Буурлаас үг сонсъё

Багшийн дээдээс Сүхбаатарын талбай хүртэл хүмүүсийн хөлд дарагдан дор бүрнээ ямар нэг зүйлд яаран алхацгаана. Харин тэдгээр хүмүүс дунд хэдийнээ хийх ёстойгоо хийж өндөр насны амралтандаа суусан ахмад алив нэгийг бодон ганц нэг алхсаар. Ялангуяа ахмадын баярыг тохиолдуулж  тэнгэр хангай ч дулаарч налгар намрын өдөр аравдугаар сарын 1 ахмадын баяртай зэрэгцэж байгаа энэ өдөр тэд бүүр их баярлан нар ээн суугаа харагдана.  Өвөө нар хэсэг хэсгээр тамхилан хууч хөөрөнгөө шатар нүүж, одоо ч ганган дэгжинээрээ байгаа эмээ нар хорвоо ертөнцийн сонин хачныг ярилцана. Тэдний ярьж буйг  чагнавал ихэвчлэн ач зээ нарынхаа өхөөрдөм үйл хөдлөл, үр хүүхдийнхээ амжилт бүтээлээс гадна өөрийн залуу насны цог залийн тухай сэтгэл догдлон ярьж байх юм. Ингээд буурал түүхийн нэгэн үеийг бүтээлцэж ирсэн ахмадуудынхаа төлөөллийн залуу насны дурсамж хийгээд ирээдүй хойч үедээ захиж хэлэх үгсийг хамтдаа сонсоцгооё.

Ч.Батнасан: Амьдралд хатуу хүтүү зүйл олон тохиолдоно. Дандаа сайхан байхгүй энэ бүгдэд сэтгэлээ хатамжилж бүхнийг давж гарах хэрэгтэй. Миний хувьд холбооны инженер мэргэжилтэй одоо 71 нас хүрч байна. Инженер хүний хувьд залуу үедээ хандаад цаг үеэсээ битгий хоцор гэж үргэлж хэлдэг. Аль ч салбар цаг минут тутамд өөрчлөгдөж хувьсаж байна. Үүнд чи хаягдахгүй байх ёстой. Ёстой нөгөө ажил чамайг голохоос чи ажлыг голох эрхгүй гэдэг чинь чиний эзэмшсэн мэргэжил дипломоор хязгаарлагддаггүй гэдгийг хэлж байгаа юм шүү дээ. Би мэргэжил эзэмшчихсэн одоо боллоо гээд л хаячихвал чи их хурдан зэвэрч хоцорно гэдгийг их сайн ухамсарлаарай.  

Л.Ирина: Би одоо 73 настай хөдөөний хүн. Залуу байхад цэцэрлэгт тогооч хийж байгаад ажиллаж байсан цэцэрлэг маань татан буугдсан цагаас хойш мал маллан амьдарлаа. Үзэж туулсан зүйл их ч эрдэм мэдлэгт шамдаагүй болохоор орчин үеийн боловсрол мэдлэгтэй залуустаа хэлэх ганцхан зүйл байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг насны жаргал байдаг юм шүү л гэж хэлэхийг хүсэж байна.

М.Хорлоо: Би 84 настай. Увс аймагт өссөн. Хүүхэд байхдаа гутал өмсдөггүй байлаа. Зуны амралтаар хичээлээ тараад очихоор ээж гутал тайлж аваад намар хичээл орохоор л өгдөг. Тэгээд л хөл нүцгэн хонь хариулаад гүйнэ. Энэ нь эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлж хөгшрөх, мартах санах, хөл өвдөх зэрэг асуудал надад бараг гардаггүй. Бас одоо надад хорь гаруй шүд бий. Миний насны хүн хориод  шүдтэй байна гэдэг ааруул идэж өссөний ач гэж боддог. Тэгэхээр эмээ нь юу хэлэх гээд байна гэхээр ёс заншил гэдэг зүйл ахмадын үг сургаал гэдэг хэзээ ч хэрэг болдог юм шүү гэж хэлмээр байна. Тэдний зааж сургаж буй бүхнийг тогтоож ойлгож авбал амьдралдаа алдаж эндэх нь тун бага шүү. 

Би тэтгэвэрт гараад маш их алхдаг болсон. Өдөр бүр 6 цагаас 8 цагийн хооронд үндэсний соёл амралтын хүрээлэнгээр зугаалдаг. Тэгэхэд нэг зүйл анзаарагддаг юм. Хүрээлэнд алхахаар ирсэн залуучууд хүний мэнд ус мэдэхгүй байна. Заавал таньдаг хүний амар мэндийг асуух албагүй. Зүгээр нэг гоё бие биедээ урмын үг хэлж сайхан зугаалж байна уу, цэвэр агаар сайхан байна шүү гэх мэт дулаан үгсээр бие биенээ шагнаж байвал хичнээн сайхан. 

З.Өлзийбаяр: Би 78 настай. Эмээ нь дунд сургуулиа төгсөөд налайхын их уурхайд моторсистемийн ажил хийж байсан. 1958 онд нөхөртэйгөө гэр бүл болж амьдраад 60 жил болж. Энэ хугацаанд 12 хүүхдийн ээж аав боллоо. Өнөөдөр энэ сайхан өдөр бага хүү маань хуримаа хийгээд явж байна. Залуу насандаа эрдэм номд шамдаагүй ч ажлын хажуугаар дугуйн спортоор хичээллэж том охиноо гэдсэндээ тээж байхдаа дугуйн спортын мастерийн цол хангаж байлаа.

Мөн эмээ нь  ус сувагт 40 жил  ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ус сувагт ажиллаж байхдаа шахмал түлш хийж агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулахаас гадна маш их нүүрс хэмнэдэг байлаа. Одоо тэтгэвэртээ гараад ч шахмал түлшээ хийсээр байгаа. Сая хамгийн сүүлд нэг портер үхрийг баасыг арван мянган төгрөгөөр худалдан аваад, нэг портер налайхын нүүрсний хог 20 мянгаар худалдаж аваад 2500 ширхэг шахмал түлш хийж аваад одоо түлж байна. Энэ мэт хэмнэх, юмханаах юм хийх аргыг би ус сувгаас л эзэмшсэн. Энэ завшааныг тохиолдуулж ус суваг  болон налайхын уурхайн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Надад ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлж, амьдралд гэрэл гэгээ нэмсэн сайхан хамт олон. Одоо үеийн залуучууд яг л ингэж бие биедээ түшиг болж ажил хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хийдэг байгаасай л гэж хүсэх байна.

 М.Бямбасүрэн: Би одоо 70 настай. Арван жилийн сургуулиа төгсөөд худалдааны үйлчилгээний салбарт ажилласаар тэтгэвэрт суусан. Эдгээр жилүүдийн ихэнх хугацаанд үсчин хийлээ. Бидний үед илгээлтийн эзэд гээд энд тэнд хуваарилагдан ажиллаж ажил хөдөлмөрийн үр шимийг анх мэдэрдэг байлаа. Тэндээс хайр дурлалаа олж амьдралаа холбосон хүмүүс ч цөөнгүй.

Тэр үеийн хамгийн сайхан нь залуус ажил хөдөлмөрийг голдоггүй байлаа. Харин одоо анзаараад байхад залуучууд ажил хийх хүсэлгүй амар хялбар байх гээд байдаг болж. Үүнийгээ л больмоор байна. Одоо манайд их мундаг мундаг боловсролтой сайхан залуус өчнөөн байна. Даанч нэг л нэгдэж өгөхгүй харагддаг. Нэгдээд хамтдаа хичээвэл өнөөгийн Улаанбаатар хэдхэн жилийн дотор л хангалттай хөгжинө.

Н.Мөнхбаяр: Миний залуу нас одоогийн үе хоёрыг харьцуулахад нийгэм, залуусын хандлага их өөрчлөгдсөн. Би одоо 83 нас хүрч байна. Малын эмч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд шат шатандаа дэвшиж ажилласаар тэтгэвэртээ гараад одоо ач зээгээ зөөгөөд амьдарч байна. Хүүхдүүд аав амар хэвт гэдэг юм гэхдээ угаасаа зүгээр сууж сураагүй учраас зүгээр суухаар бие өвдөөд байх шиг санагдаад хөдөлж, явж л байвал сайхан байна. Одоо залуус жаахан ажил голоод замын хог шороо цэвэрлээд цалин ав гэхээр үгүй гэх хэрнээ шуудайтай хог түүгээд гундаж явах нь ахмадууд бидний сэтгэлийг их л гонсойлгох юм.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5404

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%