ЦЭЦ: Монгол Ардын Нам, Халтмаагийн Баттулга хоёрын хэн нь илүү худалч вэ?

trends.mn улстөрийн хариуцлага, ой санамжийг сайжруулах зорилготой АМ АСУУЯ буландаа МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Х.Баттулгын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс хэсэгчлэн толилуулж байна.

УИХ-ын чуулганы тавдугаар сарын23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан захирамжийн дагуу Б.Буяндэлгэр  Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг, УИХ-аас нэр дэвшүүлснээр Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан хуульчдын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж(хэлэлцүүлгийн Live видеог эндээс үзнэ үү), Үндсэн хуулийн манаа, иргэний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн суурь багана болсон Үндсэн хуулийн цэцэд мэргэжлийн бус улстөрийн томилгоо хийснийг эсэргүүцэх байр суурь дээр нэгдсэн. Иргэд болон мэргэжлийн хуульчдын зүгээс энэхүү томилгоог шүүмжлэх, эсэргүүцэх дуу хоолой олон нийтийн сүлжээгээр үргэлжилсээр байна. Ердөө 4 өдрийн дотор Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-аас санал оруулж,  УИХ-ын нэгдсэн чуулганаар бараг 100 хувийн саналаар баталсан энэхүү томилгоо Ерөнхийлөгч Х.Баттулга ба МАН-ын мөрийн хөтөлбөрт хэр дүйцэж байна вэ? Эрх баригч Монгол Ардын Нам ба төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга хоёрын хэн нь илүү худалч вэ?

МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Төлөвшсөн эрх зүйт төр-Тогтвортой хариуцлагатай засаглал" хэмээх 4.1 дүгээр бүлэгт тэр цагийн бодит байдлыг ийн дүгнэжээ.

 БОДИТ БАЙДАЛ:

Монгол Улсад Үндсэн хуулийг үл хүндэтгэсэн, бүдүүлгээр зөрчсөн, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн үйл явдал хэвийн үзэглдэл болж, улс төрийн дарангуйлал тогтлоо. Үндсэн хуульт ёс алдагдан төрийн дээр нам, фракцийн эрх ашиг тавигдаж ардчилал, улмаар иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирлаа.

Хуурамч ардчиллыг устгаж, дүр эсгэсэн ардчиллаас жинхэнэ ардчиллын ололт, үнэ цэнийг хамгаалах зайлшгүй цаг үе тулаад байна. Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байна.

Хууль дээдлэх зарчим бүрэн алдагдаж эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирлах явдал газар авлаа. Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэцийг хүртэл эрх баригч хүчин өөрсдийн харцаар хөдөлгөхийг хүсч байна. Үндсэн хуулийг шинэчлэн баталсан 1992 оноос хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр иргэдээс гаргасан өргөдлийн 70 орчим хувийг 2012 оноос хойш гаргажээ. УИХ-ын гишүүд олноороо “давхар дээл” нөмөрснөөр төр засгийн ажил цалгардаж “Их ажлын дүр, ид ажлын садаа” болон хувирлаа.

Төрийн ажлын мэдлэг туршлагагүй, зөв хандлагагүй хүмүүсийг төрийн захиргааны албан тушаалд томилж, бодлогын алдаа хийсэн нь өнгөрсөн 4 жилд эдийн засаг, нийгмийн амьдралд бий болсон сөрөг үр дагавруудын үндсэн шалтгаан болжээ. 

Улмаар эдгээр асуудлыг ингэж шийдэхээр завдаж байсан байна.

 Бид ингэж шийднэ:

4.2.8. Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх Мерит тогтолцоог хэвшүүлнэ.

4.3.1. Үндсэн хуулийн цэц, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоно.

2016 онд завдаж байсныгаа мартсан болов уу гэтэл ердөө 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Засгийн газраас тогтоол гаргаж баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг дараах байдлаар баталсан байх аж.

 3.5.1.5. улс төрийн болон төрийн албаны чиг үүргийг зааглах.

3.5.2. “төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцооны үндсийг бүрдүүлэх” 14 дэх зорилтын хүрээнд:

3.5.2.1. төрийн албанд мэдлэг боловсролоороо өрсөлдөж, чадвараар нэр дэвших, томилогдох боловсон хүчний тогтолцоог бий болгох;

3.5.2.2. хариуцлагатай, шударга,  ил тод төрийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангаж хэрэгжүүлэх;

Харин Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт “Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдэлнэ” хэмээх 2.1 дүгээр зүйл болон мэргэшсэн төрийн албаны тухай 2.4 дүгээр зүйлд дараах байдлаар тунхаглан бичсэн байна.

 Монгол Улсад хүний язгуур эрхийг дээдэлж, хэнийг ч үл ялгаварлан иргэнээ хамгаалсан хуулийн засаглал бүхий, хариуцлагатай, нээлттэй, ил тод, тунгалаг төрийн үйлчилгээг төлөвшүүлэх зарчим баримтална. Хүний эрх, эрх чөлөө, баялаг бүтээгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, төрийн тогтвортой бодлогоор урамшуулан дэмжихийг эрмэлзэж ажиллана. Үүнд:

2.1.1. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллах;

2.1.2. Ил тод, шударга сонгон шалгаруулалтаар төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлж ажиллахыг бүхий л талаар дэмжинэ. 

 2.1.3. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийн төлөө бодлого, санаачилга гарган ажиллах; 

2.1.7. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.4. Мэргэшсэн төрийн албатай, иргэдийн төлөө нийтийн үйлчилгээг дэмжинэ

2.4.1. Төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, цомхон, үр өгөөжтэй зохион байгуулалтыг дэмжиж, туршлага, авьяас чадвар, бүтээлч хандлагад суурилсан сонгон шалгаруулалтын шинэлэг зарчмыг шингээсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих; 

Тэгээд дээрх амлалтуудаас дүгнэвэл эрх баригч Монгол Ардын Нам ба төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга хоёрын хэн нь илүү худалч байна вэ? Өдгөө МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намаа хувааж засаг авахдаа амалсан нялуун амлалтуудыг нэмэх юм бол бүр хошин дүр зураг үүснэ. Хэрвээ худалчаа үзэх уралдаанд төрийн 3 өндөрлөг бүгд түрүүлсэн бол тэр бүхэнд өдрөөс өдөрт, жилээс жилд, сонгуулиас сонгуулийн хооронд хууртаж суугаа иргэд олон нийт тэнэгээ үзэх уралдаанд түрүүлж таарах нь. Худалч ба тэнэгүүдийн оронд хуулийн засаглал, шударга ёс, мэргэшсэн төрийн алба, тэдгээрээр нөхцөлддөг хөгжлийн сураг улам бүр алсарсаар.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2641

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%