Нийтлэл 10 сарын 19, 2018

Б.Төрмөнх: Хүүхэд өөрийнхөөрөө чөлөөтэй зурж будаж, төлөвлөж төсөөлснөөр гарын жижиг булчингууд оюун ухаантай нь хамт хөгждөг

Хүүхдийн төсөөлөл хэзээд томчууд бидний санаанд оромгүй гайхамшгаар дүүрэн байдаг. Тэрхүү ертөнцийг өнгө будгаар баяжуулаад зогсохгүй бие даах чадвар, чөлөөт сэтгэлгээг нь дэмжих “Зураарай будаарай”   бүтээлч номыг “Монсудар”-ын Жангар хүүхдийн номын редакцаас эрхлэн гаргажээ. Хүүхдэд зориулсан бүтээлч номын талаар тус редакцын зураач Б.Төрмөнхтэй ярилцлаа.

 Юуны өмнө хүүхдэд зориулсан бүтээлч ном гэж яг ямар номыг хэлж буй талаар ярьвал сонирхолтой болов уу. Бид ихэнхдээ энэ төрлийн номуудыг “буддаг ном” гээд л ерөнхийд нь нэрлэчихдэг шүү дээ? 
 Хүүхдүүд энд тэнд суугаад зураг зурж л байгаа харагддаг. Харин томчууд бид түүнийг нь төдийлөн анзаардаггүй. Хэрэв тэднээс юу зурж байгааг нь, яагаад зурж байгааг нь асуугаад үзвэл үнэхээр гайхалтай хариултыг өгөх болно. Тэр дундаа зурж байхад нь асуувал тэр хүүхдийн төсөөлөл, уран сэтгэмж рүү татагдан орно. Хүүхэд зураг зурж байх үедээ яг л зурагт номын түүх уншиж байгаа мэт яриад л, яриад л, зургаа нэмээд л зураад байдаг шүү дээ. Энэ бол хүүхдийн төсөөлөл хөгжиж буй хэлбэр юм. 
Гэтэл эцэг эхчүүд зураг зурахад заавал авьяас шаардлагатай мэт ойлгодог. Ингэснээрээ хүүхдийн төсөөллийг нь хааж орхих гэмтэй. Харин тэрхүү төсөөллийг нь дэмжиж өгөх номыг “бүтээлч ном” гэж нэрлээд байгаа юм. Түүнээс, үүнийг яг адилхан зураарай гэх мэт даалгавартай номыг “саатуулах” ном л гэж нэрлэх байх даа. Мэдээж зурж, буддаг төрлийн номын зорилго тус тусдаа өөр байж таарна. Гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, танин мэдэхэд нь дэм болох гэх мэт. Үүнийг ганцхан буддаг ном гэсэн нэр, жанрт багтааж боломгүй юм.

 Зургаар дамжуулан хүүхдийн чөлөөтэй, уран сэтгэмжит ертөнцийг ойлгож, хөгжүүлэхэд эцэг эхчүүдийн зүгээс юуг анхаарах ёстой вэ?
Бид хүүхдийнхээ зургийг анзаарч байх хэрэгтэй юм. Хүүхэд зургаараа дамжуулж захидал бичиж байдаг. Зургаас нь хүүхдийн сэтгэл санааны байдал илэрдэг. Баяр хөөртэй, аз жаргалтай байна уу? Хайр халамж дутагдаж байна уу? Ямар нэгэн юмнаас айж байна уу? Хүүхэд юу хүсэж, юу төсөөлж байгаа нь бүгд зургаар бичигдэнэ. Нөгөөтэйгүүр хүүхэд зураг зурснаар өөрийгөө илэрхийлж сурах, суралцах, танин мэдэх, бүтээлч сэтгэлгээтэй болох гэх мэт маш их үр нөлөөтэй.
Аливаа үлгэр, түүх уншиж өгөхөд хүүхэд тодорхой өгөгдлийн хүрээнд төсөөлөх болдог. Харин бүтээлч үйл ажиллагаа бол хязгааргүй фантазлах зүйл. Аав ээжүүд  хүүхэдтэйгээ хамтдаа зурж, ярилцаж, төсөөллийг нь дэмжиж байх нь маш чухал. Насных нь онцлогт таараагүй хүнд бодлого бодуулж баруун, зүүн тархи ярихаас илүүтэй бүтээлчээр хүүхдээ хөгжүүлэхийг л илүүд үзмээр санагддаг юм аа. Худалдаанд байгаа номууд, түүнийг худалдан авч байгаа эцэг эхчүүдийг анзаарч байхад яасан хөөрхөн зурагтай юм бэ гээд л авч байгаа харагддаг. Тэдгээр номын зургууд нь хэтэрхий хүүхэлдэй шиг өхөөрдөм төрхтэй, хачин тод солонгорсон өнгө эсвэл маш гоё нарийн зурагтай гадны хүүхэлдэйн баатрууд л байдаг. Ийм номыг хүүхэд будахад хүнд, будлаа ч гоё зурж чадаагүйдээ шантарч мэднэ. Энэ бол эцэг эхэд л таалагдсан ном. Гэтэл хүүхдэд илэрхийлж буй агуулга нь чухал шүү дээ. Тиймээс хүүхдэдээ ном авахдаа агуулга болон номын бүтцийг сайтар харах хэрэгтэй. 

Зурж, будаж, цаасан нугалбар хийж, түүнийгээ харан өөрөөрөө бахархдаг. Өөрөө бүтээсэн зүйлээр бахархаж, тоглож байж өөртөө итгэлтэй хүн болдог.

 Ном сонгохдоо агуулга болон бүтцийг харах хэрэгтэй гэлээ. Агуулгад юуг чухалчлах, бүтэц гэдэгт юуг анхаарах ёстой талаар дэлгэрэнгүй ойлголт өгвөл?

 Дээр дурьдсанчлан томчуудад хөөрхөн харагддаг ч, хүүхдэд хүндэдсэн даалгавартай номууд бий. Гадны хүүхэлдэйн киноны баатруудыг будах, контентийн  бүтээгдэхүүний дүрүүдийг будах гэхчилэн. Энэ нь хэдийгээр зурж, будах үйл явц мөн боловч хүүхдийн чөлөөт сэтгэлгээ, уран сэтгэмжийг цаашид хөгжүүлэхгүй, төсөөлүүлэхгүй зогсонги зүйл юм. Харин сэтгэхүй төсөөллийг нь цааш өрнүүлж чадахуйц даалгаварыг бүтээлч агуулга гэх юм. Бүтцийн хувьд хүүхдийг яаж сонирхолтой хөтлөх, хүүхдэд юу ойлгуулах, яаж, юугаар ажиллаж болох, эсэх зэрэг өргөн хүрээнд бодолцсон байгааг хэлэх юм аа. Эхнээсээ аваад дуусах хүртлээ бүх зүйл нь хүүхдийн бүтээлч үйлийг өдөөсөн байх ёстой.

 Бүтээлч ном цувралын эхнийх нь болох “Анх будах бас зурах ном” нь номтой дөнгөж харьцаж сурах бага насныханд зориулагдсан бол “Зураарай, Будаарай” ном 4-өөс дээш насныханд зориулагдсан юм билээ. Номынхоо доторх агуулгаас онцолбол?
Өмнөх “Анх будах бас зурах ном” дээр алим будах даалгавар бий. Алимны амтыг төсөөлөөд будаарай гэсэн даалгавар. Томчууд бол шууд л улаан эсвэл ногоон, шар өнгөөр будна. Харин хүүхэд будахаасаа өмнө амтыг нь төсөөлж эхэлнэ. Тэд цэнхэр өнгөөр ч будацгаасан. Хүүхэд анх зурахдаа ямар нэгэн зүйл сараачиж эхлээд дараа нь түүнийгээ өөрийнхөөрөө нэрлэдэг шүү дээ. Улмаар дүрс зурах гэж оролдоно. Тэгээд дугуй дүрс зурдаг. Нэг ёсондоо  алимны дугуй дүрсийг анх удаа зурж байгаа хэлбэр юм.
Харин 4-өөс дээш насны хүүхдийн танин мэдэх хүсэл нь оргилж байдаг тул маш хурдтай сэтгэж, төсөөлөн боддог. “Зураарай, Будаарай” ном бол энэ онцлогт нь тохирсон, сараачаад л хурдан ажиллаж болохуйцаар, илүү их уран сэтгэмж шингээж бүтээгдсэн. Жишээлбэл, энэ номд салхи зурах даалгавар бий. Хүүхэд салхийг зургаар илэрхийлэхийн тулд төсөөлөн бодож эхэлнэ. Бас шохойн харандаа, өнгийн харандаа, усан будаг гээд хүссэн будгийн хэрэгслээрээ зурж будахаас гадна хурууны өндгөөрөө будаж, хуудас урж, нааж ч болох даалгаврууд орсон. Тэр утгаараа хүүхдийн цогц бүтээл болохуйц онцлогтой ном юм.

 Жангар хүүхдийн номын редакцын номууд хүүхдийг бүхий л талаар хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааг нь дэмжсэн агуулгатай байгаа нь анзаарагддаг. Тус редакцаас цаашид ямар чиглэлийн номууд гаргахаар төлөвлөж байна вэ?
 Жангар редакцаас цаашид хүүхдийн бүтээлч үйлийг дэмжих хэд хэдэн төлөвлөсөн номууд бий. Нас насны ангиллаас гадна, төрлөөр нь ангилсан байгаа. Урд нь бид “Гүйцээж зурах ном”, “ Ойд” зурж сурах ном,”Малчны хотонд” буддаг ном зэрэг номууд гаргасан. Эдгээр ном нь хүүхдийн ажлын дэвтэр болдогоороо их онцлог. Бидний зүгээс хөөрхөн зурахад биш, юу илэрхийлэх вэ, яаж хийвэл зөв бэ гэж их бодох, ажиллах, турших цаг ордог. Тиймээс ч шууд дээр нь усан будаг, өнгийн харандаа гээд л юу дуртайгаараа зурж будаж, хайчилж, нааж болохоор цаастай гэх мэт бодолцож хийсэн номууд бий. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon