БАГШ НАРТАА: Хүүхдийг битгий эрэмбэлээрэй

Багш нартаа баярын мэнд хүргэе. Миний хувьд Японы засгийн газрын тэтгэлгийн оюутан. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт 30 орчим орны оюутнууд эхлээд хэлний бэлтгэлд сураад дүнгийн эрэмбээр сургуулиа авдаг. Жил тутам энэ өрсөлдөөнд монгол оюутнууд давамгайлж топ сургуулиудаа авдгийг одоо бол бүгд мэддэг болсон байх. Газар газрын хүнтэй нөхөрлөж, улс орноо, туулсан замналаа арай нэг хөндлөнгөөс харж чадахаар болсон одооноос бодоход багш нартаа баярламаар байдаг юм. Ялангуяа 80-аад оны бид нар. Би гэхэд 90 онд нэгдүгээр ангид орсон. Онолоороо бол эдийн засаг гадаад дотоод ихэр алдагдалтай, үйлдвэрлэл соц блокийн нийлүүлэлтийн сүлжээнээс мултарч хөсөр үсрээд, эдийн засгийн хямралыг нийгэм, соёлын их хямрал дагасан үе. Ийм үеэр гахай үүрээд гадаа гарчилгүй сургуульдаа үлдсэн, тэр үеийн өчүүхэн төсвөөс цалинтай багш нар маань бидэнд олон улсын оюутнуудтай өрсөлдөөд хүссэн сургуулиа авах суурийг тавьж өгсөн гэсэн үг. Их сургуульд орсон хойноо ч багаасаа нэмэлт хичээл, хувийн сургууль, олон улсаар сурсан оюутнуудтай боловсрол, соёл манатай байсан пост-социалист орны бид мөр зэрэгцээд сурч болсон юм. Багш дор мөргөмү.

Энэ удаа гэхдээ талархлаас арай өөр юм ярих гэсэн юм. Өрсөлдөх чадваргүй болоод үлдсэн хэдийнхээ тухай гэх үү дээ.

Нэгэн зүйл харамсал. Одоо бодоход би үнэн ядаргааны сурагч байсан. Өөрөө сургуульд орохоосоо өмнө уншаад бичээд сурцан. Тэгээд хамаг юмыг түрүүлээд ойлгочихно. Багш асуунгуут юм болгон дээр гараа өргөнө. Багшийн асуултын талаар бодох боломж бусдадаа өгөхгүй. Бусад нь ойлгож амжаагүй ч нэгэнт хариултаа авсан багш агуулгаа цааш нь заагаад явчихна. Ингээд бодохоор нэг их лагарч байгаад олон хүүхдийн хөгжих, тунгаах, сурах боломжид гай болсон байдаг. Мэдээж сүрхий багш нар зохицуулж байсан байж таараа ч одоо санахад онц сурлагатнууд ба лүүзэрүүд хэмээх манай нийгмийн хоёр их ангийн ялгаа хаанаас хэрхэн бий болж байсан нь ой тойнд эргээд тодхон.

Гэхдээ би, ер нь надархуу онц сурлагатнууд бүгд хүүхэд байсан. Хүүхэд юу мэдэх вэ дээ. Хүүхэд их харгис байдаг. Шууд байгалиараа. Илүү бол илүүрхэнэ, аль болох тоогдож магтуулах гэнэ. “Бурхан хүний дээр хүн бүтээгээгүй, хүний дор ч хүн бүтээгээгүй” хэмээх Мэижигийн эриний их соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичигийн алдарт үг бий. Хүн бүрт хүний эрхэм чанар, үнэ цэнэ бий. Хүүхэд бүрт өөрийн ертөнц, хөгжүүлж л чадвал ургаж дэлгэрэх потенциал, хүсэл мөрөөдөл бий. Хүүхэд бол иймэрхүү философи ойлгохгүй. Хүмүүнлэг үзэл, философи бол нийгмийн хөгжлийн үр дүнд бий болсон оюун санааны үр тариа, тиймдээ ч нийгэмшсэн, насанд хүрсэн хүн ойлгох юм. Тиймээс ч насанд хүрсэн хүмүүс, тэр дундаа багш сурган хүмүүжүүлэгчид бол заавал ойлгосон байх, тийм хүмүүнлэг өнцгөөс бүх сурагчдадаа ханддаг байх ёстой юм байна. Одоо бодохнээ сургууль гэдэг маань байгалиараа хүүхдүүдэд чухам ийм хүмүүнлэг үзэл суулгаж, хүний нийгмийн нэгж болгон хөгжүүлэх явц л юм байна. Дунд ангид газарзүй заадаг Оюунцэцэг багш маань хамгийн арын, хамгийн ад үзэгдсэн, хамгийн муу тамга наалгасан сурагчдаас заавал хариулт авч, урамшуулж заадаг багш байлаа. Оюунцэцэг багшийн хичээл дээр хүүхдүүд хэчнээн урамшиж, баярлаж байдаг байсныг бага боловч ухаан суусан одоогоос бодоход бараг нулимс гармаар, өрөвдмөөр. Багш гэдэг тийм л байх ёстой юм байна.

Боловсруулж байна гээд нэг дүрэм цээжлүүлээд тэрийгээ чадсан бол духан дээр нь онцын эзэн тамга нааж, чадаагүйд нь лүүзэр тамга наагаад гаргадаг үе нэгэнт ард үлдэж байна.  Масс стандарт боловсролын цаад суурь болж асан масс үйлдвэрлэл, мануфактур, төрийн бүтээн байгуулалт ч түүх болон үлдэж. Тиймдээ ч хүний хөгжлийн бодлого Personalized education буюу тухайн хүүхдийн өөрийн гэсэн ертөнцийг хүлээн зөвшөөрч хөгжүүлэх агуулга төвтэй биш хүүхэд төвтэй хэв маяг руу шилжиж байна.

Хоёрт, бидний нэг нэгнийхээ дээр доорыг үзээд, медаль зүүлгээд, сайн муугаар нь хуваагаад байдаг олон hard skill ур чадвар, тооцоолол талын ажлыг технологи орлох трэнд эргэлт буцалтгүй үргэлжилж байна. Саяхан гэхэд нэг ч теллергүй Сингапурын нисэх буудлаар дайрч ирлээ. Дөнгөн данган мөнгө тоолж сураад теллер болоодохсон чинь ажлын байрыг чинь жижигхэн сканнер машин орлочихлоо гэсэн үг. Энэ нь гэхдээ тоо, физик хэрэггүй боллоо гэсэн үг биш бөгөөд харин ч тэдгээрийг эзэмшсэний дараах уян чадвар, хүмүүнлэг хандлага, мэдрэмж, creativity бүтээлч чанар, төсөөлөл гээд машин орлохгүй хувь хүн бүрийн ертөнцийг хөгжүүлэх учиртай эрин үе ирж байгааг хэлж байна. Descriptive буюу оноосныг цээжлэх, тайлбарлахаас гадна Generative буюу өөрөөсөө үүсгэх, бүтээх чадвар ирэх зуун жилд нэн тэргүүнд хүүхдээс чинь нэхэгдэх болно.

Ийм цаг үеийн өөдөөс харин манай Монгол урсгал сөрөөд сэлж байх шиг харагдана. Лүүзэр тамга наалгаж гарсан эцэг эхчүүдийн комплекс эргээд ханарч байгаа юм уу, эрэмбэлэхийн аргагүй хүүхдийн ертөнцийг эсэн бусаар уралдуулж цол шагналаар зодох гажуудал улам бүр газар авсаар. Жоохон хүүхдүүд улсын наадамд удаа дараа түрүүлсэн хурд шиг олон медаль унжуулцан, зарим нь бүр эвхээд тэвэрсэн ч байх шиг. Тэр талаар өмнө нь нэг тэмдэглэл бичиж байсан.

Гэрт багтах 3D принтер дээр өөр хэн ч хаана ч хийхгүй бөгж өөрөө загварчилж хэвлээд хайртай залуудаа сүй тавьчих маягийн хөнгөн, бие даасан, эрх чөлөөтэй, хүн бүр гол дүр болсон цаг үе айсуй. Энэ цаг үеийн урдуур ангийн даргаас эхлээд дарга, онц сурлагатан бэлддэг, бусдыг нь хаядаг, хэн ч хэзээ ч орлохгүй хувь ертөнцийг хөгжүүлэх үүрэг хүлээсэн хэрнээ харин ч дарангуйлаад эрэмбэлээд гаргадаг бидний сэтгэлгээ хөндөлсөж байна уу даа. Багштайгаа нийлээд өөрөө баахан хөндөлссөн онц сурлагатны нэг наманчлал болгож бичлээ. Багш дор, бас эрдэм дор, хүмүүнлэг ухаан дор мөргөмү.   

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%