СУРВАЛЖЛАГА: Цөлжиж буй Зүүнбаян ба нурсан хотын балгас

Дорноговь аймгийн  Зүүнбаян хэмээх тосгон манай улсын анхны хүнд үйлдвэрийн төв бөгөөд 1949 онд Монголын анхны Нефтийн үйлдвэрийг түшиглэж боссон тосгон. Цагтаа арван мянган цэрэг жагсаж, цэрэг эрсийн уухайн дуу цуурайтаж, задгай талбайн усан бассейндаа хөгжилддөг байсан. Үүгээр ч зогсохгүй Монгол улс анхны усан спортын аварга шалгаруулах тэмцээнийг энд зохион байгуулж байсан. Гэтэл одоо Зүүнбаян тосгон эзгүйрч энд тэнд хөглөрөх нурсан балгас, улайдсан элс, хатсан шарилж, аагим халуун л үлдэж. Уг нь энэ газар Оросын цэргийн 336-р ангиас гадна 1950 онд ашиглалтад орж ганцхан жилийн дотор 400 мянган баррель нефть олборлох хүчин чадал бүхий цооног ашиглалтад оруулж байсан түүхтэй.  Харамсалтай нь Зүүнбаянгийн газрын тосны цооногуудын гарц багасч, боловсруулах үйлдвэрт гал түймэр гарсанаас болж 1969 онд Монгол улс газрын тос олборлохоо зогсоосон ч  удахгүй нефть боловсруулах үйлдвэр барина гэх сураг дуулдсаар хэдэн жилийн нүүр үзэж байна.

Гэхдээ яг үнэндээ энэ газар бүтээн байгуулалт хийх нь битгий хэл хүн амьтан амьдрахад хүндрэлтэй болжээ. Угаас цөөн хүн амтай энэ тосгонд хүүхэд хөгшдөөс гадна 336-р цэргийн ангид  алба хааж буй арван наймтууд, тэнд сонсогчийн үүргээ биелүүлэхээр таван жилийг хоног тоолон хүлээж буй армийн алба хаагчид л өнгө дуу нэмнэ.

Өнгө нэмнэ гэхийн учир нь энэ газар улайдсан элс, алсад торойж харагдах хар уулсаас өөр өнгө гээд байхаар зүйл бараг байхгүй. Зургаан сарын дунд үе гэдэг зуны эхэн сар бараг дуусаж байна гэсэн үг. Удахгүй нар буцаж, наадам эхлээд намар болох нь. Гэтэл энэ газар ердөө хоёр удаа хоёр минут бороо дусалсан гэж нутгийн иргэд халаглаж байна.

Зүүнбаянгийн Сүхбаатар жанжны нэрэмжит 336-р цэргийн ангид Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Хөвсгөл гэх мэт хангайн болон төвийн бүсийн аймгуудын хүүхдүүд цэргийн албанд татагдаж ирдэг. Ирээд нэг сар болж цэргийн хоол хүнс, дасгал сургуулилт, ажил амралтад дассан хүүхдүүд нэг зүйлд дасаж ядаж буйгаа хэлж байсан юм.  Энэ бол цөлжсөн газар нутаг. Хаашаа л харна, элс шороо, халуун нар, нурсан балгас харагдаж өөрийн эрхгүй хангай нутаг, төрж өссөн гэр орноо санаж сэтгэл эзгүйрдэг гэдгийг цэрэгт ирээд 6 сар болж буй хал цэргүүд болон дөнгөж татагдан ирсэн шинэ цэргүүд санал нэгдэн ярьж байсан юм.

336-р цэргийн ангийн 3-р салааны байлдагч  Г.Саруултөгс:

"Би цэрэгт татагдаж ирээд 6 сар болж байна. Өнгөрсөн 10 сард Зүүнбаянгийн цэргийн ангид татагдаж ирээд өвөл 2 цас, одоогийн байдлаар 2 удаа 2 минутын бороо дуслахыг харж байна. Би өөрөө Дархан хотод төрж өсөж өдийг хүртэл тэнд л амьдарч байсан. Манай Дархан хүйтэн үедээ хүйтэн, халуун үедээ халуун. Гэхдээ арай ч энэ газар шиг биш. Энд өвөлдөө их дулаахан юм билээ. Гэхдээ бас цас орохгүй хирнээ аймшигтай хүйтэн үе ч байна. Зундаа бороо орохгүй, өдөртөө халуун нар шардаг ч зарим орой жагсаалын бэлтгэл хийгээд зогсож байхад өвөл даардгаас ч илүү даарах үе байдаг. Ер нь цаг агаарын хувьд их онцгүй нөхцөл байдалтай.  Салааны дарга, орлогч нар шороо шуурах үед  анги дотроо л төөрөх гээд байдаг учир шуурч байгаа тохиолдолд үргэлж  бие биеийнхээ бүснээс барьж явахыг сануулдаг".

 Нээрээ л энэ газар аль хэдийн цөлжилт явагдаад эхэлчхэж. Халуун нар, бүгчим агаараас зугтан хүмүүс нь гэртээ бүгэх нам гүм энэ тосгоныг 336-р цэргийн ангийн нэгдүгээр ээлжийн шинэ цэргүүдийн тангаргийн баяраар цугласан 400 орчим ар гэрийн төлөөлөл, эцэг эхчүүд жинхэнэ дуу шуум оруулж, энэ газар амьд хүн амьдарч байгааг мэдрүүлэх шиг болсон.

Нурсан хотын балгас шиг болсон Зүүнбаянд дутуу мөлжөөд хаясан яс шиг хаалга цонх, хана дээвэргүй байшин олон. Дивизийн офицеруудын орон сууцны зориулалтаар баригдсан угсармал таван давхруудаас эхлээд банк санхүүгийн байгууллага, үйлчилгээний төв ч нэг талаасаа цөм цохиулсан мэт болж. Энэ дундаас тодрон харагдаж ганц чимэг болсон барилга нь “Соёлын төв”-ийн байшин.  Хаа очиж дотор засал чимэглэл, суудал, агаарын хоолой зэрэг нь чамлахааргүй сайн юм билээ. Энэ соёлын төвд хэр давтамжтай урлаг соёлын арга хэмжээ болдгийг мэдэхгүй ч тангаргийн баярын үеэр тоглосон “Цэргийн жавхаа” тоглолтыг үзэх гэж гүйлдэх багачууд суудал булаацалдан гүйх нь өхөөрдөм.

 Бороогүй хатаж, бэлчээргүй гундаж буй Зүүнбаян

Нийслэлээс 500 километрийн зайд орших энэ тосгон олон улсын төмөр замтай, харьцангуй хил хязгаартай ойрхон боловч эзэнгүй орхигдож нурсан хотын балгас шиг л харагдана.

Дорноговь аймагт  малын бэлчээр гээд байх зүйл бараг үгүй болж ан амьтад нь бут сөөг харганын үзүүр, дэрсний толгойгоор гол зогоож байна. Хэдэн километр хаашаа явж байж усанд хүрдгийг бүү мэд. Хотоос хөдлөн Багахангай дүүрэг өнгөрөөд л цагаан тал, уйтгарт зэрэглээ бүгчим агаар үргэлжилсээр Дорноговь аймгийн Зүүнбаян хүрнэ. Зам дагуу үхсэн малын сэг зэм, эцэж турсан мал амьтан харагдах нь их л өрөвдөлтэй.

Уг нь говийн хөрс хангай газрынхныг бодвол чийг шингээхдээ сайн, авсан чийгээ удаан хугацаанд барьдаг онцлогтой боловч, бэлчээр муудаж, хур бороогүй удсанаас өнгөн хөрс хатуурч, давхарга үүсч, хэр баргийн бороо газрын өнгөн хэсгийг нэвтэлж чадахгүй, гадаргуугаар урсахаар байдалд оржээ. Хаана ч очсон хамар хатгах өвсгүй, сүүдэр тусгах үүлгүй, чимэх зүйлгүй говь нутаг. Хот суурин газар гэрэл чимэглэл, машин тэрэг, өндөр шилэн барилгууд хотын өнгийг чимж байдаг бол хөдөө говь газрыг чимж ургасан ганц шар цэцэг ч алга.  Угтаа бол говь нутгийн агь таана амин дэмээр баялаг тул говийн малын мах тэжээллэг чанараараа тэргүүлдэг. Хэдэн зуун төрлийн эмийн ургамал, сүрэг сүргээрээ давхилдах шимт малын бэлчээр болох энэ уудам бүс нутаг ингээд цөлжиж эзгүйрч хоцрохвий гэх айдас Монгол хүн бүрд, тэр дундаа энэ тосгоныг байгуулахад гар бие оролцсон ахмадуудын зүрхэнд бий.  

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4876

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%