ШҮҮМЖ ЭСЭЭ: Урагаа угаараар угжих нь

Улаанбаатарчууд урин дулааны улиралтай зэрэгцэн шагшин гайхагдаж байсан утааны тухай яриагаа орхиход хүрдэг. Төр засаг хийгээд  иргэдийн зүгээс энэ тухай яриаг дараагийн өвөлтэй золгох хүртлээ “мартаж” орхидог. Энэ нь гэм биш зан болсон зүйл. Харин одоо эргээд утаа яах вэ утаанаас хэрхэн салах вэ зэрэг яриа эхлэх цаг мөдхөн.

Факт 1

 Хүүхдээ болж өгвөл гар дээрээ тэвэрч яваарай! Аргаа барсан эмчийн зөвлөгөө. Утааны хамгийн хортой, хүнд элементүүд нь газраас 50-80 см-ийн өндөрт байдаг гэнэ. Хүүхэд байтугай насанд хүрсэн хүн амьсгалахад бэрх, бохирдсон агаарын хамгийн хортой хэсэгт хүүхдүүд амьсгалж хорддог аж. Нөгөө, Өндөр хүн илүү их юмыг харж, илүү цэвэр агаараар амьсгалдаг гэх үг маазраа төдий бус үнэний ортой л гэгдэх болж.
Факт 2
Та Улаанбаатарт амьдардаг бол өвлийн цагт битгий жирэмслэ! гэх сануулга өгдөг болсон. Товчхондоо, хотын утаа болон тоосжилт нь эх болон урагт нөлөөлдөг болсны илрэл. Райн Аллен тэргүүтэй гадны эрдэмтэн судлаачид ирээд агаарын бохирдол ургийн өсөлт, бойжилтод хэрхэн сөргөөр нөлөөлж буйг ч судлаад явжээ. Уг судалгааны дүгнэлтэнд "Цаашид Улаанбаатарын утааг яаралтай багасгаж, арилгахгүй бол ураг, нярайн эрүүл мэндэд аюултай" гэх мөр багтжээ.
Факт 3
Өвөл нь утаандаа, зун нь өмхийдөө дарагдан суух бид юу ч хийхгүй байх хооронд бидний 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Бас зуны улиралд гарсан амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд хоёр дахин нэмэгддэг гэх баримт.

 Факт 4
Манайхан Бээжингийн онц байдал зарлуулдаг утаатай их барьцдаг. Тодруулбал, Бээжин хотын агаарын бохирдол зөвхөн үйлдвэржилт, машины утаанаас үүдэлтэй. Гэтэл Улаанбаатарын утааны 80 хувийг нүүрсний утаа буюу гэр хороолын 180 мянган өрхийн өдөр тутмын галлагаа, үлдсэн 20 хувь нь дулаан, цахилгааны станц, авто замын хөдөлгөөнд оролцож буй машины утаа эзэлдэг гэнэ. Утаа дээр нэмэх нь тоосжилт, хуурайшилт, бохирын үнэр. Улаанбаатар хотын хамгийн их утаатай цагийг 05.30-10.00, 18.00-21 Цаг уур, орчны шинжилгээний газраас тодорхойлоод ахуйн галлагааны ид үед Толгойт, Зурагт, Баянхошуу, 32 тойргийн орчимд агаарын бохирдол хамгийн их гэдгийг онцолжээ.
Факт 5
Хэдэн жилийн өмнөөс Монгол Улсын төр утаандаа анхаарлаа хандуулж, улсын төсвөөс агаарын бохирдлыг бууруулахад жил бүр 30 тэрбум төгрөгийг гаргадаг байж. Хотын гэр хороололд 180 мянган айл өрх амьдардаг гэвэл тэдний 50 хувь буюу 90 мянга орчмыг утаагүй зуухаар хангаж, утааг багасгасан гэнэ. Мөн цахилгааны шөнийн төлбөрийг 50 хувиар бууруулж, гурван мянган өрх цахилгаанаар дулаанаа шийджээ. Харин урт хугацааны дараа буюу 10, 20 жилийн дараа үр дүнгээ өгөх гэр хорооллыг орон сууцжуулах, галлагааг халж, газны хийг ашигладаг болох зэрэг дэвшилтэт ажлууд хийгдэж эхэлсэн ч, Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилтот хөтөлбөрүүдээ зогсоож, шаардагдах хөрөнгийг зургаан тэрбум төгрөг болгон буулгажээ.
Факт 6
Статистикийн үзүүлэлт. Манай улсын агаарын бохирдол, утаа сүүлийн дөрвөн жилд 26 хувиар буурсан. Тийм хэдий ч, нийслэлийн агаарын бохирдол хүүхдүүдийн уушгины хатгалгаа болж, зүрх судасны өвчин хүндрэх шалтгаан болж байна. Мөн ураг, нярайн эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байгааг тогтоосон судалгааны дүн гарч. Улмаар зөвхөн агаарын бохирдол, утаанаас болж  нэг жилд 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд нас барж байгаа тухай Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Саймон Фрайзерийн сургуультай хамтран “Угаар 1” судалгааны дүнд тогтоожээ.

Улаанбаатарын утаа энэ хэвээр ирээдүйд ч байх юм бол Монгол Улс хүн амын өсөлт, улсынхаа хойч ирээдүйн тухай дурсаад ч нэмэргүй болох нь. Дээр дурдсанчлан агаарын бохирдол сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчлөлөөс гадна бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж эхэлсэн байх юм. Үүнээс харахад Улстөрч, дарга нарын чухалчилж, ярих сэдэв бол агаарын бохирдол буюу утаа, тоосжилт, өмхий үнэр баймаар...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3115

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%