нээлт байсан гэдэг. (Энэ талаар Think Like A Freak номон дээр сонирхолтой тайлбарладаг).

 
 

Хоол боловсруулах эрхтэнд хүнс мэдээж чухал. Хор идвэл үр дүн нь тодорхой. Монголчуудын хувьд давсны хэрэглээ ѳдѳрт 20 гр байгаа нь дэлхийн дунджаас 4-7 дахин ѳндѳр үзүүлэлт гэнэ. Шорвог цай уудаг баруун аймгуудад ходоодны хавдар эрс ѳндѳр байдаг юм байна.

Тэгвэл ямар хоол хүнс хэрэглэх вэ гэдэг дээр ямар нэг тѳгс жор байхгүй, одоогоор мѳрдѳгдѳж буй хамгийн сайн зѳвлѳгѳѳ бол -- “Битгий хэтрүүл/туйлшир”. Жишээ нь, мах гурилаа идэх нь хамгийн аюулгүй гээд орой болгон 1 аяга лапша идэх нь ѳѳрѳѳ хэтрүүлсэн/туйлширсан зүйл болно. Энэ утгаараа "бүх ѳндгѳѳ 1 сагсанд бүү хий" гэдэг санхүүгийн зѳвлѳгѳѳтэй тѳстэй санагдав.

Ѳмнѳ үзсэн нэг баримтат кинон дээр 100 насалсан эмгэний нууцыг мэдэх гээд “Та ямар хоолны дэглэм барьсан бэ?” гэж асуухад “Хүүхэд насандаа ч, залуу насанд нь ч Япон оронд амьдрал хэцүү байсан тул олдсоныг нь л иддэг байсан” гэж хариулж байсан.

Уул нь Монголчуудын нас баралтын хамгийн том шалтгаан болсон 2 ѳвчний тухай хангалттай их мэдлэг анагаах ухаанд бий болсон байна. Даралт, зүр судасны ѳвчин нь ихэвчлэн хѳдѳлгѳѳний дутагдал, буруу хооллолт & архины хэрэглээнээс үүдэлтэй илүүдэл жин гэх мэт амьдралын зохисгүй хэв маягтай шууд холбоотой. Алдаагаа эртхэн засвал нэг л ѳдѳр цус харвалт, зүрх нь зогсох гэх мэт үр дүнд хүргэдэг, одоогоор 3 монгол хүн тутмын 1-ийн үхлийн шалтгаан болдог энэ том эрсдлээс сэргийлэх боломжтой.

Харин хавдрын хувьд, өвчлөгсдийн 90% нь 45-75 насныхан байна. Харамсалтай нь 80% нь хожуу үедээ илэрдэг. Улмаар эмчилгээ хийлгэсэн 100 хүний ердѳѳ 18 нь л 5-аас дээш жил насалдаг. Иймд 40-ѳѳс дээш насныхан архиа багасгаад, тамхиа хаяад, тогтмол үзлэг хийлгээд, B,C, HPV вирусаа шалгуулаад, хеликобактериа устгуулаад, ходоодоо дурандуулаад явахыг эмч зѳвлѳж байна.


avatar
    • Amitaba
    • 172.68.253.*

    Таны бичсэн энэ нийтлэлийг унших гэж нүдээ чилээж, цаг гаргаж буй хүнд эрүүл амьдрах хэвшил, урт нас хайрлаж чадах дөнгүүр нийтлэл болжээ. Улам ихийг бүтээж, уншигчдад ухаан хайрлаж явахыг ерөөе.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2813

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%