SINGULARITY UNIVERSITY: Удахгүй бид хүн ба роботын эрлийзийг өлгийдөн авна

Singularity University сургуулийн тухай сонсож мэдээд өөрөөсөө ихэд ичив. Бид дэлхий ертөнцийг дөнгөж хоёр, гуравхан хэмжээсээр харж мэдэрч байхад эдний кампус дотор эрдэмтэн судлаачид түүнээс олон буюу бараг арав гаруй хэмжээсээр харж ирээдүйг удирдахаар оролдож байна. Амьд яваа насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Харь гарагт очсон мэт, эсвэл ирээдүйд очсон мэт мэдрэмж танд төрөх болно. Зарим хэлж ярьж буй зүйлсийг нь сонсоод сайхан үлээдэг, шал худлаа наадаг гарууд байна даа гэж бодогдох байх:) Эд нар лав харь гарагийн амьтад авч ирээд нууцаар судалж байвал би лав гайхахгүйболсон. Сансар огторгуйг судлаж мэдэхгүйгээр бид өөрсдийгөө хаанаас ирснийг мэдэж чадахгүй гэж хэдэнтээ хэлсэн. Тийм ч учраас NASA буюу Америкийн сансар судлалын судалгааны хүрээлэнд сургууль нь байрладаг болов уу. Асар хатуу хамгаалалтын орчинтой. Буутай цэрэг цагдаагаар мануулсан, бичиг баримт бүх юмаа сайтар шалгуулж ордог хаалттай айхтар газар байна билээ.

Маш гоё онлайн курсууд байна. Энэхүү сургууль дээр зочилж, гүйцэтгэх захирал, толгой эрдэмтэдтэй нь уулзсан тэмдэглэлээ хүргэе.

 Энэ сургуулийн уриа нь Be Exponential буюу аливаа зүйлийн үржүүлэгч, хурдасгагч бай гэсэн утгатай. An Exponential Mindset, Exponential Leadership буюу технологийн асар хурдацтай хөгжилтэй хүн төрөлхтөн, ялангуяа салбарын лидерүүд, улс орны манлайлагчид хэрхэн хөл нийлүүлж алхах ёстой, хэрхэн бодол санаагаа цэгцэлж бэлдэх ёстой, хэрхэн энэ орчилд бусдыгаа зөв манлайлах ёстой талаар хагас өдөр хөөрөлдөв.

Энэ сургуулийн зорилго нь технологийг амьдралд буулгаж, ээлтэй ирээдүйг цогцлоох. Дэлхий даяар 127 улсад технологийн том сүлжээ үүсгэн, эрдэмтэд, сонирхогчид, бизнесийнхэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын холбон шинэ онол, инновацийг турших, спарт ап компани байгуулах, бизнес болгох, нийгмийн асуудлыг шийдэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.

Одоогоор эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал, боловсрол, эрчим хүч, хүнс, ус, сансар судлал, байгалийн гамшиг, баялаг бүтээх, орон байр, засаглалын чиглэлээр 5000 гаруй төсөл дээр ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 60 старт ап компанитай бөгөөд ирэх 5 жилд 10 мянган старп ап компани бий болгоно гэж байна. Энэ дунд Монголоосоо ганц төсөл, компани багтаачих юмсан уг нь.

Яг 10 жилийн өмнө энэ сургуулийг алдарт эрдэмтэн Ray Kurzweil ба Peter H. Diamandis нар хамтран байгуулжээ. Энэ сургуулийн онцлог нь төгсөгчиддөө эрдмийн зэрэг олгодоггүй. Ер нь бараг технологийн салбарт энэ хэт хурдан хөгжлөөс болоод эрдмийн зэрэг гэдэг юм бараг утгагүй болж байгаа юм уу даа. Хамгийн гол нь эд нар улс орны удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан тусгай сургалт, мэдлэгийг өгдөг. Бидэн шиг байнга шахуу өнгөрсөн түүхээрээ түрий барьдаг хүмүүс энд очоод хэсэг шоконд орно. Гэхдээ хуучин бид ирээдүйг тодорхой хэмжээгээр таамаглаж чаддаг байсан бол одоо бараг шахуу чадахгүй болж байна. Энэ хүнд орчилд манлайлагчид ямар бодлого стратеги баримтлах ёстой, мэдлэг ба технологийн үр ашигтай нэгдлийг хэрхэн үүсгэх тухай, ирээдүйг хэрхэн тодорхойлж зураглах тухай, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг хэрхэн хамтдаа шийдэх ёстой, яагаад гэдэг асуултуудад та эндээс хариу авч чадна.

IoT буюу Internet of things гэж хэзээ ч бүү ярь гэнэ. Үүний оронд IoE буюу Internet of Everything гэж ярьж занш гэнэ. Учир нь машин хүнээс үл хамааран өөрөө суралцаж хөгжөөд эхэлсэн төдийгүй квантум химийн төвшинд бараг бүх төрлийн бодис дээр атом, молекулын төвшинд симулэшн хийж байна. Технологийн энэ хурдацтай орчилд хүн төрөлхтөн бид өөрөөр сэтгэх ёстой. Хүн төрөлхтний өвөг 1.8 сая жилийн өмнө хамгийн анх түүл хэрэглэж эхэлсэн бол дөнгөж 250 жилийн өмнө чулуун зэвсэг руу шилжиж байжээ. Одоо юун хэдэн сая жил, юун хэдэн мянган жил. Бүх юм минут секүндээр өөрчлөгдөж байна гээд намайг нэлээд айлгав. Үнэхээр айлаа. Яаж айснаа тайлбарлая.

Профессорууд компьютер өөрөө зохиож, нот бичсэн тансаг аялгуу, поп дууг сонсгож уулзалтаа эхлүүлэв. Хөгжмийн нэлээд өндөр мэдлэг, мэдрэмжтэй, мэргэжлийн урлагийн хүнээс ялгагдах юм огт алга. Хэдэн арван мянган ая дууны сантай болсон нэг робот эдний кампус дээр байна. Одоо төрөлжөөд К попоор дагнаж эхлэж байгаа гэсэн өөрөө. Удахгүй Солонгосчуудыг ажилгүй болгох юм байх аа. Кофе ууж завсарласны дараа бидний Рембрандт зэрэг алдарт зураачдын зургуудийг ялгахын аргагүй зурсан нэгэн роботын үзэсгэлэнг үзүүлэв. Уран зургийн нэлээд алдартай мэргэжилтэнд үзүүлэхэд ориг зураг нь мөн байна гэж наасан гэсэн шүү:)))

Саяхан нэг өвчтөн эмнэлэгт шинжлүүлж тархины бүрэн зураг авахуулахад эмнэлгийн робот уг хүний нервийн системийг зураглаад уг өвчтөн амиа хорлохоор бэлдэж буйг мэдэж чадсан байна. Дүгнэлтийг нь эмч нар өвчтөнтэй ярилцаж үзэж батлаад уг хүнд сэтгэл засал хийсэн байх юм аа. Удахгүй энэ компьютерүүдийн өмнө олигтой худлаа ч ярьж болохгүй болох юм байна шүү дээ хэдүүлээ.

Энэ нь цаашаа хөгжөөд удахгүй роботууд биднийг ууртай байна уу, баяртай байна уу, айдастай байна уу гэдгийг мэдээд тэрэнд нь таарсан хариу үйлдэл үзүүлдэг болох юм байна. Бараг болчихсон юм биш үү.

Эйрбас, Боинг зэрэг онгоцны үйлдвэрүүд хэдийнэ эдгээр роботуудтай найзлаад эхэлсэн байна. Тэд хормын дотор л онгоцны төгс дизайныг агаар, салхи гээд байж болох бүх хүчин зүйлсийг тооцоод дор нь урлаж байна гэсэн. Удахгүй бол дизайнерууд ажилгүй болох нь. Хамгийн аймаар нь хүнд бохь зажилуулж байгаад л эрүүний хөдөлгөөн, нүүрний булчиг нь мэдээд, 3D принтерээр уг хүний толгойг яг хэвлээд гаргаад ирвэл яах уу? Тун удахгүй жорлонгийн суултуур хамгийн чухам хэрэгсэл болох юм байна. Учир нь жорлонгоор дамжуулж хүний бүх мэдээллийг өтгөн, шингэний дээжээс нь аваад эхэлсэн байна. Ухаан нь өглөө бие засахад л жорлонгийн толин дээр та өчигдөр хэт тостой хоол идсэн байна, хоолны тос нь хуршсан байсан байна, хоолны мах нь вакцинтай малын мах байсан байна, өнөөдөр та ногоо жимс түлхүү хэрэглээрэй энэ тэр гээд л хэлэх юм байна. Мөн ДНК-ийн иж бүрэн шинжилгээг ч хийчих боломжтой болжээ. Профессор тоглоод

"Таны өмнө танай аав сая жорлонд орсон. Гэхдээ та хоёрын ДНК шинжилгээг харахад тэр үнэндээ танай төрсөн аав биш байна"

гээд жорлонгийн робот хэлж байгаа гээд биднийг инээлгэж байсан. Инээд ч биш ханиад юм даа энэ бүхнийг сонсоод мэдрэхээр.

Ирээдүйд хувь хүний нууц гэдэг шиг био, генетикийн нууцлал гэдэг том асуудал үүснэ.

Бид хэд хужаа, цэвэр монгол гээд цусаараа талцан хэрэлдэж байх зуур хүн ба роботын эрлийз төрөл удахгүй гарах нь тодорхой гэнэ. Холливүүдийн хийгээд байгаа ийм төрлийн кинонууд зөгнөлт кино биш юм биш үү дээ. Цахим биологи гээд аймаар салбар байна. Бидний компьютерийг хакердаж мэдээлэл хулгайлдаг, устгадаг, өөрчилдөгтэй адилхан цахим биологийн хувьд био хакер гэж юм гарчээ. Том эрсдэл нь хэн нэг амьд организмийн ДНК-ийн бүтцийг өөрчлөх, байрлалыг солих боломжтой гэж байна. Дотроо шээт л гэж бодож байлаа. Гэхдээ ололттой тал нь хэр баргийн том өвчнүүдийг эдгээчих юм байна. Тухайлбал, үүдэл эс ашиглаад ДОХ, паркинсон, аутизм, нуруу нугас, үе мөчний өвчинг эдгээхээс гадна бараг бүх эрхтнийг нөхөн төлжүүлж ургуулна л гэнэ дээ. Харин эмч нарыг сургах, эрүүл мэнд, даатгалын системд өөрчлөлт оруулахад удах болов уу, шийдвэр гаргагчид жаахан будилах болов уу гээд инээгээд байх юм энэ профессор.

Цаашилбал хүнс, материал судлал, эрчим хүч гээд аймаар жишээнүүдийг ярьж, бас үзүүлэв. Квантум химийн төвшинд шинжлэх ухаан ажиллахтай зэрэгцээд био хамгаалалт гэдэг шинэ салбар мөн үүсчээ. АНУ-ын засгийн газрын батлах хамгаалах салбарын бүх цаг үеийн хамгийн үнэтэй төсөл B2 байлдааны онгоцны төсөвтэй эд нар Genome-ийн төслийн төсвөө харьцуулж үзүүлсэн нь сонин байлаа. Дайн байлдаанд зарцуулж буй төсвийн ер нь бол багахан хэсгээр л био дайн хийчих боломжтой аж. АНУ-ын нэлээд олон газарт агаарын микробыг хэмждэг төхөөрөмжүүд суурилагдсан байна. Бяцхан өөрчлөлт мэдэгдмэгц хариу арга хэмжээ авахад бэлэн шахуу болсон юм уу даа.

Дараагийн аймаар юм нь био технологи, квантум химийн ачаар дэлхийн хүнсний хямралыг шийднэ гэнэ. Бодит шийдлээ ч үзүүлж байна. Ямар ч амьтны махаас дээж аваад лабораторийн орчинд молекул, атомын төвшинд бараг амьд малын махнаас илүү чанартай махыг ургуулаад хүнсэнд хэрэглээд эхэлсэн байна. Бараг өөхтэй, дан, алаг гээд захиалаад махаа ургуулдаг юм биш үү. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мал аж ахуйн салбарыг байхгүй болгох юм байна. Бой хийх хэрэгггүй, идэш бэлдэх шаардлагагүй болжээ. Ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг өнгө, үнэрийг хэдхэн томъёо бичээд л бактерийн төвшинд өөрчилдөг болчихсон байна шүү дээ. Амьтан алахгүй, хүнсний дутагдалд орно гээд хэдэн сая мал тэжээх ямар ч хэрэггүй болсон байна. Ургуулсан махаар бургер хийж зардаг старт ап нь хэдийнэ байгуулагдаад бизнесээ эхлээд хэрэглэгчдэд үйлчлээд эхлэсэн байна аа. Цахиурын хөндийд байрлах энэ Singularity University гээд ёстой "балай" газар байна!

Нэг сонирхолтой судалгаа байна. Мах их иддэг иргэдтэй улс хурдан хөгжиж баян улс болдог гэсэн ерөнхий хандлага судалгаа байна. Энэ үзүүлэлтээр бол Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 10000 доллар даваад явчихжээ. Нүүдлийн мал аж ахуйдаа өөрчлөлт хийн хөгжүүлж фермерчин болох гэсээр байтал мал маллах ажил тэр чигээрээ байхгүй болж огт хэрэггүй салбар болох нь ээ найзууд аа! Та нар итгэж байна уу үүнд?

ДНК-ийн төвшинд бидний төсөөлж чадахгүй олон зүйлсийг хийснээр хүн тун удахгүй хамгийн багадаа 220 жил амьдрах боломжтой гээд индэр дээрээс хэлээд байх юм аа энэ нэг профессор. 2019 онд том нээлтүүдээ зарлана гэж байсан шүү. Халдварт өвчний учрыг олсон. Одоо хавдар, зүрхний өвчний суурь шалтгааныг бататгах үлдсэн гэнэ. Дундаж наслалт ахих тусам манай нийгмийн суурь бүтэц орвонгоороо өөрчлөгдөх нь. Судалгаа нь хийгдээд эхлэсэн. Булчин, ясыг бэхжүүлж, алзхаймер, ДОХ-ын дархлааг шинээр бий болгоод, сахарын өвчинг алга болгоход хуруу дарам зай үлдсэн байна. Singularity University нэг их удахгүй хиймэл зүрхийг 3D принтерээр хийх боломжтой л гэж байна. Нэг бодлын бахархам, нэг бодлын аймаар байна.

Онол, практикийн төвшинд хүний генийн инженерчлэлийг бүрэн хийчих байх аа. Гол нь этикийн л асуудал үлдээд байна гэдэг байна шүү! Засаг нь зөвшөөрвөл хүний эд эрхтэн үйлдвэрлэх нь ээ бүр! Гоё мэдээ ч гэсэн сонсоод ер нь бол айлаа. Бурхан үхсэн гэж тэртээ Ницше хэлж байсан билүү?

Америкууд, цагаан арьстнууд яагаад Ямайк тамирчныг хол, ойрын гүйлтийн тэмцээнд дийлдэггүй юм бол? Шийдэл байх ёстой гээд Ямайк тамирчдын ДНК-г судлаад эхэлсэн гэж байна. Генетик инженеринг хийгээд удахгүй цагаан арьстан Ямайкчуудыг гүйлтийн ямар ч тэмцээнд урдаа гишгүүлэхгүй юм байх аа. Гэх мэт сонин сонин зүйлсийг сонсож харлаа, бас мэдэрлээ. Одоо ч бүрэн шокноос гараагүй байна үнэндээ. Бичээд л байвал бичээд л баймаар байна.

Удирдлага, багш нараас нь номын дуу сонсоод тархины түгжээгээ мулт татуулж байна. Бид амь зогоох гэж ядаж байхад дэлхий ертөнц яаж амьдраад бас яаж ажиллаж хөгжөөд байгаа юм бэ? Эцэст хэн Good and Evil гэдгийг тодорхойлох вэ гээд философийн асуултаар баахан мэтгэлцэв. Нэгдсэн хариулт авч чадаагүй. Бид нар ч мэдэхгүй байна. Үнэндээ ирээдүйг тааж чадахгүй байна гээд мөрөө хавчаад үлдэнэ билээ энэ мундаг хүмүүс.

Монголд маань энэ төвшинд ажиллах, энэ хүрээнд асуудлыг харах, ирээдүйг ингэж төсөөлдөг, технологийн хөгжил дэвшлийг ойлгодог, зөв ашиглаж чаддаг, хүмүүс маш олон болох хэрэгтэй байна даа. Сүүлд анзаарч уншиж байгаа мэдээллээр бол миний хувьд хувь хүнээс Д.Энхбат, бизнесийн байгууллагаас Юнител групп энэ агуулгад бидэн дундаасаа хамгийн ойрхон яваа нь болов уу. Эдгээр хүмүүс, байгууллагууд хоорондоо нэгдээд, дэлхийтэй улам нягт холбогдоод ирээдүйгээ өөрсдөө дизайн хиймээр байх юм. Худалдааны дайн энэ тэр бол мөсөн уулын дөнгөж орой нь. Хэн технологийг удирдана тэр дэлхийг удирдана гэж хэлсэн Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үүсгэн байгулуагч Шваб гуайн дүгнэлтээр нийтлэлээ жаргаая.

 


avatar
    • химич
    • 172.68.246.*

    Нүүдлийн мал аж ахуйдаа өөрчлөлт хийж болох ч , биоинженерийн аргаар хиймэл аргаар мах үйлдвэрлэж болох ч хэзээ ч оргиналь махыг гүйцэхгүй. Тэр цагт мах гэж ийм юм байдаг юм гээд дэлхийн хамгийн баян хүмүүс монголоос махаа авах биз. Хэт туйлширч болохгүй.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%