Нийтлэл 08 сарын 27, 2018

Хүүхдийн эрх ба сургуулийн орчин

 Сургуулийн орчин нь хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл хангалттай зохицуулалтгүй байгаагийн улмаас хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөх болсон.

Тиймээс бид хүүхдийн хүүхдийн эрх ба сургуулийн орчин хоёр хэрхэн холбоотой болох, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг хэрхэн бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжилд нийгэм болон эцэг эхчүүд хэрхэн нөлөөлдөг болох талаар зарим мэдээллийг хүргэж байна.

Мэдээж хамгийн нэгдүгээрт яригдах ёстой асуудал бол сургуулийн аюулгүй орчин. Монгол улс сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын стандарт журмыг батлаагүйгээс болж хүүхдүүд сургуулийн орчинд гэмтэж бэртэх амь насаа алдах тохиолдол цөөнгүй.

Сургуулийн орчин гэж юу вэ?

Сургууль бол хүүхэд насны ихэнх хугацаа өнгөрөх газар юм. Тиймээс сургуулийн материаллаг орчин нь хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой.

Сургуулийн орчинг материаллаг ба материаллаг бус гэж хоёр хуваадаг.

Сургуулийн материаллаг орчин гэдэг нь сургуулийн барилга байгууламж, анги танхим, бие засах газар, биеийн тамирын заал, номын сан, сургууль дотор амрах суудал, сургуулийн автобус, сургуулийн дэргэдэх талбай, дотуур байр зэрэг сургуулийн бусад үйл ажиллагаа явагдах орчин бөгөөд мөн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хичээлийн бусад хэрэглэгдэхүүнүүд орно.

Сургуулийн материаллаг бус орчин нь нийгэм, сэтгэл зүйн харилцааны болон сургуулийн ардчилсан уур амьсгалыг хэмжиж байдаг маш чухал орчин юм.

Сургуулийн материаллаг орчныг хүчирхийлэлгүй болгохын тулд дараах асуудлуудыг анхаарах ёстой.Үүнд:

Хүүхдэд сургууль бол хүүхдийн эсэн мэнд амьдрах орчин, аюулгүй байдлыг хангасан газар гэдгийг ойлгуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюулгүй байдлыг бүрдүүлэх

 Сургуулийн бүхий л орчин гэрэлтүүлэгтэй байх, ямар нэгэн ослоос хамгаалагдсан байх

Сургуулийн бүхий л орчинд хэм хэмжээ нэгэн адил үйлчлэх

 Сургуулийн барилга байгууламж, анги танхим болон бусад бүхий л орчинд хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

 Сургуулийн удирдлага, багш нар, сургуулийн бусад ажилчид сургуулийн орчинд хүүхдийг аюулгүй байлгах үүрэг хүлээх

 Аюулгүй байдал хэр зэрэг хангагдсан байгаад хяналт шинжилгээ хийх

 Сургуулийн аюулгүйн зөвлөлд сурагчдын оролцоог хангах

 Сургуулийн орчинд гадны хүмүүсийн мөрдөх дүрэм, заавар боловсруулах, хэрэгжүүлэх

 Хүүхдэд туслах 24 цагийн утас ажилуулах

 Сургуульд мэргэжлийн эмч ажиллуулах зэрэг асуудлыг сургуулийн удирдлагууд ажилдаа тусгаж ажиллах ёстой юм.

Түүнчлэн сургуулийн орчны аюулгүй байдлаар яригдах ёстой бас нэгэн асуудал нь гэрэлтүүлгийн асуудал юм. Тун удахгүй хичээл шинэ жил эхлэх гэж байна. Жил бүр хичээл эхлэхэд сургууль цэцэрлэгийн хүрээлцээний асуудал маргаан дагуулж эцэст нь гурван ээлжээр хичээллэх гэсэн сонголттой нүүр тулдаг. Энэ жилийн хувьд 38 сургууль 3 ээлжээр хичээллэнэ. Гурван ээлжээр хичээллэнэ гэдэг гуравдахь ээлжийн хүүхдүүд өвөл хамгийн эртдээ 19 цагт тарж гэртээ харина. Ихэвчлэн энэ байдал хотын захын хорооллын хүүхдүүдэд тохиолддог учир тэр өдөр бүр сургуулиас гэр лүү харих замдаа харанхуй гудамжаар айдастай алхдаг.

Хүүхдийн хүмүүжилд сургуулийн орчин хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургуулийн орчин гэдэг дан ганц анги танхим, гадна талбайг хэлэхгүй гэдгийг дээр дурдсан.  Судалгаанаас харахада хүүхдүүд сургуулийн орчинд багш болон үе тэнгийнхний дарамт шахалтад их өртдөг тухай ярьсан байдаг байна. Нэн ялангуяа хүртээмжтэй боловсролын тухай ихээхэн шүүмжлэлтэй ханддан байна. Тухайлбал сургуулийн дэргэдэх дугуйлан, дамжаанд мөнгөтэй эсвэл онц сурлагатай хүүхдүүд л явдаг гэх хандлага 6-8-р ангийн хүүхдүүдийн дунд түгээмэл байна.

Хүртээмжтэй боловсрол олох боломжийг төлбөрөөр битгий үнэл

Хүүхэд нийгмийн орчинд хөгжиж бие хүн болон төлөвшихөд олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Сургалт хүмүүжлийн үйл явц нь өөрийгөө дэмжин тэтгэх зохистой орчинд явагдах ёстой юм. Сурагчдын бие хүн болон төлөвшихөд нийгмийн болон сургуулийнорчны олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг. Үүнд:

 Сургуулийн хамт олон

 Багш, сурган хүмүүжүүлэгчид

 Сурагчдын байгууллага

 Сурагчдын үүсэл санаачилгын байгууллагууд

 Багш, эцэг эхийн харилцаа

Багш, сурагчийн харилцаа

 Сурагч, сурагчийн харилцаа мөн үүнээс гадна хүн амын боловсролын түвшин, эцэг эхийн хүмүүжүүлэх ур чадвар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурагчдын хүмүүжилд нөлөөлдөг.

Хүүхдэд ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэхдээ юуг анхаарах вэ?

Өдөр тутмынхаа үйл ажиллагааг зөв зохион байгуулахад нь хүүхдэд биечлэн тусалж байх

 Хүүхэд насанд хүрэгчидтэй бүтээлчээр хамтран ажиллаж, аж төрөх ёсонд суралцуулах

 Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, санаачлага, өөрийн удирдлагыг хөгжүүлэх үзэл санаанд тулгуурлах явдал чухал юм.

Сургуулийн орчны хувьд ямар дутагдлууд гардаг вэ?

Сургуулийн орчинд сурагч, багш, эцэг эх, сургуулийн удирдлагын хоорондын харилцаа, сургуулийн дэг журам, орчны хувьд дутагдлууд гарсаар байна.

Багш, сурагчийн харилцааны хувьд: Сурагчдын саналыг сонсохгүй байх, шууд дагахыг шаардах, сурагчдыг доромжлох, ялгавартай тэгш бус харилцах г.м.

Багш, эцэг эхчүүдийн хоорондын харилцааны хувьд: Багшийн зааж буй хичээл, харилцаанд эцэг эх нөлөөлж чаддаггүй, гомдол нь муугаар нөлөөлдөг, эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд оролцдоггүй г.м.

Сургуулийн эрх зүйн орчин гэж юу вэ?

Сургуулийн эрх зүйн орчин гэдэг нь хүүхдийг болон сургуулийн бүх гишүүдийг эдийн засаг, сэтгэл санааны, бэлгийн, бие махбодийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, хэл амаар доромжлох, арьс, хэл, соёл, шашин шүтлэг, хүйсийн ялгаварлал, таагүй харилцаа, осол бэртлээс хамгаалсан хэм хэмжээ болон түүний хэрэгжилтийг хэлнэ.

Сургуулийн эрх зүйн орчинг бүрдүүлэхдээ дараах асуудлыг анхаарах нь зүйтэй.

 Хүүхдийн нэр төрд хүндэтгэлтэй хандах

 Хүчирхийллийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хориглох

 Аливаа алагчлалыг таслан зогсоох

Бүх гишүүдийн оролцоог хангах, хүлээн зөвшөөрөх

 Хяналт тодорхой байх

 Хүний эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг оногдуулах г.м асуудлыг анхаарах ёстой юм.

Хүүхдийнхээ сурч боловсрох нөхцлийг дан ганц ЕБС-ын багш нарт бүү даатга

Мөн эцэг эхчүүд завгүй гэх шалтгаанаар хүүхдэдээ анхаарал хандуулах нь багасдаг нь хүүхдийн хүмүүжил болоод сэтгэлзүйд маш ихээр нөлөөлж байдгийг сэтгэлзүйчид хэлж байна. Тиймээс  эцэг эхчүүд та хүүхэддээ бусдын эрхийг зөрчихгүй байх ёстойг хүүхэддээ ойлгуулах, хичээл таслах, чөлөө авах, сургуулиас эрт тарах зэрэгт хяналт тавих, хүүхдээ сургуульд цагт нь ирүүлэх, эцэг эхийн хурлийн хуваарийг мөрдөх, хүүхдээ онцгой нөхцөлд шаардлагатай мэдээллээр хангах хэрэгтэй юм.

 

Хүүхдэд ээлтэй сургуулийн тухай зөвлөмжийг: Sugarmaa.blog.gogo.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon