Бидний үнэт зүйл, ёсзүй ба Нийгмийн зөвшилцөл

Монгол хүний оюуны болон сэтгэлийн орон зайг зөвхөн эдийн засгийн ашиг сонирхол түрж дүүргэж буй үйл явцын дунд бид оршиж байна. Саяхны, 100 жилийн өмнөх түүхэнд л Монголчуудыг зочломтгой, найрсаг, уужуу тайван, холч ухаантай гэж тодорхойлсон нь өнөөдөр гайхалтай зүйл болохдоо тулжээ. Үнэт зүйлээ гээсэн улс орон доройтон үгүй болдог баталгаа түүхэнд бий. Иймээс өнөөдрийн монгол хүний ирээдүйдээ итгэлгүй, гутранги, талцсан, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн хандлагын эсрэг язгуур мөн чанарыг нь сануулах шаардлага бий боллоо. 2018 оны Монголын эдийн засгийн форумын нэг салбар хуралдаанд Монголчуудын үнэт зүйл ёс зүйн талаар хөндөн ярилцсан хэлэлцүүлгийг хүргэж байна.   Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Жавзандамба хутагт төвийн багш Д.Нямсамбуу гавж, Мөнхчулуун сангийн тэргүүн М.Зоригт, IRIM судалгаан хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар нар эрхэм зочдоор уригдсан юм. 

  В.Ганзориг: Бүгд сайн болохыг хичээж хэлдэг атлаа яагаад үйлдлээрээ энэ бүхнийг хийхгүй байна вэ? Үнэт зүйл, уламжлал гэж ярьдаг атлаа гараад гудамжинд гараад яагаад яриагаа үйлдэл болгож чаддаггүй вэ? Монголд ер нь сайн хүн байна уу? Медиагаар дан сөрөг мэдээ, мэдээлэл гарч байна.

Д.Нямсамбуу: Айхтар онолын зүйлс ярихаас илүү ер нь ёс суртахуун гэдэг зүйл хүнд сууж болдог юм уу үгүй юу, хүн өөрчлөгдөж болдог үү, үгүй юу, массын төвшинд энэ өөрчлөлтийг хийж болох уу үгүй юу гэдэг дээр би сүүлийн үед нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Хэрэв улс орныг хүнээр төсөөлбөл ёс суртахуун гэдэг дааврыг ялгаруулдаг булчирхай, эрхтэн юу байх вэ? Бид яагаад ёс суртахуунтай байж чадахгүй байна вэ? Бусдыг хүндлэхээс бүх зүйл эхэлдэг. Бусдыг хүндлэхэд саад болдог хамгийн том зүйл бол миний ашиг сонирхол. Bodybuilding гэдэг нь биеийг бүтээх гэсэн үг. Хүн фитнест яваад бие, булчингаа хөгжүүлдэгтэй адил дотоод сэтгэлээ хөгжүүлэх ёстой. Дотоод зан ааль, араншин, хандлага хүний булчинтай адил юуг дадал болгож, юунд хичээж, яаж чармайж буйгаас болж өөрчлөгддөг. Хүн хулгай хийх тусах энэ нь дадал болдог. Худлаа ярих тусам энэ нь рефлексийн төвшинд хандлага болж суудаг. Хүний зөв, сайн чанаруудыг фитнесээр болж олон оролттой дасгал болгож хийхийг бурхныг шашинд заадаг. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэр гаргахдаа бусад янз бүрийн бодлоо дийлэн зөв шийдвэр гаргана гэсэн үг.

Сайн, муу хүн гэдэг бол цаанаас өгсөн өгөгдөл биш. Энэ бол бүтээл. Улс нь хүнээ бүтээх ёстой. Хүн болох процесс гэж байдаг. Багаасаа чонотой өссөн хүүхдийн тухай нэвтрүүлгүүд байдаг. Хүн шиг харагдаж байгаа боловч хүн болж өсөөгүй байдаг шүү дээ. Эдийн засгийг хөгжүүлэх олон онол, тусдаа үзэл баримтлал байдаг байх. Миний бодлоор хулгайг л зогсоож чадвал Монгол хөгжинө. Эдийн засгаа сэргээх, хөрөнгө оруулалт татахын тулд хувь хүнд би хулгай хийх ёсгүй гэдэг итгэл байх ёстой. Энэ итгэл хүнд сууж болдог уу, шинээр үүсч чадах уу гэдэг сорилт юм даа.  

М.Оюунчимэг: Монголын эдийн засгийн форумд би анхнаас нь оролцоод явж ирсэн. Тиймээс ач холбогдлыг нь маш сайн ойлгодог. “Бидний үнэт зүйлс, ёсзүй ба Нийгмийн зөвшилцөл” гээд энэ сэдвийг Монголын эдийн засгийн форумд оруулж ирсэн нь маш чухал зүйл. Улс орноо хөгжүүлэх сая батлагдсан 25 их наяд төгрөгийн өртөгтэй 110 гаруй төсөл хөтөлбөр нийгмийн зөвшилцөл, ойлголцолгүй явахгүй. Хэн нэг улстөрч, эвсэл бүлэглэлийн шийдвэрээр аль нэг төсөл хөдөлдөг, эсвэл бүр нам зогсоодог үйлдэл манай нийгэмд газар авсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй байхад хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар хүнийг балбаж байгаад шүүх цагдаад дуудуулдаг. Тэр асуудал нь хэн нэг улстөрч, аль нэг бүлэглэлийн тааллаар шүүх дээр шийдэгддэг байдал газар авчихлаа шүү дээ. Миний компани шалгараагүй бол өөр хэний ч компани тендерт шалгарах ёсгүй гээд ажил гацаадаг нь нууц биш ээ. Тиймээс бид аргаа бараад тендерийн хуульд өөрчлөлт хүртэл оруулж байна. Сүүлдээ боловсрол огт хэрэггүй гэж хүртэл ярьдаг болчихлоо. Энэ нь бидний ёс зүй, үнэт зүйлс байхгүй болчихоод байгаатай холбоотой. Үнэ цэнэгүй газар өрсөлдөөн алга болдог. Бид тамын тогооны үлгэрээс салах ёстой. Эс бөгөөд манай улсын үндэсний аюулгүй байдалд хүртэл сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд туллаа.

Ц.Батсугар: Хүсч буй шигээ байж чадахгүй, өөрсдийн хүсч байгаа дүрээ бүрдүүлж чадахгүй буйн шалтгаан нь бидний судалгаагаар итгэлтэй холбогдож байна гэж гардаг. Манай нийгэмд итгэл гэдэг зүйл доройтсон. Бидний сүүлийн судалгаагаар танихгүй хүнд нийгмийн 40 гаруй хувь итгэнэ гэж гарсан. Өөрөөр хэлбэл бараг 2 хүн тутмын нэг нь асуудлыг, хүнийг сэжиглэж харж байна гэсэн үг. Мөн Монголчуудын 80 гаруй хувь нь бусдад туслахыг эрмэлздэг ч эргээд энэ хувиар бусад хүн намайг дараа нь ямар нэг хэлбэрээр ашиглана гэдэг хардлага нийгэмд тархжээ. Иймээс хүмүүс хэчнээн зөв яваад би юунд хүрэх юм бэ гээд ярьдаг болсон. Ёс зүйтэй, зөв явах гэхээр тухайн хүний эрх нь зөрчигдөх гээд байдаг. Гэтэл хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх нийгмийн институциуд, төрийн байгууллагууддаа хүмүүс итгэхээ больжээ. Төр засаг, улс төрийн институцид итгэх итгэл ямар ч тохиолдолд 30 хувиас давахаа больсон. Иймээс миний эрх ямар байдлаар зөрчигдлөө гэж үзэхэд түүнийг хамгаалах ямар ч баталгаа байхгүй болсон. Ингэхээр хүмүүс эрхээ хамгаалах дараагийн хувилбаруудыг хайгаад эхэлдэг. Энэ хувилбар нь өөрөө хууль зөрчих, хууран мэхлэх, хулгай хийх, авилга хээл хахуулийн асуудалд оролцох, ёс зүйгүй аашлах юм. Энэ бүх зүй бус үйлдэл нь хувь хүний эрх ашиг зөрчигдөхөөс “сэргийлэх” буруу алхам болоод тогтчихоод байна.

Хүнээ хөгжүүлээгүйгээс болоод улс төрийн өөр үзэл баримтлалтай хүнд итгэдэггүй, бэлгийн өөр чиг баримжаатай хүнд итгэдэггүй, өөр улс үндэстний хүнд итгэж чадахгүй болсон байна. Хүмүүс медиад итгэдэг хэдий ч медиагаар баталгаатай, үнэн зөв мэдээлэл явж байна уу гэвэл маш том асуултын тэмдэг байгаа. Нийгмийн судалгаагаар манайхан хувийн хэвшилд итгэдэг боловч гадны хөрөнгө оруулалттай хувийн хэвшилд огт итгэдэггүй гэдэг цочирдмоор үр дүн судалгаагаар гарсан. Нийгмийн итгэл буурч, хардлага ихэссэн нөхцөлд хүмүүс медиагаас баталгаагүй мэдээлэл авч, нэгнийгээ хадна мангаагаар айлгаад эхлэхээсээ угаасаа тэнцвэрээ алдсан байсан нийгмийн институци улам хүчтэй савлаад эхэлдэг. Нийгмийн нягтрал суларсан үед биесээ хянах тогтолцоо өөрөө аяндаа сулраад эхэлдэг. Хариуцлага, ёс суртахуунаа дээшлүүлэхийн тулд хулгай хийхээ болих, хууль шүүхийн системээр хүчлэх гээд олон хувилбар ярьж байна. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тогтолцоог ажиллуулж буй, тогтолцоог хөдөлгөж буй хүмүүсийн асуудал юм. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид хүнээ мартсан. Өөрөөр хэлбэл энэ бол хүний хөгжлийн асуудал. Нийгмийн институци хоорондын, хүн хоорондын итгэлийг бэхжүүлэхийн тулд эхлээд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, нийгмийн институциуд ил тод байх ёстой. Гуравт, иргэд маань өөрсдөө идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй.

М.Зоригт: Энэ форумыг зохион байгуулж байгаа залууст баяр хүргэмээр байна. Хувийн хэвшил санаачлан хийж байгаа гэдэг нь хэлэлцэж буй асуудлуудаасаа шууд мэдрэгдэж байна. Тийм учраас бид нар үнэт зүйл, зөвшилцөл, эв нэгдлийн тухай ярьж байна. ”Бидний цөөхөн Монголчууд” төсөл дээр арав гаруй хүмүүс ажилладаг. Бид орон нутагт багагүй хугацаанд ажиллаж байна. Бидний анзаарснаар төвөөс аль болох алслагдах тусам хүмүүсийн эрхэм чанар, ёс суртахуун нь эвдрээгүй, бие хаа нь тэр хэрээр эрүүл, чанартай болж байсан. Хөдөө орон нутгийнханы толгой сийрэг, асуудлыг илүү томоор харж чадаж байна гэж бодогдсон. Хотынхон маань жижиг асуудлыг тойроод үзэлцээд байдаг. Биесээсээ саахалтын зайтай амьдарч байсан нүүдэлчин Монголчуудыг нэг орцонд олон зуугаар нь чихээд оруулсан нь бидний хувьд цоо шинэ харилцаа болсон. Энэ харилцааны шокноос бид гарч чадахгүй л явна. Энэ шокоо давж чадвал бидний үнэт зүйлс нэлээд тодорхой болчих байх.

Б.Бат-Эрдэнэ: БНСУ хөгжлийн дээд төвшинд очсон ч өнөөдөр нэг зүйлийг яриад эхэлсэн байна. Тэр нь боловсролын системийн реформ. Учир нь тэд өнөөг хүртэл нийгэмдээ хэт их би гэдэг үзлийг хоногшуулж сургажээ. Улс нь хөгжсөн ч нийгмийн зөвшилцөл талдаа маш том алдаа гарчихсан. Энэ нь бидний үнэт зүйлсийн асуудалтай холбогдож байна гээд шуугиад эхэлсэн байгаа. Гэтэл Японд цэцэрлэгээс нь эхлүүлээд та хэний ч хүүхэд байсан ялгаагүй бусадтай адил, бүгд нэг нийгэмд амьдарч буйг нь ойлгуулдаг. Миний бодлоор 1989 онд хүртэл Монголд бид гэдэг систем явсан байх. 1990 оноос хойш систем солигдож хувь хүн бүр дор бүрнээ хичээхгүй бол болохгүй гэдэг өөрчлөлтөнд орсон. Сая хуралдаан эхлэхээс өмнө та бүхэнд үзүүлсэн шторк дээрээс бидний, Монгол хүний үнэт зүйлсийн тухай харууллаа. Ирэх дөч, тавин жилд энэхүү Монгол хүн хаашаа явах вэ, үнэт зүйлсээ алдах вий гэдэг айдас, болгоомжлол нийгэмд үүссэн. Ёс суртахуун, сэтгэхүйн доройтол, ухамсар, төлөвшил, боловсрол, хүмүүжлийн асуудлыг бид өнөөдөр хөндөхөөс өөр аргагүй байдалд орсон. Үнэт зүйл гэнэт алга болохгүй. Гэхдээ аажим устдаг.

Нийгмийн ард хувь хүн л байдаг. Хүмүүс би биш бид гэж бодож чадаж байж л зөвшилцөлд хүрдэг. Ганц өөрийгөө л бодоод байх юм бол бид хэзээ ч зөвшилцөлд хүрч чадахгүй. Би гэж боддог хүмүүст  бусдын эрх ашиг огт хамаагүй байдаг. Би гэж харвал өөрийгөө л хардаг бол бид гэж харж чадвал хамтдаа ертөнцийг хардаг. Иймээс бид байгаа үнэт зүйлсээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэхгүй бол эдийн засаг, нийгмийн асуудлаас халиад улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Тэгэхээр би гэхээс илүү бид гэдэг үнэт зүйлээ хайрлан хамгаалж үлдээхийн төлөө ажиллаж амьдрах ёстой гэж боддог.

Д.Нямсамбуу: Итгэлтэй холбоотой хэлэхэд хүмүүсийг сайхан гэж итгэ гэсэн үг биш юм. Муу хүмүүсийг шүүмжилж болохгүй гэсэн үг биш. Ислам, христ, буддын бүх шашинд зөв, сайн байхад итгэхийг сургадаг. Тэрнээс биш хэн нэгнийг сайн гэж итгэхэд биш юм шүү. Зөвд итгэнэ гэдэг нь санамсаргүй байдлаар эсвэл нэг юмнаас айснаасаа болоод, эсвэл зав нь гараагүйгээс болоод нэг зүйлд итгэхийг хэлдэггүй. Зөвд итгэнэ гэдэг нь зөвийг эрхэм гэж харах, зөв зүйлийг үнэлэх, зөв зүйлийг үнэлж түүнээсээ таашаал авахыг хэлнэ. Хэн нэгнийг сайн байгаасай гэж итгэхдээ би өөрөө сайн байхын тулд хичээн өөртөө итгэх итгэл чухал. Баян байх, дарга байх гоё. Гэхдээ зөв байх нь түүнээс ч илүү гоё гэдгийг үнэлж мэдрэхийг зөвд итгэх гэж хэлж болно. Нийтээрээ ёс суртахуунтай болох бодит арга зам байна. Би тулгаж байгаа хэрэг огт биш шүү. Гэхдээ Монголчуудын 60 хувиас илүү нь бурхны шашинтай гэгддэг атлаа яагаад дийлэнх нь ийм ёс суртахуунгүй, хулгай хийхэд бэлэн байгаа юм бэ? Тэд яг юунд итгэчихээд бурхны шашинд итгэсэн гэж бодоод яваа юм бол? Сая өнгөрсөн цагаан сараас надаас хамгийн их асуусан асуултын нэг нь цагаан сарын тавгийн идээ дээрээ бяслагаар нэг үе нэмээд өрсөн. Энэ өрөлт нь жаргал, зовлон гээд тоологддог цагаан сарын ул боовны тоонд орох уу гэж байсан. Идээн дээрээ тавьсан бяслагны үеэ тоолох эсэх, түүнээс болж тэр нь тухайн гэр бүлийн ирээдүйн жаргал, зовлонг тодорхойлно гэдэгт итгэж байгаа бол энэ бас арай л байна аа.

Тэгэхээр манай нийгмийн дийлэнхийн бурхны шашинд хандаж буй хандлага нь ид шид, лам бөө намайг аврана, зовлонгоос салгана гээд байдаг боловч ёс суртахууны хувьд бурхны шашин тэдэнд ажилладаггүй крант шиг зүйл болсон байна. Уг нь буруу зүйл хийх үед бурхны шашинтай хүн энэ чинь нүгэл, болохгүй шүү гэсэн итгэл үнэмшил нь ажиллах ёстой. Бурхны шашны сургаалын хамгийн гол агуулга нь хүн хэрхэн өөрчлөгдөх вэ, үүний тулд сэтгэл хэрхэн ажилладаг вэ, хүн яагаад шунадаг вэ, яагаад уурладаг вэ гээд бүхэн бүтэн судлал юм.

В.Ганзориг: Монголчуудын 60 гаруй хувь нь бурхны шашинтай гэгддэг юм бол бидний хайгаад байгаа үнэт зүйлсийг олох, хариуцлагатай байх, ёс суртахуунтай болох, зөв сайнаас таашаал авч сурах арга нь бурхны шашин гэж та хэлж байна уу?

Д.Нямсамбуу: Өөр арга байж болно. Гэхдээ одоо байгаа хэрэгслүүд дундаас хамгийн бодитой нь бурхны шашин. Бид одоо нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлс яриад байна. Гэхдээ явж явж эдгээр зүйлс манай нийгмийн амин чухал асуудлууд болсон байна. Жүдо бөх мэхэндээ байдаггүй. Түүний цаана филосифи нь байнга дагаж явдаг. Монголын эдийн засгийн форумын зорилго эдийн засаг хэдий ч эдийн засгаар дамжин хүний сайн сайхны төлөө л явж байгаа.

Агуулгыг нь ойлгохгүй лам хард мөнгө өгөөд аргалуулна, асуудлаа шийдүүлнэ гэвэл энд ямар ч үнэт зүйл байхгүй. Амиа аргацааны арилжааны, авилгын шинжтэй л үйлдэл болно шүү дээ. Сая Говь-Алтай, Булган, Хөвсгөл аймгуудаар хичээл заагаад явж байхад хэлж байсан. Хотоос нэг үлээдэг хүн ирсэн гээд. Нэг үлээгээд л жаргал, зовлон бүх юмыг нь шийднэ гэсэн бололтой. Тэгээд аймгаараа л үлээлгэсэн юм гэсэн. Хоёр сарын өмнө Завханаас нэг долоодог хүн ирсэн гээд. Бас л аймгаараа долоолгосон сурагтай. Ер нь ямар ч шашин байж болно. Гэхдээ хүний зүрх сэтгэлгүй нэвтэрдэггүй юм бол, хүнийг зөв тийш залдаггүй юм бол, надад зөвийг ятган ухуулдаггүй юм бол ямар хэрэг байгаа юм бэ? Эцсийн дүндээ би зөв байж чаддаг уу гэж өөрөө өөрөөсөө асууж бас хариулж сурах хэрэгтэй. Авилга муухай гээд бид дээр дооргүй ярьдаг. Гэхдээ би авилга авахгүй байж чадах уу гэдэг бол их л сонин асуулт! 100, 200 сая төгрөгөөс би яг газар дээр нь татгалзаж чадах уу? Би хүний хажуу өрөөнд амьдардаг байж болно, нялх нойтон хүүхэдтэй байж болно. 200 сая төгрөг миний бүх амьдралыг шийднэ. Авахад их хялбар байдаг. Найз нөхдөөсөө асуувал ихэнх нь чи авахгүй ээ гэвэл өөр хүн авчихна, бүгдээрээ л авч байгаа шүү дээ гэнэ. Ийм “зөвтгөл” зөндөө гарч ирнэ. 100 хүн авилга авч байхад ганцаараа авахгүй зогсоход юу хэрэгтэй вэ гэвэл ёс суртахууны булчин хэрэгтэй. Зөв зүйл хийж чадна гэдэгт итгэх хүчтэй итгэл үнэмшил хэрэгтэй. Явж явж үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцнэ гэж бид ярьдагтаа өөрсдөө итгэх ёстой. Зөв явах гэдэгт хүний амьдралын суурь итгэл үнэмшил болох ёстой. Тэгэхээр яах аргагүй ийм чиг баримжааг нийгэмд, иргэдэд хэзээ, хаана, хэнээс, хэрхэн суулгаж өгөх вэ гэсэн асуултууд ургаж гарна.

М.Оюунчимэг: Бид эдгээр асуудлыг ярьдаг атлаа үр дүн гарахгүй байна гээд өөрсдийгөө шүүмжилдэг. Энэ эдийн засгийн форумаас зөвлөмж гарах болно. Зөвлөмжийг засгийн газарт хүргүүлнэ. Үүгээр дамжуулж бид боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэх ёстой юм. Боловсролын салбарын ажлыг бид саяхан шалгаж үзэхэд яам нь сүүлийн 20 жил өөрийн харъяаны дотоод зохицуулалтыг л хийдэг, байшин барилгын тендер ярьдаг л газар болсон байсан. Энд ярьж буй асуудлуудын шийдэл нь боловсролоор дамжин хүнд хүргэх соён гэгээрүүлэлтийн том ажил. ОХУ жишээ нь боловсролын салбараа өөр өнцгөөс харах ёстой гээд соён гэгээрүүлэх функцаа тусад нь салгаж байна. Гэтэл бид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд бүх зүйлээ нэг газар төвлөрүүлсэн, хаанаа ч нөөц нь хүрэхгүй, ач холбогдлоо зангидаж чадахгүй байна. Бид өнөөдөр хүндээ хөрөнгө оруулалт хийж байж хүнээ хөгжүүлж, нийгмийн ухамсарыг өөрчилж чадна. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Үүний тулд төр нийгмийг соён гэгээрүүлэх сайн контентод хөрөнгө оруулах ёстой. Ийм төрлийн контент түгээлтийн зардлыг нь өргөн нэвтрүүлэг болон татварын хуулиар зохицуулж олон нийтийн болон арилжааны телевизүүдийг дэмжиж, төсвөөр урамшуулдаг систем рүү шилжих хэрэгтэй. 

Хүмүүжил, боловсрол, хүүхдийн хөгжлийн асуудал ярихаар эмэгтэйчүүд голцуу оролцоод, эрчүүд хайхрахгүй гарч явах тохиолдол бишгүй гардаг. Уг нь нийгмийн зөвшилцөл, ёс суртахууны асуудалд эрчүүд манлайлан оролцох ёстой. Европын туршлагаас харж байхад хөвгүүдийн боловсрол, хүмүүжил дээр багаас нь анхаардаг юм билээ. Энэ нь ирээдүйд гэр бүлийн харилцаа, улс орны хэмжээнд хариуцлагатай шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлдэг. Тэгээгүйгээс өөрсдийн хүчээр ажиллаж амьдардаг биш бусдын хөдөлмөр, нэр төрийг ашиглан амиа зогоодог бүхэл бүтэн үе гарч ирж байгаа талаар судалгаанууд ч гарсан байна. Иймээс бид нийгмийг соён гэгээрүүлэх ажил руу маш хурдан орохгүй бол энэ асуудлууд мөнхөд яригдсаар байх болно. Дээрээс нь энэ нөхцөл байдлыг буруугаар ашиглах тоглолтууд ч тасрахгүй. Харамсалтай нь Монголд ирээдүйд амьдрахгүй мэт хандлагаар хандаж өнөөдрийн шийдвэрийг гаргаж буй хүмүүс зөндөө болж байна. Нийтээрээ ийм биш ч гэсэн зөв хүмүүсийн урам зоригийг хугалсан, няцаасан, дарсан үйлдлийг цөөн хэдэн албан тушаалтан хийдэг нь нууц биш. Бид үүнийг халах ёстой. Үүний тулд хүнийг багаас нь соён гэгээрүүлэх ажлыг хүчтэй хийж эхлэх ёстой. Үүнийг бид өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийхээс өөр аргагүй.

Эерэг хандлага дутаж буй учраас манай нийгэм бухимдуу, атаархуу, хардлага сэрдлэгээр дүүрэн байна. Энэ байдлыг хамтдаа өөрчилье гээд Гандантэгчилэн хийдийг хүртэл би уриалж байгаа. Гэхдээ энд тэнд очоод маань уншихаас илүүтэйгээр нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хамтдаа хийхийг хэлээд байгаа. Энэ ажилд бүх талууд дорвитой хөрөнгө оруулалт хийх цаг нь болжээ гэж би харж байгаа.

В.Ганзориг: Хүмүүжил, ёс суртахуунгүй боловсрол улам “чанартай” хулгайчийг төрүүлдэг гэж зарим хүмүүс маргадаг. Соён гэгээрүүлэх ажлыг нийгмийн аль сегментээс эхэлж, ямар шат дараалалтай явуулбал богино хугацаанд үр дүнтэй болох бол?

Ц.Батсугар: Зөвд итгэх итгэл байхгүй буйгаас үнэт зүйлгүй байна гэж Нямсамбуу багшийн хэлсэн нь судалгаагаар батлагддаг. Жишээ нь, утааны эсрэг, хүчирхийллийн эсрэг гээд жагсаал цуглаанд залуус бие биесээ уриалдаг боловч ард нь хэн нэг улстөрч, нам байх вий гэж хүмүүс эргэлзаж харддаг. Бидний судалгаагаар ийм нийгмийн идэвхтэй хүмүүс 16% орчим байдаг. Үлдсэн хүмүүс энэ арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс, институтид итгэдэггүй гэсэн үг. Тэгвэл яагаад хүмүүс энэ зөв үйл хэрэгт итгэхээ болив оо гэхээр хариулт нь бид үндэстнийхээ хувьд үнэт зүйлээ алдсантай холбоотой болж таардаг. Зөрчилтэй маш олон санаанууд нийгэмд сүлэлддэг болсон. Шинэ мянганы залуус буюу милленалс барууны үнэт зүйлс, үзэл сурталд суурилсан үнэт зүйлстэй өсч байхад нийгмийн нөгөө хэсэг уламжлалт соёл ахуйгаар асуудалд ханддаг. Энэ зөрчлийг хаяад цаашаа явъя гэхээр бидний үндэстний хувьд зорилго, үнэт зүйлс, хүрэх гээд байгаа төвшин юу билээ гээд том бөгөөд тодорхойгүй асуулт гараад ирдэг. Бид холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салахгүй гэдэг ярьдаг.

Шийдэл юу вэ гэхээр манай нийгмийн хандлага улсын хөгжлийг гацаасан этгээдүүдийг олж гэсгээх гэж ярьдаг. Энэ нь биднийг хэзээ ч дуусахгүй мэтгэлцээнд оруулдаг. Онолын хувьд нийгмийн суурь итгэлцэл байж гэмээнэ улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын итгэлцэл үүсдэг. Гэтэл одоогийн манай улс төр, эдийн засгийн хөшүүргэ нь итгэлцэлийг сэргээх бус хардлагын нэмэгдүүлдэг болсон. Авилга, хээл хахууль, муу засаглал, эдийн засгийн дорой хөгжил зэргийг цогцоор нь харвал эдгээрийг бүгдийг нь шийдэх тогтолцоог л бид хайгаад яваад байгаа юм. Ямар ч тогтолцооны цаана хүн л байдаг. Хүн бүтээгч төдийгүй хөгжлийн томъёогоор бүр үржүүлэгч хүчин зүйлд тооцогддог. Хүн хэдий боловсролтой, хүмүүжилтэй, ёс зүйтэй байна тэр хэрээр хөгжилд зарцуулж буй нөөц хөрөнгө үржигдэн, нийгэмд гардаг эерэг үр дүн өсч байдаг. Хүнийг хөгжүүлэхийн тулд бид яах аргагүй боловсролын асуудлыг хөндөнө. Боловсрол гэхээр зөвхөн тоо эсвэл онол биш. Боловсрол хүнийг хүмүүжүүлэх ёстой. Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахын тулд боловсролын системд ямар үнэт зүйл, зарчим суулгах өгөх ёстой вэ гэдгийг ярилцах ёстой болно. Боловсролоос гадна зөөлөн хүч гэж нэрлэдэг урлаг, спорт, шашин ч чухал үүрэгтэй. Би хувьдаа шашинг энэ зорилгоор ашиглахыг эсэргүүцдэг. Учир нь үүний тулд манай шашны байгууллагууд өөрсдөө шинэчлэгдэх ёстой.

В.Ганзориг: Цагаа ашиглаад заалнаас асуулт авч эхэлье. МҮХАҮТ-ын дарга Лхагважав та асуултаа асууна уу!

Б.Лхагважав: Та бүхэн их эмзэг, бас чухал сэдвийг хөндөж байна. Шунал, тачаал, мунхаг гурваас салж чадвал жаргалтай ертөнцөд очдог гэж Будда 2500 жилийн өмнө хэлсэн байдаг. Өнөөдөр бид дээд төвшиндөө мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ тавьж чадахгүй байна. Ихэнх нь мэддэг мэт дүр эсгэж шийдвэр гаргаж одоогийн нөхцөл байдалд биднийг авч ирээд байна. Өнөөдөр гараад покер тоглоё гэвэл ихэнх нь бэлэн улсууд энэ өрөөнд сууж л байгаа. Бид өөрсдөөсөө эхлэнэ гэж ярьдаг ч мэдлэг, чадваргүй хүмүүсийг дээрээ залах явдал бүх шатанд байсаар байна. Авилга өгөөд сайд дарга болсон албан тушаалтнууд одоо ч гэсэн байж л байна. Тэр бүү хэл хэдэн жилийн өмнө казинод тоглож байсан хүн одоо юу хийж байгааг харж байна. Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч хийж байгаа хүн спирт зараад явж байсан. Ийм хүмүүсээ бид дээрээ тавьчихаад тэднээс үнэт зүйлс, ёс суртахуун асуух хэцүү!

1992 оны үндсэн хуулиас хойш би Монгол Улсад төлөх ёстой бүх татвараа төлж яваа хүн учраас татвартай холбоотой асуудлаар аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн ярих ёс зүйн эрхтэй гэж боддог. Сүүлийн дөрвөн засгийн газрын 60 сайдын ихэнхийнх нь ямар авилга яаж байсныг би мэднэ. Авилга авахгүй байх эр зоригийг нийгэм улстөрчдөөс хүлээж байгаа. Гудамжинд янз бүрийн хөдөлгөөн үүсч байгааг буруу гэж хэлж болохгүй. Хувийн хэвшил хэдэн мянган хүнийг ажлын байраар ханган яаж хөдөлмөрлөж буйг хэн ч ярьдаггүй атлаа нийтийн мөнгийг дахин хуваарилах, зувшуулах асуудал руу бүгд мэдэмхийрч ордог.

Сүүлийн арван жилд тендерээс авилга аваагүй нэг ч дарга байхгүй. Н.Энхбаяр гуайг авч ирээд энд яриулбал илүү сайн ярина шүү. Тэр хүн өөрийн зовлон жаргалаа үйл лайгаараа үүрээд өөрийн шашныхаа хүчээр ард нь гарсан. Ийм улсууд л ганц нэг үнэнг хэлж магадгүй. Түүнээс биш үнэт зүйлс гэж дээрээ биччихээд наанаа худлаа юм ярьж болохгүй шүү залуучууд аа. Та хэдийг ихэнхийг нь би сайн мэднэ шүү. Үнэт зүйл, зарчим, ёс суртахуун гэдэг бол зүгээр нэг өнгөн далдлалт биш. Энэ гоё зүйлс бол нөгөө хулгайч нарыг хамгаалах зэвсэг биш. 

М.Зоригт: Бид цөөхүүлээ шүү гэдгийг сануулах гэж бид төслийнхөө нэрийг өгсөн. Цөөн Монголчууд юун түрүүнд эв нэгдэлтэй, өндөр хариуцлагатай, бие биедээ энэрэнгүй байх ёстой. Цөөхүүлээ болохоор Монголчууд бидний нэг хүний амь нас, нэг өрхийн гал голомт дэндүү үнэтэй байх ёстой. “Бидний цөөхөн Монголчууд” бидний эв нэгдлийг илэрхийлэх төсөл юм. Эвлэлдэн нэгдэж буй учир шалтгаан янз бүр байж болно. Тариаланчид, малчид, марк цуглуулагчид гэх мэт. Энэ мэтийн ижил ашиг сонирхолтой, эвлэлдэн нэгдсэн нийгмийн жижиг бүлгүүд их болох тусмаа Монгол улсын эв нэгдэл батжих юм байна гэдэг ойлголтонд би хүрээд байгаа. Эвтэй байвал хүчтэй гэдгийг би орон нутгаар аялан олон хүмүүстэй уулзах тоолондоо харж мэдэрдэг. Харамсалтай нь сүүлийн үед бараг бүх холбоод салж, хоёр тэр бүү хэл гурав хуваагдаж байна. Гэтэл манай тариаланчид тус тусдаа дөрөв, таван холбоотой байж байгаад хамгийн түрүүнд нэгдэж чадсан. Үр дүнд нь газар тариалангийн бүсчлэлийг маш тодорхой болгон хатуу зааж өгсөн шийдвэрийг эрх баригчдаар гаргуулж чадсан. Тариаланчид нэгдэж чадсан тулдаа ийм том шийдвэрийг өөрсдийн эрх ашгийнхаа төлөө гаргуулж чадсан юм. Яс үндэс, хүйс, шашин шүтлэг гээд ялгаатай талууд манай нийгмийн төлөөлөлд байдаг хэдий ч биднийг нэгтгэх түүнээс ч олон шалтгаан бас байдаг юм шүү.

Б.Бат-Эрдэнэ: Нутгархах үзлийн талаар бодлоо хэлье. Эрдэнэт үйлдвэрийн даргаар ямар аймгийн хүн томилогдоно, Орхон аймагт тэр аймгийн хүмүүс хүчтэй болдог. Тэр аймгийн хүмүүс хамгийн их тендер авдаг, тэр аймгаас хамгийн олон хүмүүс Эрдэнэт хот руу нүүж ирдэг. Энэ бол сайн бас муу талтай бодит жишээ. Нутгархах үзэл хүчтэй явбал Орхон аймгаас юм үлдэхгүй. Бид гэдэг ойлголтыг Монгол гэж ойлгоосой гэж хүсч байна.

Үнэт зүйлтэй холбоотой лоозон тавиад хоосон ярьдаг гэж зарим хүн шүүмжилж байна. Лоозон тавиад ярихыг үгүйсгэдэг атлаа өөрөө үлгэрлэдэг хүн байхгүй байна шүү дээ. Лхагважав гуайн хувьд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн хариуцлагатай албан тушаал хашдаг хүн. Энэ хүн залуучууд бидэнд ийм үлгэр дууриал үзүүлж болохгүй. Үнэхээр авилга авч өгч байсан албан тушаалтнуудыг мэдээд байгаа юм бол яагаад зарлахгүй, яагаад холбогдох газар нь хандахгүй байгаа юм бэ? Энэ нь өөрөө эргээд бидний энд яриад байгаа, залуус бидний хамгаалах гээд байгаа үнэт зүйлсийг үгүйсгэж байна. Бид үүний эсрэг байна. Ний нуугүй хэлэхэд ялангуяа 50-с дээш насныхан залуус бидний нүдэн дээр биесээ хулгайчаар дуудаад, хэрэлдээд яваад байдаг. Гэтэл энэ ярьсныг нь очиж шалгадаг газар байдаггүй. Энэ бүхнийг нь сонсоод сууж байгаа залуус, бидний дүү нарт ямар үнэт зүйл үлдэх юм бэ? Ах чинь, аав чинь, эмээ өвөө чинь хулгайч гээд ТВ-ээр яриад цээжээ дэлдээд байдаг атлаа хэзээ ч нэрсийг нь хэзээ ч задалдаггүй. Биднийг лоозон тавьж худлаа ярьж байна гэж байгаа бол бидэнд үлгэрлэж үзүүлэх ёстой ах, эгч нар өөрсдийн ярьснаа үгүйсгэж байгаагаа мэдэрч байгаа юу? Шат шатанд авилгын эсрэг, сахилга бат, хариуцлага гээд үнэт зүйлсээ залуус бид хамгаална аа!

Ц.Батсугар: Лхагважав гуайн асуултанд би өөрийн зүгээс хариулмаар байна. Ёсзүйтэй, зөв хүмүүсээ гаргаж ирээч ээ гээд байх шиг байна. Ний нуугүй хэлэхэд төлөөллийн ардчилалтай Монгол Улсад зөв хүмүүс төрийн эрхэнд гарч ирэхийг хүлээх нь бүтэшгүй зүйл. Яагаад гэвэл сүүлийн 10 жилд нийтийн дэмжлэгийг авч чадсан лидер, манлайлагч хүн Монголд байгаа юм уу? Өнгөрсөн 10 жилийн судалгаагаар энэ үзүүлэлт хамгийн дээд талдаа 30 хувьд л хүрсэн байдаг. Насанд хүрсэн хүн амын 30 хувиас дээш саналыг цуглуулж чадсан лидер хүн Монголын нийгэмд байхгүй. Тэгэхээр ёсзүйтэй хүн гарч ирээд энэ бүх байдлыг өөрчилнө гэдэг нь бодит зүйл биш. Үүнийг хүлээж суухын оронд бид нийгмээрээ урагшаа алхах ёстой.

Ёс зүйтэй, сахилга баттай болгохын тулд хуулиа чангатгаач ээ гээд саналууд бас гардаг. Цөөнгүй хууль сүүлийн жилүүдэд гарсан байдаг. Гэвч нийгмийн харилцаанд хууль гэдэг нь механик тохируулга байдаг. Гэтэл нийгэм органик шинэчлэл өөрчлөлтөд орж байж хөгждөг. Органик өөрчлөлт хийхийн тулд хүмүүсийг мэдлэгжүүлж, чадавхижуулах ёстой. Боловсролтой иргэдтэй болсон цагт хүмүүс эрхээ хамгаалж хөдөлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл хэн нэг мундаг манлайлагч ирээд бидэнд сайн сайхан амьдрал өгөхгүй. Хүсээд байгаа сайн сайхан амьдралаа цогцлоохын тулд хүн болгоны оролцоо хэрэгтэй.

Сошиал медиа дээр хүмүүс шаагилддаг атлаа яагаад бодит дэмжлэгийг газар дээр нь биеэрээ очоод үзүүлдэггүй вэ? Яагаад гэвэл жагсаал, цуглаан дээр очоод үр дүн гарна гэдэг итгэл үнэмшил, хүлээлт хангалттай байхгүй байна гэсэн үг. Жагсаалт очиж оролцсоноор үр дүн гарна гэдэг итгэл үнэмшил манай нийгэмд байхгүй байгаа учраас хүмүүс сошиал дээр чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэхээс цаашгүй байна. Өөрөөр хэлбэл эрх ашгийг нь хамгаалдаг институцидаа итгэхгүй байна. Энэ л гол асуудал болоод байна даа.

М.Оюунчимэг: Бид зарчим, хариуцлага гэж зөндөө ярьдаг боловч биелүүлдэг хүмүүс цөөн байна. Бүх салбарт хууль хангалттай байдаг боловч эдгээр хууль хэрэгждэг систем нь өөрөө ажиллахгүй байна. Цөөн тооны хүмүүс эрх мэдэлд хүрээд өөрсдийн хүмүүсээ голлох шийдвэр гаргах албан тушаалд байршуулдаг. Тэд өөрсдийн эрх ашгаа эхэлж хангаад дараа нь олон нийтийн эрх ашгийг анхаарч эхэлдэг. Төрийн албаны хуульд өөрчлөлт орж мерит дээр суурилсан төрийн албаны шинэ харилцаа ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэнэ. Хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Энэ тогтолцоог л ажиллуулж чадвал бид хулгайчдаас сална. УИХ дээр хэлж байгаа. Олон жил та нар ийм юм ярьж явлаа. Одоо тэдгээр хүмүүсийн нэрийг нь зарлаад шалгуулаад хариуцлага тооцооч гээд бид шаардаж байгаа. 2020 оны сонгууль хариуцлагатай хүмүүсийн төлөөх өрсөлдөөн байх болно. Үүний тулд олон нийтийг соён гэгээрүүлэх ажил заавал хийгдэх ёстой.

Яг өөрийн чадвараар манлайлаад гараад ирсэн хүмүүс маш цөөн, бараг байхгүй байна. Энэ нь тэр хүний чадварын асуудалтай холбоогүй. Тийм хүмүүсээ нийгэм нь гаргаж ирэхгүй дараад байна. Даргаас хамааралтай нийгэм болчихсон. Заавал танил тал, дарга нарын ивээлээр амжилтанд хүрдэг системд орсон. Аливаа улсын хөгжил даргаас аль болох бага хамааралтай болох тусам эрчимждэг гэдгийг Скандинавын орнуудын туршлага харуулдаг. Гэтэл манайд даргаас хамаарсан бүтэл бүтэн тогтолцоо төрийн албанд бий болчихсон хөгжлийн чөдөр болоод байж байна. Энэ нь үйлдвэрчний эвлэл муу ажиллаж байгаатай бас холбоотой. Монголд хууль хэрэгждэггүй шалтгаан нь хариуцлага тооцдоггүйтэй л холбоотой. Идэж идэж байгаад л яваад өгдөг. Ингэж болдог юм байна гэдэг сэтгэхүй үүсчихээд байгаа нь нууц биш ээ. 

Д.Нямсамбуу: Зөвийн хэн, хэрхэн хэмждэг юм бэ гэсэн асуулт тавигдаж байна. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны наад захын шаардлагууд байдаг. Гудамжинд хог хаяж болохгүй, төрөөс мөнгө идэж болохгүй гэх мэт. Эдгээрийг ямар ч шашин, ямар ч философийн өнцгөөс зөв гэж үздэг. Тэрнээс биш бямба гарагт хулгай хийж болно гэж сургадаг шашны талаар би дуулаагүй. Хааяа дургүй хүргэдэг хүнээ цохиод унагаж бай гэж сургадаг шашны талаар ч би сонсоогүй. Наад захын муу муухайгаас салах, тэр зуршлаа болих арга бидэнд бий юу л гэдгийг л би яриад байгаа юм. Энэ зөв зүйлс мэдээж нэг шашинд харъяалагдахгүй шүү дээ. Ёс суртахуун гэдэг зүйл бидэн ус агаар мэт хэрэгтэй гэдгийг бид ойлгох хэрэгтэй болчихоод байна. Нийтээрээ цөхрөөд байна шүү дээ. Нийтээрээ бухимдалтай байна. Би бол бухимдаагүй, гэхдээ цөхөрч байна. Энэ бүхнээс бид гарч чадах уу, бодитой арга чарга байна уу л гээд бид энд ярилцаж байна.

Энэ салбар хуралдааны нэртэй холбоотой надад нэг санал байна. Энэ бол зөвшилцөл. Нэг нь сая хэлсэн. Баатар гарч ирээд, бүх муу хүмүүс, 200 хүний толгойг цавчаад сайн сайхныг бий болгоно гээд. Намайг ямар нэгэн дарга, сайд энэ хуралд уриагүй. Зөв үйлийн төлөө нийгэмд томоор нөлөөлөхгүй ч ядаж хүр эрвээхэйн далавч дэлэлтийн чинээ нөлөөг нийгэмдээ үзүүлчих юмсан гэдэг сэтгэлээр би энд сууж байна. Энэ их бараан нийгэмд бүгд цагаан баатар хүсээд байна. Гэтэл тэр цагаан баатар нь байхгүй байна шүү дээ. Цагаан болж харагдахыг хүсч байгаа нэг хүн байна. Тэрийг нь бид цагаан биш гэж мэддэг. Угаасаа бид хар алаг болж хоцорсон юм бол хэцүү ч гэсэн өмнөх хорин хэдийн жилийг мартаад цаашаа явах гэдэг бартаатай санал надад байгаа юм. Одоо чи авсан гэхээр чи ч гэсэн авсан шүү дээ гээд тулдаг. Энэ маргаан тулаан хэзээ ч дуусахгүй. Авсныг нь мартчих. Би бас мартаад зөвшилцөе. Харин үүнээс цааш тийм юм байхгүй шүү гэдэг юм л бодогддог юм.

Саяхан би Шинэ Монгол сургуулийн захирал Наранбаярын орчуулсан Манжийн хааны хүүдээ бичсэн захидлуудын тухай сонирхолтой ном уншлаа. Эндээс ойролцоо хүчтэй талууд л улсаа алаад хаядаг юм байна гэж бодсон. Учир нь талууд хэзээ ч бие биеэ үгүй хийж чадахгүй атлаа сульдуулдаг. Ойр зуурын тулаанд аль нэг нь ялдаг ч туйлын ялалтыг хэн нь ч авч чаддаггүй. Цэдэнбал гуайг сайн эсвэл муу гээд бид хоёр туйлд хуваагддаг. Жишээ нь дунд юм байна аа гээд бид дундаа уулзмаар байгаа юм. Үүнтэй адил хэдүүлээ одоо байгаа дарга нарыг, сайд нарыг давгүй хүн гээд л бодчихъё. Харин үүнээс цааш бид хариуцлага нэхнэ шүү. Гэхдээ энэ бол хүүхдийн санаа байх л даа.

Д.Болор: Би энд хурлыг зорьж орж ирсэн. Бизнес амжилттай хийгдэхийн тулд оролцогч талууд нэг зорилготой байх  ёстой болдог. Үүний суурь нь байгууллагын үнэт зүйлс байдаг. Улс орон ялгаа байхгүй. Бид нэг зорилготой, нэг санаатай байж гэмээнэ ялна. Бид дотроо талцаж, хуваагдаж болохгүй. Би хувьдаа нутгийн зөвлөлүүдэд их талгүй ханддаг. 21 тусдаа улс байгуулах гээд байгаа юм уу хаашаа юм. Монголчууд дэлхийн хүн амын 0,04 хувийг арай гэж эзэлдэг жижигхэн улс. Тэгсэн атлаа асар их түүх, соёлын өвтэй. Өнөөдөр Монголчууд IQ-р дэлхийд 5-д, газар нутаг, мал сүргийнхээ тоогоор дэлхийнд тэргүүлдэг ч яагаад ийм нөхцөлд амьдраад байгаа нь ганц л зүйлтэй холбоотой. Монгол Улсын эрхэм зорилгыг өнөөдөр хэн ч мэддэггүй. Угаасаа байхгүй. Ийм байхад бид хэчнээн итгэл үнэмшил яриад нэмэр байхгүй. Магадгүй өмнөх нийгэмд бидэнд коммунизм гээд гоё зүйл рүү явж байгаа итгүүлсэн байсан. Түүнтэй адил бид зорих чиглэл, хүрэх цэгээ тодорхойлох хэрэгтэй байна. Хүмүүсээ итгэл үнэмшилтэй болгохгүйгээр хэчнээн бодлого, стратеги яриад нэмэр байхгүй. Итгэл үнэмшилгүй хүнд төлөвшил үүсэхгүй.

Соёл, урлагийн их сургуулийн төлөөлөл: Бид эдийн засгийн форумыг харахдаа зөвхөн эдийн засгийн утгаар нь биш Монгол орны хөгжлийг авч явж байгаа элитүүд цугладаг, тэд юу ярих нь гэдгийг ялангуяа их дээд сургуулиудын төвшинд их анхаарч судалдаг юм. Хувь хүн, гэр бүл, байгууллагын үнэт зүйлсийн талаар судалгааг манай сургууль хийж байна. Үнэт зүйлтэй хувь хүн хүний цүнх барьж явахгүй. Тэр утгаараа Монгол үндэстэн өнөөдөр төлөвшөөгүй байна. Улсаараа төлөвшихийн тулд бид үнэт зүйлсээ ярих ёстой. Цаг үеэ хүн үзэн ядаж амьдрах хэрэггүй. Аль ч цаг үед сайн, муу хүмүүс байсан. Энэ орчноо зөв, сайхан болгох нь бидний үүрэг. Богино хугацаанд үр дүн хүлээх хэрэггүй. Магадгүй 50, 100 жилийн дараа бид хүссэн үр дүндээ хүрнэ. Гол нь эхэлсэн шигээ ажлаа дуусгаж сурах хэрэгтэй байна хамтдаа. Хүн хийсэн ажилдаа эзэн болох ёстой. Тэр ажлыг нь хийж чадах хүмүүс тэр албан тушаалд нь очих ёстой.

Д.Өнөрболор: Би ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын албанд ажилласан юм. Тэнд ажиллаж байхдаа яах аргагүй Монголчууд үнэт зүйлс гэж юу вэ, бид хэн бэ, бид юу хийж чадах вэ, хийж байгаа зүйлээ бусдад яаж ойлгуулах вэ зэрэг асуултанд хариулах цаг нь болсныг ойлгосон. Боловсрол, ёс суртахуун, ёс зүй гээд ярьж байна. Бүхэл агуулгаар нь харвал энэ бол хүн судлалын асуудал байдаг юм байна. Өнөөгийн Монголчууд хэн бэ гэдэг асуудал өнөөдөр судлалын төвшинд алдагдсан байна гэж би бодсон. Өнөөдөр бид хэн юм бэ гэдгээ ойлгоогүй байж дараагийн ирээдүйн зорилгоо тодорхойлох нь зохисгүй хэрэг болно. Түүхэн Монгол хүн шинэ мянганы залуустай хэрхэн холилдож яаж өөрчлөгдөж буйг шинжлэх ухаанч байдлаар нэлээд том мэргэжлийн баг судлахаас өөр аргагүй болсныг би хэлмээр байна.

В.Ганзориг: Хурлаа товч дүгнэе. Монгол Улсад алсын хараа алга байна. Үндэсний ижилсэл болон ондоошил тодорхойгүй байна. Өнөөдрийг хүртэл бид хэн байсан гэдэг дээрээ аархаж омогшиж яваа болохоос бус одоо яг хэн болсон, сул талаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ процессыг  дуусгалгүй хэн болохыг хүсч буйгаа томъёолох боломжгүй зүйл аж. Брэндийн зөвлөл гэж засаг байгуулжээ. Хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, урлаг, соёлынхон маань бүгдээрээ энэ зөвлөлд орж дэмжин ажиллах ёстой юм байна. Бид хэн нэгнийг сайн юм бидний төлөө хийхийг хүлээх биш, эсвэл одоо байгаа нийгмээ үзэн ядах бус, хүн бүр өөрийн оролцоогоо энэ нийгэмдээ нэмэгдүүлж байж улсаараа хөгжиж, хүсч буй нийгмээ цогцлоож чадах нь ээ.


avatar
    • Зочин
    • 172.68.255.*

    Gishuun bolchloo, heden haltar tugrug olood biznesman bolchloo, heden niitlel bichlee geed yos surtahuunii talaar odoo yarij chadna gej bodoj bwal tom enduurel bolj dee. Yos zui, yos surtahuun gedeg chin mergejliin philosophchiin hiideg ajil. Ene metgelzeend chin philosopch bna uu? Molor-Erdene haana bna? Moraliig tomiyolson moraltai mongol san haana bna? Ingej tolgoi meddeg bolohoor uudluhgui bgaam shdee

    • Зочин
    • 172.68.255.*

    hahaha, yos zuig filosofichid l onolii ni gargadag shuu dee. Gal garwal gal komandiin hun duudna shuu dee. Shud uwdsun bol shudnii emchid ochno shuu dee. Neg l anduuraad bna daa.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2465

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%