Б.Түмэнцэнгэл: Зээлийн хүү эдийн засгийн нүүр царайг илэрхийлэх индикатор

Монгол банкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй “Зээлийн хүү ба эдийн засаг” сэдвийн хүрээнд ярилцлаа.

Зээлийн хүү нийгэмд хамгийн их анхаарал татсан, шүүмжлэл дагуулсан сэдвүүдийн нэг болсоор ирсэн. Зээлгүй хүн ховор гэдэг ч зээлийн хүүг ойлгодог хүн бас цөөн. Хүүг хэрхэн ойлгох нь зүйтэй вэ?

Аль нэг банкны хувьд авч үзвэл зээлийн хүү гэдэг нь нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнийг илэрхийлдэг зүйл юм. Өөрөөр хэлбэл бизнесийн ч юмуу, эсвэл хэрэглээний зорилгоор мөнгө зээлж тодорхой хугацаанд ашигласны төлбөр гэж ойлгож болно. Харин том зургаар нь харвал банкны системийн хэмжээнд дундаж хүү хэд байна вэ гэдэг нь тухайн улс орныхоо эрсдлийн түвшнийг илэрхийлэх нэг хэмжүүр болдог. Тэгэхээр зээлийн хүүний талаар тайлбарлахад микро болон макро энэ 2 өнцгийн аль аль нь чухал.   

Макро талаасаа зээлийн хүү нь аливаа улс орны эрсдлийн хэмжүүр болдог гэсэн. Яагаад зарим улс оронд хүү бага, харин зарим улс оронд ѳндѳр байдаг вэ?

Дэлхийд хамгийн бага хүүтэй орнуудын нэг Японы жишээг авч үзье. Яагаад тэнд зээлийн хүү жилд ердөө 1-2% байна вэ? Үүний гол шалтгаан бол япончууд өрсөлдөх чадвар өндөртэй, Лексүс эсвэл Приус машин үйлдвэрлээд дэлхий даяар зарж чаддагтай л холбоотой. Тоёота шиг компанийг байгуулж чадвал дэлхийн хаанаас ч маш хямд санхүүжилт авах боломжтой. Санхүүгийн байгууллагууд ѳѳрсдѳѳ хүрч ирээд харилцагчаа болгоод, ямар хэрэгцээ байгааг нь асуугаад таатай нөхцлүүд санал болгоно. Хувьцаа гаргаад Токио, Лондон, Нью-Йорк гээд дуртай хѳрѳнгийн бирж дээрээс мѳнгѳ босгосон ч боломжтой. Тэгвэл ийм өрсөлдөх чадвартай компаниудтай улс байхын тулд тодорхой нөхцөл, шалгуурууд бий.

Улс тѳрчид нь ёс зүйтэй, бодлого нь оновчтой бѳгѳѳд тогтвортой, бизнес эрхлэх орчин нь таатай, боловсролын систем нь шилдэг мэргэжилтнүүдийг бэлддэг байх ёстой

гэх мэт. Ингэж чадвал компаниуд нь дэлхийд ѳрсѳлдѳх чадвартай, гадаад худалдаа нь ашигтай, үндэсний хуримтлал нь ѳндѳр, эдийн засаг нь тогтвортой, дагаад эрсдэл бага, үүнийг дагаад хүү бага байна гэсэн үг. Японы хувьд хүн амын насжилтаас үүдэлтэй дефляци хүүнд давхар нѳлѳѳлдѳг ч, хүү бага байгаа цаад логик нь үйлдвэрлэлийн өндөр чадавх, эдийн засгийн өрсөлдөх чадвар, түүнийг бий болгож байгаа институцийн орчин, боловсролын түвшин гэх мэт суурь фундаментууд юм. Зээлийн хүү бага бусад хөгжсөн орнуудын хувьд ч мөн төстэй зүйлийг хэлж болно. Энэ утгаараа зээлийн хүү нь аливаа эдийн засгийн нүүр царайг илэрхийлэх индикатор болдог гэсэн үг.

Тэгвэл банкууд зээлийн хүүгээ хэрхэн тогтоодог вэ?

Зээлийг санхүүгийн бүтээгдэхүүн гэдэг утгаар нь харвал нэг талаас ямар өртгөөр бүтэж байна вэ, нөгөө талаас банк эдгээр зардлуудаа хэрхэн нөхөж, ямар хэмжээний ашигтай ажиллах зорилготой байна вэ гэдгээс энэхүү бүтээгдэхүүний үнэ буюу хүү хамаарна. Зардал талаас нь авч үзвэл банкуудын хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдлийн нэмэгдэл гэсэн 3 зүйл хамгийн чухал нөлөөтэй байдаг. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчиддээ төлдөг хүү нийт зардлын 60% орчмыг бүрдүүлдэг, хамгийн гол зардал юм. Үйл ажиллагааны зардлын хувьд, банкны үйлчилгээнд шаардлагатай салбар оффисын түрээсийн тѳлбѳр, ажилтнуудын цалингаас эхлээд ATM ажиллуулах зардал хүртэл багтана. Энэ нь тухай банкны бизнес загвар, салбар нэгжийн тоо, бүтцээс хамаараад харилцан адилгүй байдаг. Эрсдлийн нэмэгдлийн хувьд, зарим зээл чанаргүйдэж эргэн төлөгдөхгүй тохиолдол гардаг учраас зээлийн хүүнд заавал шингэдэг бүрэлдэхүүн юм. Ингэснээр 100 төгрөгийн зээлээс 10 төгрөг нь эргэж төлөгдөхгүй байлаа ч хадгаламж эзэмшигчдийн мѳнгийг 100% эргүүлж ѳгѳх боломж бүрддэг. Банк өөрөө бизнесийн байгууллага учраас эдгээр зардлуудаа нөхөөд цаана нь тодорхой ашгийн маржинтай ажиллахын тулд орлогын эх үүсвэрүүдээ санхүүгийн төлөвлөгөөндөө тусгадаг. Үүний хүрээнд татан төвлөрүүлсэн эх үүсвэрээрээ хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ (үнэт цаас уу, зээл үү, ямар валютаар г.м.), ямар үйлчилгээг харилцагчдаа санал болгох вэ гэдгээ тодорхойлно. Бенчмарк хүү буюу Төв банкны бодлогын хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүү, Заавал байлгах нөөцийн хувь хэмжээ болон урамшуулалтай холбоотой алдагдсан боломжийн ѳртгийн нөлөө, бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн нөлөө энд гарч ирнэ гэсэн үг. Мөн банкны үйлчилгээний шимтгэл хураамж болон арилжаа ханшийн тэгшитгэлийн орлогын хэмжээ хэр их байх вэ гэдэг зүйлс ч багтана. Тэгэхээр тухайн үеийн зах зээл дээрх санхүүжилтийн эрэлт, өрсөлдөөн, банкны өөрийн чадавх, бизнесийн стратеги, түүнтэй уялдсан санхүүгийн төлөвлөгөө ямар байхаас шалтгаалаад банк аль төрлийн зээлийг ямар хэмжээ, хүүтэй гаргах вэ гэдэг зүйл тодорхойлогддог гэсэн үг.

Монголд зээлийн хүү өндөр байгааг жилийн жилд банкуудын ашигтай холбож, ашгийг  бууруулах шаардлагатай гэсэн шүүмжлэл яригддаг. Банкууд үнэхээр их ашиг олоод байна уу, гадаадын бусад улс орнуудтай харьцуулахад ашигт ажиллагаа ямар байгаа вэ?

Банкуудын цэвэр ашгийн хэмжээ хэт ѳндѳр байна гэдэг шүүмжлэл ихэвчлэн мэргэжлийн бус хүрээлэлд ѳрнѳж харагддаг. Шинжээчдийн хувьд, 1 тѳгрѳгийн ашгийг хэр их хэмжээний мѳнгѳөр олсон бэ гэдгээр гол дүгнэлтээ хийдэг. Жишээ нь, 2017 онд банкны сектор 249 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэвэл өндөр дүн шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ нь банкууд 28 их наяд тѳгрѳгийн актив хѳрѳнгийг эргэлдүүлсний үр дүн гэвэл харах өнцөг өөрчлөгдөх байх. Энэ нь Монголын бүх хадгаламж эзэмшигчийн мѳнгийг цуглуулаад, эргээд 1 сая гаруй зээлдэгчид зуучилж, бизнесийн бүхий л салбарт санхүүгийн үйлчилгээ үзүүлсний үр дүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн чадавхийг л харуулж байгаа нэг үзүүлэлт. Ингээд бодохоор 249 тэрбум төгрөг гэдэг бага тоо бѳгѳѳд цаашид эдийн засгийн орчин сайжирч, ѳсѳлт бий болохын хэрээр энэ дүн буурах биш, харин ч ѳсѳх ёстой. Хэрэв 249 тэрбумын ашгийг банкны салбарын 2.7 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөд хуваагаад үзвэл Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) нь ойролцоогоор 9% болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр -- хэрэв Та хѳрѳнгѳ оруулагч бол банк ажиллуулахын оронд мѳнгѳѳ 14% хүүгээр 1 жилийн хугацаатай хадгаламжид хийх нь илүү ѳндѳр ѳгѳѳжтэй гэдгийг илэрхийлж байна. Банкуудын ашгийг бусад улс орнуудтай харьцуулаад үзсэн ч мөн төстэй зүйлийг хэлж болно. Жишээ нь, 2006-2015 оны хооронд Монголын банкны секторын ѳѳрийн хѳрѳнгийн ѳгѳѳж дунджаар 14.1% байв. Үүнтэй харьцуулахад манайхтай орлогын түвшнээрээ ижил ангилалтай (lower middle income) орнуудын хувьд энэ үзүүлэлт 14.6% байсан.

 Монголд зээлийн хүү бусад улс орнуудтай харьцуулахад хэт ѳндѳр байна гэсэн шүүмжлэл түгээмэл. Үүний гол шалтгаан юу вэ?

Дэлхийн улс орнуудыг сүүлийн 10 жилийн зээлийн нэрлэсэн хүүний дунджаар нь харьцуулахад манай улс эхний 15-д жагсдаг. Хэдийгээр Монголд зээлийн жигнэсэн дундаж хүү 1990-ээд оны эхэнд 300% давж байснаа 2000 оны эхээр 40% болж, сүүлийн 10 жилд үргэлжлэн буурсаар байгаа боловч одоогийн 18-19% гэдэг харьцангуй ѳндѳр байна. Үүний шалтгаан зээлийн хүүнд шингэдэг гол бүрэлдэхүүн хэсэг болох эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдлийн нэмэгдэл, ашгийн маржин зэргээс тодорхой харагддаг. Хамгийн анхаарал татахуйц өндөр нөлөөтэй байдаг бүрэлдэхүүн гэвэл хадгаламжийн хүү, болон эрсдлийн нэмэгдэл юм. Тухайлбал, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү сүүлийн 10 жилийн дунджаар 12% байгаа нь дэлхийд эхний 9-д орох ѳндѳр үзүүлэлт бөгөөд зээлийн хүүнд шингэж буй гол зардал болж байна. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд эдийн засгийн орчин таагүй байсантай холбоотойгоор нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 15% орчимд хүрсэн нь зээлийн хүүнд шингэдэг эрсдлийн зардлыг нэлээд ѳсгѳсөн. Харин банкуудын үйл ажиллагааны үр ашигт байдлыг илэрхийлдэг Cost/Income харьцаа системийн дунджаар 50% орчим байгаа нь бусад орнуудтай харьцуулахад тийм ч муу үзүүлэлт биш юм. Зарим олон салбар нэгжтэй өндөр зардалтай банкуудын хувьд үйл ажиллагааны үр ашигт байдлаа сайжруулах орон зай бий ч, системийн хэмжээнд аваад үзвэл зээлийн хүүг өндөр түвшинд тогтоож буй гол шалтгаан нь үйл ажиллагааны зардал биш гэдэг дүгнэлтийг эндээс хийж болно. Мөн банкны салбарын ашигт ажиллагаа ѳмнѳ хэлсэнчлэн бусад улс орнуудтай ойролцоо түвшинд байгаа тул зээлийн өндөр хүүний тайлбар болохооргүй байна.

Тэгвэл зээлийн хүү өндөр тогтох нэг гол шалтгаан болсон эрсдлийн сангийн зардлыг бууруулахын тулд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?

Мэдээж зээлийн эргэн төлөлт сайн байх хэрэгтэй. Хугацаа хэтэрсэн зээл 7%, чанаргүй зээл 8% орчим байгаа цагт зээлийн хүү дорвитой буурахад хүндрэлтэй. Үүнийг шийдэхэд 3 хүчин зүйл чухал гэж үзэж болно. Нэгт, эдийн засаг ѳѳрѳѳ тогтвортой байх нь хамгийн гол нөлөө үзүүлнэ. Ингэснээр бизнесийн орчин сайн, зээлийн эргэн төлөлт хэвийн байх гол нѳхцѳл бүрдэнэ гэсэн үг. Хоёрт, банк ѳѳрѳѳ засаглалын тогтолцоо нь сайн, зээл олгох бизнесийн арга барил нь боловсронгуй, санхүүгийн төлөвлөгөө нь оновчтой, эрсдлийн менежмент нь үр дүнтэй байх ёстой. Мөн зээлдэгчийн эрсдлийг оновчтой үнэлж чаддаг зээлийн мэдээллийн сан хэрэгтэй. Харин харилцагч талдаа иргэдийн хувьд ѳѳрт тохирсон зээлийн бүтээгдэхүүнээ сонгож чаддаг, орлого зарлагаа зөв удирддаг, зээлийн эргэн тѳлѳлтѳѳ цаг хугацаанд нь хийдэг санхүүгийн сахилга бат, санхүүгийн боловсролтой байх нь чухал. Корпорейт харилцагчийн хувьд бизнесээ, борлуулалтаа оновчтой тѳлѳвлѳдөг байх нь чухал. Ингэснээр зээлийн сайн түүх үүсгэх, улмаар хүүнд шингэдэг эрсдлийн нэмэгдлээ бууруулах боломжтой. Гуравт, зээл нэгэнт эргэн төлөгдөхгүй тохиолдолд эцсийн шатанд шүүхээр шийдвэрлэх хүртэл зарцуулагддаг хугацаа богино, зардал бага байх шаардлагатай. Мөн системийн хэмжээнд зээлийн чанаргүйдэл ихсэх хандлагатай үед үүнийг шийдвэрлэх үр дүнтэй арга механизм, институцийн тогтолцоо хэрэгтэй. Тодорхой хэмжээний чанаргүй активыг дангаараа шийдвэрлэх бүтэц зохион байгуулалт, процесс аль ч банкинд байдаг. Харин системийн хэмжээнд чанаргүй зээл үүссэн үед чанаргүй активыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, банкны балансыг эрүүлжүүлж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд тус болдог тогтолцоо байх нь үр дүнтэй. Энэ зорилгоор дэлхийн олон улс оронд “Asset management company” буюу актив удирдлагын компаний тогтолцоог бий болгосон  туршлагууд байдаг.

Хадгаламжийн хүү нь зээлийн хүүнд шингэдэг хамгийн гол бүрэлдэхүүн юм байна. Үүний шалтгаан юу вэ? Энэ зардал яагаад тийм өндөр байна вэ, бууруулах арга зам бий юу?

Монголд хадгаламжийн хүү өндөр байгаа нь нэг талаас хуримтлалын хэмжээ бага, санхүүгийн эх үүсвэрүүд ховор, нөгөө талаас эдийн засгийн орчин өндөр хэлбэлзэлтэй явж ирсэнтэй холбоотой. Тухайлбал, банкны секторт Зээл/Депозит харьцаа 100% давсан, хадгаламжийн тѳвлѳрѳл маш ѳндѳр байгаа нь эх үүсвэр ховор гэдгийг илэрхийлж байна. Улмаар эх үүсвэрийн эрэлт өндөр, өрсөлдөөн ширүүн, дагаад хадгаламжийн хүү өндөр тогтох нэг гол нѳхцѳл болдог. Тэгвэл Монголд ийм ѳндѳр хүү өгч байхад яагаад ѳгѳѳж хайсан гадны эх үүсвэрүүд уралдаад ороод ирэхгүй байна вэ? Үүний гол шалтгаан эдийн засгийн орчин тогтворгүй явж ирсэнтэй холбоотой. Хэрэв хадгаламжийн нэрлэсэн хүүнээс инфляцийг хасаад бодит хүүг тооцвол 2006 оноос хойш дунджаар 1.9% байгаа нь дэлхийд 44-т орох буюу тийм ч өндөр үзүүлэлт биш. Ийм түвшний өгөөжийн төлөө Монголд мөнгөө оруулж ирж ханшийн эрсдэл үүрэх сонирхолтой хүн цөөн байна гэсэн үг. Тэгэхээр,

нэг талаас хадгаламж өөрѳѳ ховор бараа тул эрэлт ѳндѳр, нѳгѳѳ талаас макро орчин тогтворгүй, инфляци ч харьцангуй ѳндѳр, ханш савлагаатай байсаар ирсэн нь хадгаламжийн нэрлэсэн хүүг өндөр түвшинд тогтоож байна.

Бодлогын арга хэмжээний хувьд, Төв банк инфляцийг дунд урт хугацаанд зорилтот түвшинд тогтвортой хадгалах, үүний тулд мѳнгѳний захын хүүнд нѳлѳѳлѳх бодлогын хэрэгслийн үр нѳлѳѳг сайжруулах зэрэг нь чухлаар тавигдана. Гэхдээ мөнгөний бодлого эдийн засагт эрэлт талаас нь нөлөөлдөг тул нийлүүлэлт талын бодлогууд, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх структур реформуудыг Засгийн газар хийх шаардлагатай. Ингэснээр эдийн засаг илүү дархлаатай, инфляци тогтвортой байх илүү сайн нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн орчин тогтвортой байвал хөрөнгө оруулалт татах, экспорт хийх таатай орчин бүрдэж, улмаар хуримтлал нэмэгдсэнээр санхүүгийн эх үүсвэр тийм ч ховор, үнэтэй зүйл байхаа болих болов уу.

Засгийн газрын үнэт цаасны хүү болон Тѳв банкны бодлогын хүүг бууруулбал зээлийн хүү буурна гэж их яригддаг. Үүнийг хэрхэн харж байна вэ?

ТБҮЦ, ЗГҮЦ-ны хүү нь зах зээл дээрх бенчмарк буюу жишиг хүү болдог. Иймд энэ хүүг яаж бууруулахаас л бүх зүйл шалтгаална. Хэрэв эдийн засагт эрсдэл буураад, тогтвортой байдал үргэлжилжилж эдгээр хүү буувал, дагаад зээлийн хүү ч буурна гэсэн үг. Харин эдийн засгийн эрсдэлтэй уялдаагүйгээр хүүг буулгавал эсрэг үр дүнтэй, харин ч хадгаламж зээлийн хүүг өсгөх эрсдэлтэй. Иймд Бодлогын хүү өндөр байгаа учраас зээлийн хүү өндөр байна гэх нь оновчтой дүгнэлт биш юм. Жишээ нь, Төв банкны үнэт цаасны хүүг шууд 5% болгочихвол одоо үнэт цаасанд байршиж байгаа мөнгө эдийн засагт хаана шингэх вэ? Шууд хямд зээл болж гарахгүй л болов уу. Эдийн засгийн одоогийн орчинд банкуудын тѳлбѳр түргэн гүйцэтгэх чадвар 40% гаруйтай байгаа нь нѳгѳѳ талаар банкны зээлийн шаардлагыг хангах компани цөөн, бизнесийн орчин бүрэн сэргэж амжаагүй байгааг илтгэж байна. Энэ үед их хэмжээний эх үүсвэр зах зээлд нийлүүлэгдвэл төгрөгийн ханш тогтвортой байх уу, савлагаа үүсвэл валютын зээлүүдийн эргэн төлөлт яах вэ, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх үү, энэ нь санхүүгийн зуучлал хэвийн явагдах, цаашдын эдийн засгийн тогтвортой байдалд ямар нөлөөтэй вэ гэх мэт эрсдлүүдтэй.

Дэлхийн 76 оронд зээлийн хүүнд хязгаар тогтоож байгаа туршлагыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай талаар их яригдсан. Хүүнд хязгаар тогтоох нь хэр бодит үр дүнг өгсөн бэ?

Ер нь хүүг хүчээр тогтоох захиргаадалтын арга нь зээлийн хугацаа богиносох, зээл олголт зѳвхѳн барьцаа хѳрѳнгѳ ихтэй, орлого сайтай хамгийн найдвартай зээлдэгч рүү чиглэх, далд хэлбэрийн ѳндѳр хүүтэй зээлийн зах зээлийг бий болгох гэх зэрэг сѳрѳг нѳлѳѳ ихтэй. Үр дүнд нь орлого багатай иргэд хохирохоос гадна, нийт эдийн засагтаа ч зээлийн нийлүүлэлт буурах, санхүүгийн хүртээмж багасах, ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөсөн түүх олон. Тухайлбал, дэлхийн 76 оронд зээлийн хүүнд дээд хязгаар тогтоосон туршлагын талаар “Interest caps around the world: Still popular but blunt instrument” гэдэг нэртэй судалгааг 2014 онд Дэлхийн банкнаас гаргасан. Америк, Япон, Герман, Англи гээд цөөнгүй өндөр хөгжилтэй орнуудад хүртэл хэрэгжиж байсан алдартай хэдий ч үр дүн муутай, мохоо арга юм шүү гэдгийг судалгааны ажлын гарчиг нь өөрөө хэлдэг. Зарим орнуудад хэт мѳлжлѳгийн шинж чанартай, тѳлж чадахааргүй ѳндѳр хүү тулгахын эсрэг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүгийн хязгаарыг хуулинд тусгах тохиолдолд зах зээлийн хүүтэй зөрчилддөггүй. Харин зах зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн фундаментуудаа л сайжруулахаас өөр гарцгүй, товчлох хялбар зам байхгүй.

Банк, санхүүгийн систем нь аливаа улс оронд үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад санхүүжилт хуваарилдаг гэдэг утгаараа эдийн засгийн чухал дэд бүтэц болдог. Хэрэв санхүүгийн зуучлал үр дүнтэй байвал хадгаламж эзэмшигчид хожно, компаниудын бизнес ѳргѳжинѳ, ажлын байр нэмэгдэнэ, эдийн засаг сайн байна. Тийм ч учраас энэ чухал салбарыг эрүүл, үр ашигтай байлгах үүднээс нэлээн хатуу чанга хяналт, зохицуулалт байдаг. Харин нөгөө талаас, дэлхийд ч тэр, Монголд ч тэр сүүлийн үед санхүүгийн салбарт маш сонирхолтой өөрчлөлтүүд ар араасаа өрнөж байна. 2008-09 оны хямралаас хойш олон улсад банкуудын цэвэр хүүгийн маржин (NIM) буурч байгаа тул финтект суурилсан зардлыг хэмнэж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ бизнесийн моделүүд бий болж, санхүүгийн үйлчилгээ цоо шинэ шатанд гарч байна. Зохицуулалт талаасаа ч санхүүгийн тогтвортой байдлыг хангах шинэ философи, бодлого, арга барилууд хурдтай нэвтэрч эхэллээ. Тухайлбал, макро зохистой бодлого үүний нэг жишээ юм. Монголын хувьд ч, банкны секторын тулгуур хуулиудын шинэчлэл, активын чанарын үнэлгээ гээд реформын шинж чанартай томоохон үйл явдлууд өрнөж буй. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ ч хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад танигдахын аргагүй болтлоо хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Санхүүгийн салбарт банкны харилцагч үйлчлүүлэгчдийн хувьд энэ бол маш сонирхолтой цаг үе юм. Харин банкуудын хувьд Монголын өнцөг булан болгонд, хүн бүрт хүрч үйлчилдэг хэрнээ хамгийн гол бүтээгдэхүүн болох зээлийн хүүгийн талаар нийгэмд ойлголт сайн биш байгаа нь харилцагчдынхаа санхүүгийн мэдлэг боловсролд онцгой анхаарах цаг үе болсон гэдгийг харуулж байна.

Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монгол банк


avatar
    • Irgen
    • 172.68.254.*

    Ene zaluu ih oilgomjtoi sain tailbarlasan bna bayarlalaa, amjilt husie. Jiriin irged bidend iim medeelel ih chuhal bna Mongol banknii uil ajillagaa ovoo neelttei bolj bgaa ni sain hereg

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2465

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%