Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь

Багадаа би онгоцны нисгэгч болно гэж боддог байсан юм. Нисгэгч болсон хойноо хайртай хүмүүсээ суулган мандах нарны дор дэлхийг тойрно доо гэж төсөөлдөг байлаа. Ингэж бодох учир нь алтайн уулсыг даван нисэж, усны шувуу нисэн үл хүрэх газраар зочилон, эх дэлхийг өөрийн биеэр нээнэ гэсэн бяцхан мөрөөдөлд оршиж байсан хэрэг. Хэдийгээр өнөөдөр би онгоцны нисгэгч болоогүй ч одоо хэр нь анхны энэ мөрөөдлөө би мартдаггүй юм. Анхны юм бүхэн сайхаан. Анхны мөрөөдөл маань араасаа мянга мянган мөрөөдлийг төрүүлэн, миний зүрхэнд ассан мөнхийн гал болж, сэтгэлд минь нэгэнтээ шингэжээ.

Бага насны минь мөрөөдөл надад тэртээх уулсыг давбал газар үгүй гэсэн бодлын хар тогоог өргөх хүч хайрлаж, нэг л өдөр намайг УБ-н галт тэрэгний өртөөн дээр өөртөө дэлхийг нээхээр зогсоож орхисон юм. Ингэж л би зургаан жилийн өмнө, Колумбус-с хагас мянганы дараагаар, Америк тивийг өөртөө анх нээж билээ. Энэ цагаас хойш би мөрөөдөлдөө хөтлөгдөн олон улсаар аялаж 4-н тивд амьдарчээ. Өнөөдөр би Монгол улсын хөгжлийн төлөө гээд дугаарлаж номерлоод хэлэх үгс, индэр дээр гарч зогсоод айлдах сургаалыг хангалттай цуглуулж амжаагүй байгаа ч, эх орны минь ирээдүй, улсын минь хөгжлийн багана болох анд нөхөддөө өөрийн бодож санаснаа бага ч болов хуваалцая гэж бодсон билээ.

Баян ядууг олон янзаар зааглаж болноо. Өнөөдөр эх орон минь мөнгөөр гачуу, хүмүүс нь хөрөнгөөр ядмаг байгааг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдээр тутмаг, баялагаар бага байхыг би хувьдаа туйлын ядууралд хэзээ ч тооцохгүй. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би нутаг буцан, энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд өөрийн хувийг чадах ядахаараа нэмэрлэсэн юм. Энэ үеэр би гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй олон залуустай уулзан танилцаж анд нөхдийн ариун холбоо тогтоосон. Хүсэл мөрөөдлөө, ирээдүйн тэр л хүнийг Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбосон залуусын дунд байхдаа би Монголоороо бахархаж байсан. Тэдний яриа, сайн сайхан руу тэмүүлэх эрч хүчийг мэдэрснээр би Монгол хэзээ ч ядууд тооцогдохгүй гэдгийг ойлгосон юм. Учир нь сэтгэлгээний хоосролыг болоод ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх мөрөөдөлгүй хоосонг л би ядууралд тооцдогт тэр.
Мэдээж залуус маань олон зүйлийг мөрөөдөж болно. Материаллаг эд зүйлсээр мөрөөдлөө тодорхойлж, мөнгө төгрөгөөр аз жаргалыг хэмждэгт залуус ч олон байдаг байх. Гэхдээ тэд мөнгө бол алдаж бас олж болдог эд гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм шиг. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдлөөс мөрөөдөл төрөн гарч мөрөөдөлдөө шингэдэг юм. Тиймээс ч туйлын мөрөөдөлөө нэг алдвал дахин олдохгүй уулын уруу өнхрөх чулуу мэт хаашаа яваагаа мэдэхээ болих аюул бий. Мөрөөдлөө хийж буй үйлдлээрээ тордож, ирээдүй рүү зоригтой алхах итгэл найдвараар услахгүй бол хангалуун амьдралд ч мөрөөдлийн цэцэг хагдрах байх шүү. Иймээс ч мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу бодож, юуг сэтгэхийг биш, харин яаж бодож, хэрхэн сэтгэхийг сурах шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Миний хувьд гэвэл би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тиймдээ ч би өөрийгөө баян хүнд тооцдог.

Хаа газар явахад идэх хоолгүй, хонох газаргүй үе тохиолдож л байлаа. Хоёр идэлгүй хоосон хоносон энэ өдрүүдэд халаасандаа мөнгөгүй, ходоодондоо хоолгүй байсан ч эрдэм сурах зорилготой, нутагтаа буцах хүсэлтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй байсан болохоороо л шантарч би буцаагүй ээ. Энэ үед хүнд мөрөөдөл байвал давахгүй дээ гэсэн давааг даван, чадахгүй дээ гэсэн хүндэрлийг туулж гарах хүч хаанаас ч юм бэ гарч ирдэг юм. Асуудал бэрхшээлийн өндөр ууланд мөрөөдөл маань надад дээш нь татах олс, доороос минь түших тулгуур болж өгч байсан. Эцсийн эцэст амьдралд тулгарах бэрхшээлүүд улсын наадмын даваа шиг тоотой хэдхэн эсвэл үүрэн дээрээ овоорох шоргоолж шиг ч тоо томшгүй олон байж болно. Амьдарлын жим даган явахад чинь бас говийн элсэн ширхэг шиг жижиг хүндэрлээс авахуулаад уулын чинээ бул чулуу зам дээр маань тохиолдож ч магад. Өнөөдрийн Монголын нийгэм гаж үзэгдэл олонтой байж, түүнтэй эвлэрэхгүйгээс болон бухимдах, гуних магадгүй цөхрөх үеүүд ч тохиолдож мэднэ. Ард Аюуш найман эрүүг даван Шахаанд орохоор зэхэхэд ардууд “Та минь даваад л гараад ирдэг шүү дээ” гэж түүнд хэлдэг. Үүн шиг бид хүчирхэг болоод нэгдмэл Монголыг мөрөөдөлдөө тээн, үнэт зүйлсээ сэтгэлдээн хадгалан, сайн сайхан рүү тэмүүлэх хүслээ зөв залж чадвал энэ байтугай бартааг даван, бэрхшээлийг гатлаж хөгжил дэвшил дүүрэн Монголыг Азийн цээжнээ босгох болно. Гагцхүү мөрөөдөлдөө л бат итгэж, үнэт зүйлсээ чандлан сахих хэрэгтэй.

Муу муухайг мөрөөдөж байгаа хүнийг би 4-н тивийн олон орноор хэрэн бадарчилж явахдаа хараахан олж уулзаагүй л байна. Мөрөөдөл болгон сайн сайхан руу тэмүүлж байдаг. Тиймээс учраас ч би хүний сайн сайханд итгэж явдаг. Нөгөө талаас бас сайхан сайхан руу тэмүүлж, аз жаргалыг эрин хайх нь мөрөөдлийг мөрөөдөл болгодог юм шиг надад санагддаг юм. Өнөөдрийн өндөр хөгжилтэй, ардчиллын эх нутаг болох Америк орныг үе үеийн Америк залуусын мөрөөдөлдөө үнэнч байж, тэдний сайн сайхан рүү тэмүүлж чаддаг тэр л зан нь бүтээн босгосон гэж би боддог. Тиймээс үнэхээр хөгжил дэвшлийн оргилд хүрсэн Монгол орон сүндэрлэн босох цаг ирэх аваас тэр нь Монгол залуусын мөрөөдөлд өлгийдүүлэн, тэдний гар, бие сэтгэлээр нь босож ирнэ гэдгийг би мэдэж байна.

Утга учиртай амьдарлаар амьдрах нь хүмүүн бидний хүсэл боловч, тэр л утга учирыг эрж олоход туслах зам харгуй нь хүний өөрийнх нь мөрөөдөл юм. Ганц олдох энэ амьдрал – алтан боломжоо харамсах зүйлгүйгээр мөрөөдөл дүүрэн, сайн сайхан руу тэмүүлж амьдарцгаая. Нэр нь олонд танигдаагүй нэгэн Монголын зохиолчийн үгээр би өөрийн эссе-г өндөрлөхийг хүсэж байна. “Хэрэв би нисэж чаддаг бол одоо нисмээр байна. Орчлон ертөнцөөр дүүлэн нисэж үзүүртэй модны дээгүүр, үүлтэй тэнгэрийн доогуур хурдалмаар байна. Гүймээр байна би одоо, гүрэлзэж байгаа судсаа задардал, асга хадан дээгүүр харайж энгүй далайн шуурга шиг эрчлэн дайрмаар байна. Гэвч би мөлхөж явна, өвдөг сөгдөн дөрвөн хөллөж байна. Хүсэл зориг мөрөөдөл гуравтаа татагдан хөвөн үүлсийн зүг мөлхөж байна. Гэвч би өндийх ёстой, мөрөөдөлдөө дөрлөж, хүсэлдээ тулгуурлаж өнөөдөр биш юм гэхэд маргааш босох үүрэгтэй.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%