Т.Аюурсайхан: Засгийн газар хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүрэгтэй

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийн томьёоллыг боловсруулж тус хуулийн хоёр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан. Гэхдээ энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал Засгийн газрын шийдвэрийг шүүх хянах боломжгүй болж иргэн, хуулийн этгээд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах боломжгүй болно гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы хуралдааны үеэр илэрхийллээ.

"Энэ сарын 15-д Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Энэ хуулийг өргөн барьсантай холбогдуулж бид хэлэлцэх асуудалд оруулах эсэхийг нь, хуульд нийцэж байгаа эсэх асуудал дээр үндэслэж шийдээсэй гэдэг саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагыг 5-р зүйлээр томьёолсон байдаг.  Тухайлбал 5.1.1-д Захиргааны байгууллага гэдэг нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн бүх байгууллагыг хэлнэ гэж хуульчилсан байгаа. Гэтэл үүнийг өөрчлөөд 5.1.1-ийг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны байгууллага гэж томьёолж оруулж ирж байна. Эндээс юу харагдаж байна гэхээр захиргааны байгууллагаас Засгийн газрыг захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлээс хасаж өөрөөр хэлбэл Засгийн газрын гаргасан шийдвэртэй холбогдуулан  хэн нэгэн хүн шүүхэд гомдол гаргах эрхгүй болгосон ийм зохицуулалтыг хийсэн байна. Хуулиараа бол Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ мөн Үндсэн хуулийн цэц хүчингүй болгодог. Эсвэл иргэн шүүхэд гомдол гаргаж хохирсон эрхээ сэргээх эрхтэй ийм зохицуулалт байгаа.

Хүн болгон Засгийн газрын шийдвэр болгоныг Үндсэн хуулийн цэц рүү барьж явах боломжгүй, Засгийн газрын шийдвэр бүрийг УИХ дээр зөв бурууг нь шүүх боломжгүй. Ганц баримт  дурдахад 2017 онд Засгийн газрын шийдвэртэй холбоотой 1908 хэрэг шүүхэд шийдвэрлэгдэхэд 57 хувьд нь Засгийн газар түүний харьяа байгууллагууд ялагдал хүлээсэн байна. Шүүхэд гүйцэтгэх засаглалын шийдвэр унаснаас үүдэлтэй төсвийн зарлага жилд дунджаар 7.1 тэрбум төгрөг болсон. Тэгэхээр энэ асуудал ямар хүрээнд явж байна гэдэг нь маш тодорхой байна. Засгийн газар хуульд нийцүүлж шийдвэрээ гаргах үүрэгтэй, тэр шийдвэрийг нь хэн нэгэн шүүхэд гомдол гаргах эрхтэй байх ёстой.  Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд байна. Тухайлбал 14-р зүйлд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна, 16.12-т Монгол улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн зүйлийн 14-т Монгол улсын иргэн өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл иргэний хувьд гомдол гаргах эрхтэй зэрэг Монгол улсын иргэн өөрийн гомдол, саналаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Эргээд иргэн шүүхэд очиход Засгийн газрын шийдвэр үнэхээр хуулийн дагуу гарсан бол эндээс Засгийн газар айгаад, зугтаад байх шаардлага огт байхгүй.

Тийм учраас Засгийн газрын шийдвэр цэгцтэй, үнэн зөв, судалгаатай байх ёстой. Хуульд нийцсэн байх ёстой.

Хууль бус шийдвэр гарсан, үнээс болж төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан, аж ахуй нэгжүүдийг хохироосон явдал маш их байна. Нэг жишээ дурдвал Оюутолгойн ордод усны нөөцийг бусдын эзэмшлийн талбайгаас булааж авч улсын тусгай хэрэгцээнд аваад, секундэд 800 гаруй тонн усыг шахаж байгаа усны нөөцийг нь булааж авсан шийдвэр бол Засгийн газраас гарсан. Энэ шийдвэр шүүхэд очсон байгаа. Шүүхэд очоод Засгийн газрын харьяалал нь иргэнийх үү, захиргааных уу гэдэг ийм маргаан үргэлжлээд явж байна гэж ойлгож байна. Энэ бүх асуудал нь Захиргааны ерөнхийн хууль батлагдвал байхгүй болно. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4999

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%