Клэптократ

Клептократия, kleptocracy гэдгийг грек үгнээс (κλέπτειν+κράτος) шууд буулгавал “хулгайчдын засаг” гэж бууна. Хулгайчдын засаг, эрх мэдэлт хулгайчид, төрийн хулгайчид ч гэж болно. Хувийн эд хөрөнгө, улс төрийн нөлөөгөө тэлэхийн тулд улсын төсөв төдийгүй байгалийн баялаг, үйлдвэрүүд, “өнгөтэй өөдтэй” гэсэн болгоныг эзэмших, хувь авах замаар эрх мэдлээ ашигладаг төрийн эрхэнд гарсан эрх мэдэлтэй нөхөд орно. Хуучин соцлагерийн орнууд, Африк Азийн буурай орнуудад цөөнгүй тохиолдоно.

Авлига нь мөнгөний зорилгын төлөө албан тушаалтан эрх мэдлээ ашиглан тусгай төлөвлөгөө, томоохон үйл ажиллагаа бүхий, цаг хугацаа орон зайг эзлэх гэмт хэргийн үйлдэл ба нөлөө бүхий албан тушаалтай нэгнийг худалдан авах, давуу байдал олгох ч мөн орно. Авлигачдаас тогтох эрх мэдэл бүхий томоохон албан тушаалтнуудаас тогтох төр засгийг клэптократ гэх юм, шууд утгаараа хулгайчдын засаг. Клэптократ авлигатай салшгүй холбоотой. Зарим улс орны клэптократийн жишээнээс товчхон дурдвал:

Жан-Клод Дювалье (Jean-Claude Duvalier) – Ерөнхийлөгч эцгийнхээ дараа 19 настайдаа Гаити улсын “угсаа залгамжилсан” ерөнхийлөгч болж дэлхийн хамгийн залуу ерөнхийлөгч болж байв. Санал асуулга явуулж, 99.9%-ийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуулиа өөрчилж бүх насаараа ерөнхийлөгч байхаар тогтоосон. Эцэг, хүүгийн ерөнхийлөгч байх хугацаандаа 40-60 мянган улс төрийн эсрэг гэгдэх гэмт хэрэгтнийг цаазалсан. Бүрэн эрх нь батлагдсаны дараа засгийн эсрэг үймээн эмх замбараагүй байдал болж, улс орон даяар жагсаал цуглаан эхэлж сандлаасаа түлхэгдэн, нутгаасаа Франц руу цагаачилжээ. 15 жил улс орноо авторитараар удирдахдаа хууль бусаар сая сая доллар зувчуулав. Хожим Америкийн шүүхээс 500 сая доллар эх орондоо буцаан төлөх шийдвэр гаргасан. Эх орондоо 25 жилийн дараа ирэхдээ Гаитийн газар хөдлөлийн гамшигийн дараахь эх орон, ард түмнээ нэгтгэн тохинуулахаар ирж байгаагаа мэдэгдэж байв. Улсынхаа сан хөмрөгт 120 сая долларын хохирол учруулжээ.

Сухарто Индонезийг 30 гаруй жил удирдахдаа улсын төсвөөс 35 тэрбум доллар хулгайлснаараа хамгийн ихийг хулгайлсан удирдагч гэгддэг. Улс төрийн хямралын дараа засгийн эрх авснаар сая хагас хүнийг баривчилж, хагас сая хүнийг хороож улс төрийн цэвэрлэгээ хийсэн байдаг. Улсын улс төр, эдийн засгийн бүх салбарт нөлөөллөө тогтоож, хэнд хэдийг хуваарилахыг хатуу тогтоож, гэр бүл, дотны найз нөхөд, тойрон хүрээлэгчид нь хэмжээлшгүй баяжиж эхэлжээ. 1998 онд эмх замбараагүй байдал үүсч сандлаасаа зайлуулагдаж, гурвантаа цус харваж 2008 онд нас баржээ.

Өмнөх жишээнүүдтэй харьцуулахад геноцид явуулаагүй, хатуу шийтгэл оноодоггүй байснаараа ялгаатай ч, Заирийн ерөнхийлөгч Мобуту 30 гаруй жил улсаа удирдахдаа байгалийн баялаг ихтэй улсынхаа эдийн засгийг 9800% инфляцитай болтол дордуулж, “мобутизм” гэх нэршил гартал нь шилэн хулгай хийснээрээ алдаршсан байдаг. Хамаатан садан, ойрын хүмүүсээ уул уурхайн салбарын бүхий л үйлдвэрт тавьж, экспортын орлого хэн нэгний данс руу шууд шилжиж, Мобуту зурагтын дэлгэцээр “манай улсад бүх зүйлийг худалддаг мөн бүх зүйл зарагддаг” гэж илээр өгүүлж байв. Төв банк руу хүссэн үедээ ачааны машин явуулж 1.5-10 сая долларын хэмжээний мөнгө шуудайлаад авчруулчихдаг, Европын үл хөдлөхөд нугасгүй дуртай, олон саяын хөрөнгийг үнийг нь асуулгүй шууд авчихдаг зэргээр тансаглал нь улс орныхоо байдалтай харьцуулбал тэнгэр газар шиг байжээ. Удирдах хугацаанд нь, 1970-аад онд зэсийн үнэ өндөр байж, уул уурхайн салбараас шууд хамааралтай улсынх нь орлого 6 дахин нэмэгдэж, олборлолтоо 50% нэмэгдүүлж асар хурдан их мөнгөтэй болж иржээ. Гадны хөрөнгө оруулагчдын хяналтанд байсан жижиг дунд үйлдвэрийн салбарыг гартаа авснаар хувьдаа баяжих хэрэгсэл нь болж байв. Гаднаас ч зээл шургуу авч эхэлжээ. Үнэ төлбөргүй сургууль коллежууд байгуулж, оюутнуудад стипенд өгч, халамжийг хавтгайруулж, ард түмнийхээ дундаас “үндэсний эцэг”, ”үндэсний баатар” цол хүртэл авчээ. Удалгүй зэсийн үнэ буурч, нефть өсөөд ирэхээр эдийн засаг хүндэрч эхлэв. Эдийн засаг, улс төрийн шилжилт хямрал эхэлснээр 1990-д оноос гиперинфляци болж хэдэн зуугаас хэдэн мянга гэсэн тоонд хүрэх болж, 1994 онд инфляци 9800% хүрсэн байдаг. Мобутугийн үед Мобуту болон хамсаатнууд нь 4-10 тэрбум доллар улсаас халаасалжээ. 1997 онд дэглэм унаснаар арайхийн зугтсан боловч удалгүй хорт хавдраар нас баржээ.

Клэптократийн шинж:

Ард түмэн бус өөрсдөө хувьдаа баяжихыг эрхэм болгож, авлигын систем боловсруулж, хууль тогтоолыг өөрсдийн хүсэл эрмэлзлээр өөрчилнө.

Улсын кармаанаас янз бүрийн сан, хөтөлбөр нэрээр ихээхэн хэмжээний мөнгийг найз нөхөд, гэр бүлийнхнийхээ халаас руу хийнэ.

Хувьдаа баяжихыг эрхэм болгодог. Үүнд гэр бүл, ойр дотны хүрээнийхэн ч мөн орно. Авлигын хамгийн өндөр түвшинд маш том хэмжээг хамарна – хэдэн зуун мянга, сая сая доллараас эхлээд ДНБ-ий хувь хэмжээний том тоо яригдана. 

Ард түмэнд ашиг тусаа өгөхөд хүрэлцэхүйц баялгийг ашиг тусгүй том том үрэлгэн төслүүдэд зарцуулах замаар хувийн хөрөнгөө зузаатгана.

Эрх мэдэл бүхий байгууллага бүрт гар хөлтэй, эсвэл тэр чигт нь атгана. Үүнд шүүх, цагдаа, татвар, парламент, цаашлаад сонгууль, үндсэн хууль зэрэг ч орно. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнийхэн, итгэл даах улсууд нь хэрэгтэй албан тушаал дээр сүлжилдсэн байдаг.

Янз бүрийн татвар, мөнгөний асуудлаар дарамт үүсгэн ард түмнийг байнгын санхүүгийн асуудалтай чигт нь барих сонирхолтой.

Нийтийн өмнө аман дээрээ хэцүү бэрхээ тоочин, үнэнч журамтайгаа давтан өгүүлэвч амьдрал нь тэс өөр, гарал үүслийг тайлбарлах боломжгүй их хөрөнгөтэй.

Эрх мэдлээ хадгалахын тул хууль бус аргаар тонилгох, замаас зайлуулах ч мөн арга замтай. 

Клэптократууд гэж шууд утгаараа төрөөс хулгайлдаг эрх мэдэл бүхий хулгайчдыг хэлэх ба хэрэв эрх мэдлээ алдвал жирийн л хулгайчаас өөрцгүй болж зохих шийтгэлээ хүртэх, аавын хаалга татах тул эрх мэдлээ хадгалахын тулд улайран зүтгэнэ. Клэптократ цаашлаад авторитаризмд хүргэж болзошгүй. Авторитар дэглэм клэптократ шинжийг агуулах ч клэптократ бүр авторитар байх албагүй. Клэптократийн дараагийн хүндэрсэн шат гэвэл Дээрэмчдийн засаг болно.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%