Нийтлэл 06 сарын 01, 2018

ХҮҮХДҮҮД: Бид ингэж хүсдэг

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хүүхэд бүр баярлах эрхтэй. Тэдний шинэхэн гоёлоо өмсөж, дуртай бэлгээ авахуулж, инээж хөөрч, дуулж бүжиглэж  хамгийн жаргалтай байдаг өдөр бол яах аргагүй энэ өдөр. Тэгвэл тэдгээр бяцхан хүүхдүүд юу хүсэж, юуг мөрөөдөж, хүүхдийн баярын өдөр томчуудаас ямар бэлэг хүсдэг тухай тодруулахаар энэхүү  сурвалжлагаа бэлтгэлээ. 

 Тэд  юу  хүсэж, мөрөөддөг вэ? 

Бид ингэж хүсдэг 

Г.Тэмүүлэн:  Би харсан бүх юмаа худалдаж авахсан гэж мөрөөддөг. Том болоод ээж шигээ ажилтай болохыг хүсдэг. Бас хөл бөмбөг тоглодог хүн болох юмсан. Хүүхэд болгон над шиг мөрөөддөг байх даа. Нээрээ, би төгөлдөр хуур тоглож сурахыг маш их хүсч байгаа. Даан ч олон хүнд тоглож өгөх гэхээр ичээд, зүрх түг түг гэж цохилоод чаддаггүй юм.

Э.Золжаргал, 12 настай: Би айлын ганц хүүхэд. Тийм учраас дүүтэй болохыг хүсдэг. Охин дүүтэй болохыг хүсдэг. Мөн би том болоод маш аз жаргалтай, сайхан амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай, сайхан амьдрахын тулд ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй, бас эрдэм номтой сайн хүн болохыг хүсэх хэрэгтэй. Том болоод спорт загварын хар машинтай болохыг хүсдэг. Үлгэрт гардаг шиг маш том байшинтай болж, аав, ээжтэйгээ үүрд хамт амьдрахыг хүсдэг.

Э.Алтан-Эрдэнэ 14 настай: Би гэртээ ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Би бүр бага байхын л загвар зохион бүтээгч болохыг мөрөөдөж, хүүхэлдэй болон хувцасны загвар зурдаг байсан. Сайн сайн загвар зохион бүтээж, Европын Fashiоn TV Dolce Gabbanna, Versace, Chanel брэндүүд шиг өөрийн гэсэн брэнд нэрийн дэлгүүртэй болж, монгол бүсгүйчүүдэд ердийн үнээр зарахыг хичээх болно.

Ж. Батбаяр 11 настай:  Ээж бид хоёр НӨАТ-ын баримтаас 100 сая төгрөг хожчихвол гэж дандаа мөрөөддөг. Хэрэв 100 сая төгрөг хожвол гоё олон өрөө байртай болж бас ээж маань өөрийн гэсэн бизнестэй болно. Тэгээд санаа зовох зүйлгүй амьдарна.

П.Солонго 5 настай: Би агаа шиг ээ гоё зурж чаддаг болохыг мөрөөддөг. Манай агаа усан будгаар, бас өнгийн харандаагаар зөндөө олон гоё зургууд зурсан. Одоо агаа  ээжийн зургыг  зурж төрсөн өдрөөр нь бэлэглэнэ гэсэн.  

Л.Тэмүүлэн 9 настай : Би том болоод гоё машинтай болно. Надад зөндөө олон тоглоомон машин байгаа ч би өөрөө унаад явдаг гоё тэгээд үнэтэй машинтай болмоор байна. 

М.Сарангэрэл 13 настай : Би эмч болохыг хүсдэг. Эмч мэргэжилтэй болвол гэр бүл маань өвчин зовлонгоос айх зүйлгүй амьдрах болохоор 

Г.Манлай 13 настай: Маш олон зүйлийг мөрөөддөг. Мөрөөдөл маань жилээс жилд өөрчлөгддөг. Хамгийн том мөрөөдөл маань гэвэл өөрийн гэсэн онцлогтой цоо шинэ гар утас зохион бүтээхийг мөрөөддөг 

"АЗ ЖАРГАЛ"  тэдний нүдээр 

Б.Намуун 6 настай : Аз жаргал бол гэр бүлээрээ салхинд гарах. Салхинд гарахдаа бид майханд унтдаг. Надад майхан унтахад сонирхолтой бас би халууцдаггүй. 

Б.Хүслэн 5 настай : Аз жаргал бол аав ээжтэйгээ хамт дэлгүүр орж зөндөө олон тоглоом авах.  Надад охидод зориулсан гал тогооны тавилга тоглоомын өрөө байгаа. Одоо би гоо сайхны өрөөтэй болвол гоё. 

Ө.Билэгсайхан 12 настай : Гэр бүлээрээ үргэлж хамтдаа байхад хамгийн их жаргалтай байдаг. Өнгөрсөн жил манай гэрийнхэн зуны нэг сар маш олон аймгуудаар аялсан. Тэр үед хамгийн их жаргалтай байсан. 

Б.Энхзаяа 8 настай : Ээжтэйгээ хамт хоол хийхэд нь тусалахад гоё байдаг.  Би ээждээ ногоо арилгаж угааж өгдөг. Ээжтэйгээ хамт хоол хийхэд ээж маань намайг ахлах тогооч гэж нэрлэдэг. Бас надад ээжтэй адилхан гоё ягаан өнгийн хормогч байгаа. 

Тэдэнд ямар бэлэг хамгийн гоё вэ? 

Ж.Саруул 7 настай : Аав маань надад жил бүр үлгэрийн ном бэлэглэдэг. Энэ жил ч бас бэлэглэсэн. Миний хувьд хамгийн гоё бэлэг ааваасаа авсан бэлэг. 

Х.Туул  9 настай : Манай ах театрийн жүжигчин. Тэгээд жил бүр надад олон гоё хүүхдийн жүжиг үзүүлдэг. Энэ бол хамгийн гоё бэлэг. Би жүжиг үзэж ирээд гэрийнхэндээ жүжиг тоглож үзүүлдэг. 

Л.Номин 8 настай: Би аав ээжтэйгээ паркад тоглох хамгийн гоё тэгээд бас миний хамгийн дуртай Haribo чихэртэй бэлэг авбал би их баярладаг. 

З.Анкар 6 настай : Би ээжийнхээ авдаг шиг том том олон ширхэгтэй сарнай бэлгэнд авахыг хүсэж байна. 

Б.Номин 6 настай : Гүнжийн хувцас авбал гоё.  Надад одоо гурван гүнжийн хувцас байгаа.  Би сургуульд орсон болохоор үргэлж гүнжийн хувцас өмсөж чадахгүй болсон. Өдөр болгон хичээлийн хувцасаа өмсөж явдаг. Гэхдээ би гүнжийн хувцасандаа илүү дуртай. 

С.Хүслэн 9 настай : Том хайрцагтай бэлэг хамгийн гоё. Дотор нь зөндөө олон тоглоом амттан байх хэрэгтэй. 

Ц.Намуун 4 настай : Зөндөө олон зайрмагтай бэлэг гоё. Би шоколадтай зайрмагт илүү дуртай.  

Ө.Өсөхжаргал 5 настай : Том ууттай, уут нь үлгэрийн баатрын зурагтай бэлэг гоё.  

"ХАЙР" тэдний бодлоор

Т. Сондор 5 настай : Ээж, аавын маань намайг үнсэж байгааг хайр гэнэ. 

Ч.Мишээл 11 настай: Бие биедээ анхаарал халамж тавьж, үргэлж хамт байхыг хайр гэнэ. 

Д.Далай 6  настай : Дүүгээ өвдөхөөр би бас уйлдаг. Энэ бол миний дүүгээ хайрлаж байгаа хайр. 

Ш.Энхжин 12 настай : Бие биеээ сонсож үргэлж хамт байхдаа хайртайгаа илэрхийлэх. Би ээждээ аавдаа хэлж чаддаггүй ч дүүдээ үргэлж хайртайгаа хэлдэг.   

Аз жаргал, хүсэл мөрөөдлийн тухай хамгийн гэгээн, хамгийн сайхан зүйлсийг тэднээс тэр тусмаа өнөөдөр  сонсоно.  Энэ л өдөр алдрай бяцхан үрсий минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг. Энэ өдөр хүүхэд бүхэн инээж байг. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-12-11

    Энэ бол төгс

    • Зочин
    • 2022-05-11

    Хүүхдийн мөрөөдөл гэж юу вэ?

arrow icon