Нийтлэл 11 сарын 19, 2018

Шинэ Зеландын батлан хамгаалахын стратеги төлөвлөгөө ба БНХАУ-ын дэлхийд ноёрхох бодлого

Дэлхийн түүх тэр чигээрээ нөлөөллийнхөө цар хүрээг тэлэх гэсэн улс, гүрэн хоорондын өрсөлдөөн, дайн байлдаан дунд оршиж буй. Бидний амьдарч буй энэ цаг үе ч мөн адил. Харин эрдэм шинжилгээ, теxнолигийн хүчээр олон улсын дүрэм журам, хүний эрх, аюулгүй байдал, гадаад харилцаа гэх мэт олон асуудалд шинэ сорилтууд бий болж байна. Энэхүү олон шилжилт, сорилтуудыг жижиг улсууд хэрхэн аргалж байгаа талаар Шинэ Зеландын туршлага, бодлого, үзэл баримтлалын талаар иш татав. Шинэ Зеландын батлан хамгаалахын стратегибодлого, зорилт болон шинээр үүсэж буй сорилтууд, олон улс дахь байр суурь, БНХАУ-ын дэлхийд ноёрхох бодлогoыг хэрхэн хүлээж авч байгаа тухай тус улсын 2018 оны Засгийн газрын бодлогын эмхтгэл материалаас хэсэгчлэн орчуулан хүргэж байна. Бүрэн эхээр нь эндээс уншина уу. 

Шинэ Зеландын батлан хамгаалах хүчин

Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших 2 том арал болон хэд хэдэн жижиг арлуудаас бүрдэх Шинэ Зеланд улсын цэрэг, армийн хүч нь улсынхаа аюулгүй байдлыг энх тайванч замаар хангах зорилготой, дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог улс юм. Шинэ Зеланд улсын Засгийн газрын батлан хамгаалах хүчин нь улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бие даасан халдашгүй байдалд тулгарч буй түрэмгийллийг илрүүлэх, зогсоох мөн шаардлагатай үед хөрш орнуудын аюулгүй байдалд тусламж үзүүлэхийг зорьж ажилладаг талаар доор дэлгэрүүлнэ.

Далайн бүсийн аюулгүй байдал

Шинэ Зеландын аюулгүй орших тогтолцоо нь номхон далайн бүсийн аюулгүй байдлаас ихээхэн хамаарч байдаг тул тус улсын Засгийн газар нь хил орчмын байгалийн баялаг ихтэй Күүк /Cook/, Ниеү /Niue/, Токелау /Tokelau/ арлуудаа хамгаалах шаардлагатай байдаг. Үүний дагуу батлан хамгаалах хүчин нь тус арлуудад аюулгүй байдлыг сахиулан ажилладаг ба Шинэ Зеландын далайн эзэмшлийн бүсийг давхар хянадаг нь ямар нэгэн хууль бус үйлдэл болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд тустай байдаг байна.

Харилцаа холбооны хөгжил

Шинэ Зеландын батлан хамгаалах хүчин нь зөвхөн өөрийн улсын далайн бүс дэх аюулгүй байдлыг хамгаалахаас гадна номхон далайн бүс нутгийн бусад улсуудад нүүрлэж болзошгүй аюул болон олон улсын мөргөлдөөн, дайн гэх мэт асуудал үүсэхээс сэргийлж хяналт тавьдаг, энх тайванч хүчин юм. Далайг эргээс бүрэн хянах боломжгүй тул батлан хамгаалах хүчин нь далайн эзэмшил дэх үйл ажиллагааг ялангуяа усан онгоцны тээвэрлэлтийг сансраас хянадаг байна. Түүнчлэн Шинэ Зеландын батлан хамгаалах салбарт дэлхийн гадарга дээр харилцах хэрэгслээс гадна сансрын холбоо хэрэгтэй байдаг тул харилцаа холбооны салбараа улам хөгжүүлэх шаардлага тус улсын батлан хамгаалах салбарт бий болдог. Иймд Шинэ Зеланд улс физик, электроны төвшний харилцаа холбооны хэрэгслүүдийг хөгжүүлж аюулгүй байдлаа хангахад болон дэлхий дахинтай харилцахдаа ашигладаг ба бусад улсуудад ч мөн кибер аюулгүй байдал, сансрын технологийн уян хатан ашиглалтыг уриалдаг  байна.

Номхон далайн аюулгүй байдлын зохицуулалт 

Дээр дурдсанчлан Шинэ Зеланд улс нь түүх соёл, улс төр, хүн амзүйн хувьд номхон далайн арлуудтай ижил төстэй, тус бүс нутагт хамаарагдах орон юм. Номхон далайн аюулгүй байдал Шинэ Зеландын аюулгүй, энх тайван байдалд шууд нөлөөлөх тул засгийн газраас энэ тал дээр үргэлж анхаарч ажилладаг ба 2018 оныг “Номхон далайг шинэчлэн тогтоох жил” хэмээн зарлажээ. Үүгээр номхон далайн арлуудад нүүрлээд буй цаг уурын өөрчлөлтийн асуудал болон бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад өөрийн улсын хувь нэмрээ ихэсгэхийг зорьж буй ажээ. Иймд батлан хамгаалах хүчин нь:

Тогтвортой энх тайвны байдлыг дэмжих;

Бусад засгийн газруудыг аюулгүй байдлын салбарыг хөгжүүлэх хүчин чармайлтыг бий болгох;

Номхон далайн арлын улсуудад далайн эзэмшил дэх үйл ажиллагааг хянахад нь туслах /хууль бус үйл ажиллагааг хайж илрүүлэх, хянах гэх мэт/;

Хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшигт өртсөн улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зэрэг номхон далай дахь үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээ авч байна.  

Дүгнэн хэлэхэд, Шинэ Зеланд улсын батлан хамгаалах хүчин нь улсынхаа аюулгүй байдлыг хангахад чиглэсэн энх тайванч шинжтэй засгийн газрын бүтэц бөгөөд тус улсын аюулгүй байдал номхон далайн аюулгүй байдалтай шууд хамааралтай тул  далайг хамгаалахад сансрын өндөр технологи ашиглан тухайн бүс дэх бусад түнш болон номхон далайд ашиг сонирхолтой улсуудын үйл ажиллагааг хянан зохицуулахад гар бие оролцохыг зорьж байна.

 Шинэ Зеланд улсын олон улс дахь байр суурь

 БНХАУ-ын бодлогын цар хүрээ тэлэх хэрээр дэлхийд тэргүүлэх байр суурь, өрсөлдөх чадвар өргөжиж байгааг анзаарахгүй байхын аргагүй биз ээ. Эдийн засгийн өсөлт нь үргэлжлэхийн хэрээр батлан хамгаалах хүчин чадал, техник технологийн дэвшил болон бусад салбарууд даган хөгжиж байгаа. Энэхүү зорилтууд нь БНХАУ-ын өөрийн ашиг сонирхлоо илүү зоримгоор хэрэгжүүлэхэд таатай нөхцөлийг бий болгож байна. Хятад улс энх тайвныг сахин хамгаалах, хөрөнгө оруулах, далайн дээрмийг сөрөх г.м. дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг Шинэ Зеландын Засгийн газар болон бусад улс орнууд сайшаан, дэмжин хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч, БНХАУ-ын засаглал болон үнэт зүйлс барууны ихэнх улсуудтай харшилдгаас үүдээд, АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орнуудыг өөрийн хөгжлийн ондоо загвараар тулаанд дуудаж байна. Цөөнгүй судлаачдын тооцоолсноор бол Америк-Хятадын хоорондох хурцадмал байдал ойрын ирээдүйд улам ширүүсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, 2 улсын худалдааны асуудал ширүүсэж байгаатай холбогдуулан, БНХАУ-ын ЗГ нь давуу байдал олж авах зорилгоор цэрэг, зэвсгийн харилцаа, 2 талын болон олон талт дипломат арга хэрэгсэл аль алиныг ашиглан өөрсдийн нөлөөллийг тэлж байна. Мөн, сүүлийн хэдэн жилүүдэд БНХАУ-ын олон улсын байгууллагын хамтын үйл ажиллагаан дахь оролцоо нь урьдынхаас илүү ихэссэн байна. 

Зөвхөн Хятад ч биш, ОХУ, Иран, Саудын Араб зэрэг улс орнууд дэлхийн дэг журамд өөрчлөлт оруулах үйл хэрэгт тус тусын хандлагаар нэгдэн орцгоож байна. ОХУ өрнийн “Дотоодын Харилцаа Холбоо”-г мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар кибер халдлага удаа дараа хийсний эцэст АНУ, Их Британи улсуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд сэв суух нөхцөл байдалд хэд хэдэн удаа хүрсэн. Жишээ нь, 2016 оны АНУ болон Их Британийн сонгуулийн үеэр цахим сүлжээгээр ард иргэдийн дунд улс төрийн туйлшрал, пропаганда бий болгосон гэх хэргээр Кремль (Орос) буруутгагдаад байгаа билээ. Мөн түүнчлэн Оросын засгийн газар эрх мэдлээ тэлэх зорилгын дагуу хуучин ЗСБНХУ-ын улсын бүрэлдэхүүнд байсан болон түүний чанад дахь улсуудтай дотно харилцаа үүсгэхийг оролдож байгаа нь тодхон байна.

Энэ бүхнээс харахад, яг одоо Европ болон Ази бүсэд ардчилсан болон ардчилсан бус системтэй улсуудын хооронд стратегийн өрсөлдөөн өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ өрсөлдөж буй улс орнууд, дэлхийн тэргүүлэх хүчнүүд Шинэ Зеландын хүсэж буй олон улсын норм, хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Мөн түүнчлэн, улс орнууд өөрсдийн нөлөөллийн бүсээ тэлэх журмаар, кибер болон олон нийтийн сүлжээг ашиглан улс орны дотоодын асуудалд оролцохоос өгсүүлээд дэд бүтцэд аюул учруулах оролдлого ч бий болсоор байна. Энэхүү арга хэрэгсэл нь Шинэ Зеланд тэргүүтэй нээлттэй нийгмийн улсуудын үндэсний аюулгүй байдал, бүр цаашилбал бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж байна.

 

Орчуулсан: Г. Анар, А. Маралгоо,

Редактор:  Л.Болор

 

 

Сэтгэгдэл бичих

    • batbileg
    • 2018-11-20

    Вооружённые сила ч тэр, armed force ч тэр аль аль нь зэвсэгт хүчИН биш зэвсэгт хүч гэж байх шиг байна. Ер нь зэвсэгт хүч гэж тогтвол яасан юм бэ дээ.

arrow icon