ФОРУМ : Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс

Монголын хуульчдын холбоо хоёр дахь жилдээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор зохион байгуулж буй Хуульчдын форум-2018 хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгээр Монголын хуульчдын холбооноос нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд тэдгээрийн хууль зүйн зохиицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой юм. Түүнчлэн энэ удаагийн фурумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиш хандлага” гэсэн сэдвээр явуулах бөгөөд “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” , “Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа, “ Хариуцалагатай уул уурхай ба нөхөн сэргээлт” зэрэг салбар хуралдааныг зохион байгуулж буй юм.

Салбар хуралдаан бүр  хэлэлцэх асуудлаа хэлэлцэж санал бодлоо соилцсоны дүнд хэлэлцүүлгийн төгсгөлд нэгдсэн зөмлөмж гарах бөгөөд бид энэ удаа   “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс” салбар хуралдааны хэлэлцсэн асуудал түүнээс гарсан зөмлөмжийг уншигчиддаа хүргэж байна.  Уг хуралдаанд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан, Оюуны инноваци ТББ-ын гүйцэтгэх захирал П.Баттулга нар оролцлоо.

П.Баттулга: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар шүүгчид тавигдах нөхцөл шаардлагыг нарийвчилсан. Шүүгч сонгон шалгаруулах журмыг дөрөв дэх удаагаа шинэчиллээ. Мөн Хуульчдын холбоо тухайн шүүгчээр нэр дэвшигчид дүгнэлт гаргаж байгаа. Гэтэл Хуульчдын холбооны тэр дүгнэлт болон шалгалтын оноог Шүүхийн ерөнхий зөвлөл төдийлөн харгалзахгүй байх шиг. Ингэж үзэмжээрээ хандаж шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулж байна. Үүнд шүүмжлэлтэй байгаа юм. Уг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурал нээлттэй байх талаар хуульчилсан байдаг. Гэтэл өдийг хүртэл хаалттай хуралдаж байна. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой. Эндээс хараат бус шүүхийн асуудал эхэлнэ.

 О.Мөнхсайхан: Шүүхэд итгэх олны итгэл сайжирч байна. Сант маралаас гаргасан судалгаагаар шүүхэд итгэх итгэл 26 хувь байснаас 40 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт гарсан.  Шүүхийн захиргааны байгууллагыг шүүн таслах ажиллагаанаас таслан байгуулсан нь маш зөв болсон. Шүүгчийн цалин 2.2-3.3 сая төгрөг болж нэмэгдсэн. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгон шалгаруулалт, ёс зүй, сахилгын асуудал гээд бүх зүйлийг төвлөрүүлэх шаардлагагүй. Хууль дээдлэх ёс бэхжсэн орнуудад нэг байгууллагад бүх эрх мэдлийг төвлөрүүлдэггүй. Мөн Монгол Улсын тухайд шүүх, шүүгчтэй харилцах Ерөнхийлөгчийн эрх мэдэл их байна. Энэ эрх мэдлийг хязгаарлах нь хараат бус шүүхийг бэхжүүлэх болно.

А.Бямбажаргал: 2012 оноос хойш хэрэгжиж буй шүүгчийн сахилгын хэрэг шийдэж байгаа ажиллагаанд дүгнэлт хийгээд харахад нэг зүйл тодорхой байгаа. Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гээд хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ердийн маргаантай адилтган үзэж байна. Нийт хүчингүй болгосон маргааны 58 хувь нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйн зөрчилд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан байна гээд шүүхээс сахилгын хорооны дүгнэлтийг хүчингүй болгож байгаа юм. Энэ нь эргээд шүүгч нар нэгэндээ хариуцлага тооцдоггүй гэх мэдээлэл тарахад хүргэдэг.

Т.Мэндсайхан: О.Мөнхсайхан, П.Баттулга судлаач нарын хэлсэнтэй санал нэг байна. Үнэхээр ч шүүхэд итгэх иргэдийн итгэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд, шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд шүүх хараат бус бие даасан байдлаа бүрэн хангуулж чадаагүй гэж хэлнэ. Томоохон бизнесийн асуудал, улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх үед дарамт шахалт ирэх нь бий. Үүнтэй энд сууж байгаа олонх хуульч санал нийлнэ. Орон нутагт иргэд шүүхдээ итгэж найддаг. Харин Улаанбаатарт байдал арай өөр байна. Нэгдүгээрт, шүүх хэдийгээр нээлттэй, хүртээмжтэй болох асуудлыг ярьж байгаа боловч нөлөөлөл их байна. Мөн шүүхийн дотоод хараат бус байдал шийдэгдээгүй байна. Шат шатны шүүхийн бие даасан байдлыг хангах шаардлагатай байна. Улсын дээд шүүх сургалт, судалгаа, ажилтай танилцах нэрээр ерөнхий шүүгч нарыг дуудаж уулздаг байдал байсаар байна. Би Улсын дээд шүүхийг сургалт хийдэг, зөвлөмж өгдөг биш хэрэг маргаан шийдвэрлэсэн байдлаараа үлгэр дууриал болох ёстой гэж үздэг. Дээд шүүх үнэхээр бусдад заамаар байгаа бол шийдвэрээ л зөв гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр чиглэл өгдөг, зөвлөдөг, зааж сургадаг байж болохгүй. Тэгэхгүй бол Дээд шүүхээс уяатай хэдэн шүүгчтэй болох нь.

Д.Мөнхтуяа: 2013 оны Шүүхийн багц хуулиар шүүн таслах ажил, шүүхийн захиргааны ажил хоёрыг салгаж өгсөн нь ололт юм. Хэрэг шийдэж байгаа шүүгч нь адаглаад л шүүхийнхээ төсвийг бүрдүүлнэ гээд хаалга сахиж гүйхгүйгээр хараат бус байдал нь дээрдсэн. Бас хэн ч байсан шүүн таслах ажилд нөлөөлж болохгүй гэсэн олон улсын стандартад нийцсэн зохицуулалт хийж өгсөн. Гэтэл яагаад иргэд шүүхэд итгэхгүй байна вэ. Иймээс иргэдийн итгэл суларч буйд дүгнэлт хийх ёстой. Шүүхийн шийдвэр судалгаанд гардаггүй, судлаачид түүнийг нь хэлэлцдэггүй явдлаас болж байна уу гэж хардаг. Шүүгч авлига авдаг асуудал тусдаа. Авлига бол ёс зүйн зөрчил биш. Гэмт хэрэг учраас түүнийг тогтоон шалгадаг асуудлаараа явах хэрэгтэй. Анаж байгаад зөрчил гаргахаар нь шийтгэх зорилготой юу. Зөрчил гаргахаас нь сэргийлж туслах зорилготой байх уу. Нэмээд хэлэхэд УИХ-ын сонгуулиар манай улс төрийн намууд "шүүх засаглалыг шударга болгоно" гэж амлаад байх шиг байна. Уг нь шүүх засаглалд нөлөөлөхгүй гэж амлах ёстой юм.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%