ШИНЖЛЭХ УХААН: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь

Гараг ертөнцийн тухай сонирхолтой баримтуут болон аливаа зүйлсийг зохион бүтээх тухай агуу санааг энгийнээр тайлбарлах аргыг тун ойлгомжтой бас сонирхолтой байдлаар илэрхийлсэн “Шинжлэх ухаан” номыг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ уншигчиддаа хуваалцахын зэрэгцээ шинжлэх ухааны тухай зарим сонирхолтой баримтыг хүргэе.

 Бидний мэдэхгүй юм өч төчнөөн байхад шинжлэх ухаанд бас мэдэж чадаагүй зүйлс бүр ч их байдаг аж. Хамгийн анхны соёл иргэншлийг үүсгэсэн Шумерүүд оддын хөдөлгөөнийг ажиглаж эхэлснээр шинжлэх ухаан гараагаа эхэлж элдэв саад бэрхшээлийг даван урагшилсаар 5000 жилийн дараа бараг л эцсийн цэг дээрээ ирэв үү гэтэл харин ч бүр тааж таамаглахаас өөр аргагүй зүйлстэй тулгарч шинжлэн судлах ажил улам бүр хэцүү төвөгтэй болжээ.

 Эртний Грекийн оюуны ухааны гигантууд ертөнцийн зүй тогтлыг ажиглаж шинжлэх ухааны анхны таамаглалуудыг дэвшүүлж, олон янзын гаргалгаа бодож олсон нь эргэцүүлэхийн гайхамшиг байж. Шинжлэх ухаан, соёл урлаг цэцэглэн хөгжсөн "Исламын алтан зуун"-ы үед хараа, оптикийн үзэгдлийг анх тайлбарласан Арабын сод эрдэмтэн Альхазен аливаа онол таамгийг туршилтаар батлах ёстой гэж үзсэн нь шинжлэх ухааны "алтан дүрэм"-ийг тогтоосон хэрэг. Польшийн лам Коперник нар төвт онолын математик загвар гаргаж ирсэн нь жинхэнээсээ шинжлэх ухааны хувьсгалыг эхлүүлжээ. Хамгийн их саад тотгор хийгчид нь Библи судрыг гартаа барьсан сүм хийдийнхэн.

Модны сүүдэрт унтаж байсан Ньютоны толгой дээр унасан алим цоо шинэ ертөнцийн үүдийг нээнэ гэж хэн санах билээ. Таталцлын хүчийг нээснээр сонгодог механикийн онол урган гарч аж үйлдвэрийн шинэ эриний үүрийн туяа гийв. Нэг том шийдвэрлэх онол нээгдэхийн өмнө асар олон туршилт, таамаглал, онол, суурь тоосгууд өрөгдөж байсныг шинжлэх ухааны түүхүүд гэрчилнэ. Ньютон, Эйнштейн шиг агуу хүмүүс нэгтгэн зангидаж супер онол болгон дараагийн эрэг рүү гарах гүүр нь болдог аж.

Ньютоны сонгодог механикаас квант механик руу хийсэн агуу үсрэлтийн эзэн нь хараа муутай Макс Планк гэх өндөр туранхай герман эр. Гадаад ертөнц, одод, галактик хил хязгааргүй төсөөлөхийн аргагүй болохыг ойлгож ухаарсан эрдэмтэд материйн гүн рүү шургаж үзвэл бүр ч хүнд хэцүү, хүн итгэхийн аргагүй даажинтай болохыг олж мэдээд гайхширчээ. Гэрэл бөөмийн дуализм гэх хачирхалтай парадоксоос эхлээд антиматер, хар нүх, Хиггс бозон, харанхуй матер, харанхуй энерги гэх мэт шинжлэх ухааны уран зөгнөлөөс ч илүү гайхлууд зөндөө байна, цаана чинь.  

Үл үзэгдэх нь бодит зүйл. Ертөнцийн 95 хувь нь үл үзэгдэнэ.

Тохиолдол бүхэн тохиолдож болох гайхамшигт зэрэгцээ олон ертөнцөөс бид зөвхөн ганц үр дүнг нь л харах боломжтой ертөнцөд амьдардаг тул бидэнд дэлхий ертөнц ингэж л харагдана. Шоо зургаан талтай боловч бид нэг талаар нь буусан үр дүнг харна. Квантын ертөнцөд зургуулаа зэрэг байх боломжтой. Паралель ертөнцийн сэдэв утга зохиолд нэг бус тохиолдоно. Борхесийн "Салаа замууд давхацсан цэцэрлэг" өгүүллэгт энэ санааг уран гоёор гаргасан байдаг.

Бид, бидний гараг ертөнц оддын тоосноос бүрдсэн гэж шинжлэх ухаан баталж байна. "Орчлон хумхын тоосноос үүсэн бий болсон" гэх Буддын гүн ухааны тайлбартай адилхан санагдаж байгаа биз. Эцсийн эцэст мөнгө олох, сайхан амьдрах чухал болохоос энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ гэж бодох хүн ч байгаа. Юу ч мэдэхгүй байснаас жаахан ч гэсэн юм төсөөлдөг байвал уг нь зүгээр ш дээ гэж.

 

 

 

 

 

Д.Төмөр-Очир 


avatar
    • Ганхүү
    • 172.69.254.*

    Шинжлэх ухаан номыг хаанаас худалдаж авах вэ Хөдөө орон нутагт захиалгаар хүргэх уу утас хэд вэ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%