Нийтлэл 07 сарын 26, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Шантрах үе байх ч туулаад гарсаны дараах үр дүн сайхан

"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт “Сэтгэлийн хүүрнэл” бүлгэмийн гишүүн, “M Plus” цахим номын аппликейшны Сошиал Медиа Маркетер Д.Оюун-Эрдэнэ  өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм. 

Өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Дорждагвын Оюун-Эрдэнэ гэдэг. Woovoo ХХК – д  “M Plus” цахим номын аппликейшны Сошиал Медиа Маркетераар ажилладаг. “Тархи Цэнэглэгч” номын клуб бүлгэмийн админ. Мөн “Сэтгэлийн хүүрнэл” хуудсанд нийтлэл бичиж оруулдаг.

Сэтгэлийн хүүрнэл хуудсанд хэзээнээс нийтлэл бичиж эхэлсэн бэ?

2018 оны 6 сараас бичиж эхэлсэн.

Ихэвчлэн ямар төрлөөр бичдэг вэ?

Ихэнхдээ шүлэг бичдэг. Одоо үргэлжилсэн үгээр оролдож байгаа.

Бичдэг хүн бичсэнээсээ илүү ихийг уншсан байдаг. Таны хувьд хамгийн анх уншсан ном тань ямар ном бэ? Тэр номыг уншаад төрсөн сэтгэгдэлээ одоо санадаг уу?

Аав маань их ном уншдаг хүн байдаг. Монголын болон дэлхийн сонгодогууд шүүгээгээр өрөөстэй байдаг байсан. Тэр надад их нөлөөлсөн. Анх 6 настайдаа Үүлэн бор гээд Орос ардын үлгэрийн номны зургийг нь үзээд бараг хуудаснууд нь салж унатал их уншсан байхаа. Тэдгээр үлгэрүүдээс хамгийн тод  үлдсэн нь Иванушка Алёнушка 2-ыг өрөвдөж уйлаад л уншаад суудаг байсан. Дараагаар нь Александр Дюмагийн “Монте Кристо гүн” романыг уншаад уран зохиолд шимтдэг болсондоо.

Орчин цагт цахим хэрэглээ их болсон учраас ном унших нь тийм ч сайн сонголт биш гэж хэлэх хүмүүс цөөнгүй болж. Ном уншихын давуу тал нь таныхаар юу вэ?

Мэдээж хүн номыг уншаад хэрхэн хүлээж авахаас давуу талууд нь өөр өөр байдаг байх. Хүн өөрийн сонирхолд нийцсэн номоо олж уншиж, цаашид уншигчийн чадвараа хөгжүүлэн улмаар бичих ч чадвартай болдог юм шиг санагддаг. Наад захын давуу талууд гэвэл үгийн баялаг сайтай болдог, алдаагүй зөв бичихээс гадна үг холбон найруулан бичихэд суралцдаг гэх мэт давуу талуудтай. Миний хувьд уран зохиолын номоос тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн ахуй амьдрал, хоорондын харилцаа, нийгмийн байдал, сэтгэлгээ зэргийг танин мэдэхийн зэрэгцээ өөр цаг үед очоод амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

Таны бичсэн нийтлэл бичвэрээс хүмүүс юуг мэдрээсэй гэж хүсдэг вэ?

Энэ талаар бодож байгаагүй юм байна. Хүн бүрт өөр өөрийн гэсэн дотоод мэдрэмжүүд харах өнцгүүд байдаг. Миний хувьд тэдгээрийг нэгтгэж чаддаг зүйлс нь хайр бас уучлал байдаг гэж боддог. Тиймээс энэ л торгон мэдрэмжүүдийг үгээр илэрхийлж өөртөө болон бусдад тайтгарал мэдрүүлэхийг хүсдэг юм.

М Plus-д ажилладаг гэсэн ажлынхаа талаар яриач. Өөрөө подкаст хийдэг үү?

M plus бол цахим номын application байгаа. Бүхий л салбар дижитал системд шилжсэн өнөө үед номын салбар ч бас орхигдолгүй бидний өдөр тутмын хэрэглээ болсон утсанд суурилсанаараа онцлогтой юм. Хэвлэмэл номыг дижитал платформ руу шилжүүлсэн нь  дэлхийн хаана ч интернеттэй, интернэтгүй аль ч нөхцөлд зөвхөн гар утас, таблетаараа олон олон ном уншиж бас сонсож болохоороо давуу талтай. Би өөрөө подкаст хийдэггүй ч М+ аппликейшнд олон олон сонсдог ном, подкастууд орж байгаа.

 Таны амьдралд тохиолдож байсан хүнд хэцүү цаг хугацааг хэрхэн давж байсан бэ? Амьдралд ийм үе цөөнгүй байдаг?

Мэдээж тэгэлгүй яахав амьдрал л юм чинь шалгуур тавьж байдаг. Унаж босох үе зөндөө л байдаг. Хэдийгээр шантрах үе байх ч туулаад гарсаны дараах үр дүнд ахин нэг "БИ" шинээр төрсөн юм шиг мэдрэмж авдаг. Эхэндээ их шантарч, бусдаас зайгаа барьж, дийлэнхдээ уйлж суудаг байсан бол одоо дотоод сэтгэлээ нээж цаасан дээр буулгадаг болсон. Энэ нь асар хурдан тайвшруулж, хэцүү бүхнийг хөнгөхөн давах чадварыг өгдөг. Хэцүү гэж бодвол бүгд хэцүү, хэцүү бүхний ард гарсаныхаа дараа өөртөө итгэх итгэл илүү ихээр нэмэгддэг. Эцэст нь би таныхаар, та минийхээр зовж үзээгүй болохоор бидний зовлонг харах өнцөг өөр өөр байлаа ч маргаашийн нар хэн хэнийг маань ялгахгүй тусаж итгэл найдвар бэлэглэдэг юм шүү гэж хэлмээр байна.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon