Нийтлэл 11 сарын 15, 2018

Эгэл амьдралын гэгээн түүх

Тэртээ 13 жилийн өмнө охиноо хүнд хэлбэрийн  хөгжлийн бэрхшээлтэй, дахин эдгэх боломжгүй гэдэг үнэнтэй эвлэрч чадахгүй охиноо хөл дээр нь  босгохын төлөө өдийг хүртэл тэмцэж яваа энэ эмэгтэй Цэвээний Уянга гэдэг. Охиноо сайн гэсэн бүхий л эмнэлэг, сувилал, цэцэрлэгээр явуулж аргаа барахдаа ардын эмчилгээ, лам бөө гээд яваагүй очоогүй газар түүнд ховор. Түүний охиноо өсгөж хүмүүжүүлсэн, охиноо хөгжүүлэх арга барилаа хаанаас олсон тухай түүхийг эндээс уншина уу. 

Охин нь хөгжлийн бэрхшээлийн онцлогоос  шалтгаалж үргэлж хэвтэрт байдаг учир ойр ойрхон хэвтрийн хатгаа тусна. Яг л мотор дуугарч байгаа мэт цээж нь  үргэлж хүржигнэж, амьсгалахад төвөгтэй болдог учир сардаа ердөө 3-4 хоног л гэртээ байх ээж охин хоёрыг эмнэлэг хүрэх замд  ад шоо үзэх нэг нь үзэж, санаа тавьж халамжлах нэг  нь халамжилсаар  тэд одоо өвчин зовлонгийн зовиурыг бага ч гэсэн мартжээ.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбооноос зохион байгуулдаг сургалтууд суусанаар хүүхдээ хэрхэн харж хандах, хөгжүүлэх, ойлголцох зэрэг арга замуудыг суралцсан. Улмаар өөртэйгөө адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ч  тэр бүр хөгжлийн бэрхшээлийн талаар мэдэхгүй, хүүхдүүдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа эцэг эхчүүдэд туслахаар өөрийн амьдардаг  Чингэлтэй дүүргийн 16-р хороондоо "Гэгээлэн" төвийг нээн ажлуулжээ. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхэд байр цуглах байр сав байхгүй учир хороо бүр дээр очиж эцэг эх болон хүүхдүүдийн мэдээллийг авч тус бүрийн гэрт очиж уулзаж зөвлөгөө өгдөг байж.

Ингээд хорооны засаг дарга болон эмэгтэйчүүдийн холбооны тусламж дэмжлэгтэйгээр 2-3 гэр барьж хүүхдүүдээ цуглуулан өдөр өнжүүлэх маягаар амьдрах арга барилыг сургалт, хичээлүүд явуулахаас гадна эцэг эхчүүдэд зориулсан сургалт, арга хэмжээ явуулдаг болжээ.

Мэдээж хүүхдүүдийнхээ бэрхшээлийн онцлогоос хамааран эцэг эхчүүдийн сэтгэл зүй болон санхүүгийн байдал гээд л тэдэн тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд тоймгүй олон. Тэдэнд "Гэгээлэн" төв хамгийн их тус болж эндээ цуглан жаргал зовлон, өөрсдийн туршлагаа бие биедээ хуваалцах газар болж. Тиймээс тэд  төвийнхөө санхүүжилтэд бага ч гэсэн нэмэр болох үүднээс ээжүүд нийлэн гар урлалаар янз бүрийн сувинер чимэглэл хийж тодорхой хүмүүст хүргэж чадсанаар одоогийн байрлаж буй өрхийн эмнэлгийн хуучин байранд нүүн орж тохижилт үйлчилгээгээ сайжруулжээ. Одоогоор тус төвийн байр болон урсгал зардлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас бүрэн хариуцдаг учир тэдэнд энэ тал дээр санаа зовних асуудал байхгүй. 

"Гэгээлэн" төвийн үүднээсээ эхлээд өрөө бүрт өлгөөтэй байх үзүүлэн, зарлал, товхимолууд бүгд гараар хийсэн бүтээлүүд. Өнгө будаг хослоод, үг бүрийг, дүрс, чимэглэл бүрийг сэтгэлээ шингээн хийсэн нь илт. Одоо тус төвийн ээжүүд ашигласан тос болон дахивар, хаягдал материалуудыг ашиглаад саван хийдэг бөгөөд түүний гадна талын савалгааг ч өөрсдийн гараар хийдэг.

"Гэгээлэн" төвийг үүсгэн байгуулагч Ц.Уянга  өөрөө холбоочин  мэргэжилтэй ч багшлах эрдэмд гаргууд сайн бөгөөд  төвийнхөө хүүхдүүд болон эцэг эхчүүдийг хөгжүүлэх, тэдний амьдралд тус болох бүхий л бололцоог хангадаг. Санаж явбал бүтнэ гэгчээр сайн санаа өвөртөлсөн түүнд туслах олон ч их учир   сургалтын төв багш нартай ярилцаж тохирон долоо хоног бүр шатар, нарийн боов, хөгжим, зургийн гэх олон төрлийн дугуйлан ажлуулдаг.

Ц.Уянга: Эцэг эхчүүдэд ч бас хуулинд заасан эрх үүрэг байдаг юм шүү

"Би аль болох хүүхдүүдээ амьдрах арга дүйд суралцаасай гэдэг үүднээс энэ талын сургалт дугуйланг илүү их чухалчилдаг. Мэдээж энгийн хүүхдүүдэд бол зураг зурах, хоол хийх, нарийн боов хийх зэрэг амархан сурчих зүйл байх. Гэвч манай хүүхдүүдэд энэ бол тодорхой хэмжээний чадвар шаардсан асуудал байдаг. Мэдээж хэрэг эдгээр хүүхдүүд  мундаг  сайн зураач болохдоо биш, маш сайн нарийн боов хийдэг тогооч болохдоо биш. Зүгээр л  эдгээр зүйлсийг хийснээр тэдний гар хөлний хөгжилд болоод сэтгэн болох чадварт тустай учир бага ч гэсэн тус болох болов уу гэж боддог.  Дугуйлан хичээллэж эхэлсэнээр хүүхдүүдийн гарны нарийн хөдөлгөөнүүд сайжирч байгаа нь харагдаж байгаа. Мөн дан хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдийг ч бас үүндээ хамруулж эцэг эх хүүхдүүдийн дунд сардаа нэг уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Жишээлбэл өнгөрсөн сард би эцэг эхчүүдийнхээ дунд хуулийн хүрээнд "эцэг эхчүүдэд хүүхдүүдээ харж хандах өсгөж хүмүүжүүлэх ямар эрх үүрэгтэй" талаар мэдээлэл өгөөд түүгээрээ “Аха” тэмцээн зохион байгуулсан. Мөн хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж мөнгөтэй харьцаж сургах үүднээс би өөрөө шөнөжин сууж  цаасан мөнгө хийсэн. Түүнийгээ хүүхдүүддээ тарааж өгөөд бие дааж худалдан авалт хийх боломжийг олгосон. Мөнгө мэдээж жинхэнэ биш учир төвийн зүгээс угаасаа хүүхдүүдэд зориулж бэлдсэн хувцас эдлэл хэрэгслээ тэдэнд худалдсан. Энэ хүүхдүүдэд хамгийн их таалагдсан. Хүүхдүүд өөрт байгаа мөнгөнд тааруулж өөртөө тохирох хувцасыг маш сайн сонгож байсан шүү".

Дан ганц өөрийн хүүхдийн сайн сайхны төлөө яваагүй энэ эмэгтэй өөр бусдын хүүхдүүдэд яг л өөрийн хүүхэд шиг хандаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг эрүүл саруул хүнээс жаахан л  өөр болохоос сурч боловсрох, хөгжих, сэтгэх нь биднээс ялгаагүй.  Магадгүй биднээс ч илүү сэтгэлийн их тэнхээтэй, зоригтой хүмүүс байдаг юм шүү гэдгийг нийгэмд ойлгуулах хүсэлтэй. Тэрээр төр засгаас  санхүүгийн тал дээр дэмжлэг хүсээгүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, энэ талын бодлого зохицуулалт, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг ээлтэй болгож өгөхийг л хүсэж байгааг энэхүү нийтлэлээр дамжуулан уламжилъя. 

Сэтгэгдэл бичих

arrow icon