Гадаад шок Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

Монгол улс нь уул уурхайн салбарт тулгуурласан жижиг нээлттэй эдийн засагтай тул гадаад орчны нөлөөнд хэт өртөмтгий байна. Уул уурхайн салбар ДНБ-ны 20%, экспортын 80 хувь бүрдүүлдэг бөгөөд үүний дийлэнх буюу 85 хувийг Хятад улс руу экспорт хийдэг. Манай газар нутгийн байршил нь худалдааны түнш орны тоог хязгаарлаж байгаан дээр эдийн засгийн төрөлжилт хийгдэхгүй байгаа нь гадаад шокын хамаарлыг өндөрсгөж байна.

Бидэнд юу саад болж байна вэ?

Орлого талаасаа 2018 оны 9-р сарын байдлаар экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 1,073 мян.тнг эскпортолж 1 тэрбум ам.доллар, боловсруулаагүй алт - 3.4 тонн экспортолж 144 сая ам.доллар, нүүрс 27.3 сая тонн буюу 2.1 тэрбум ам.доллар экспортын орлого олжээ. Жил бүр экспортын тоо хэмжээ нэмэгдэж орлогын дүн нь өсдөг хэдий ч дотоод эдийн засгийн суурь бүтцээ тогтвортой түвшинд бүтээж чадалгүй гадаад сөрөг нөлөөнд өртөмтгий, иргэдэд хүртээмжтэй өсөлт муу хэвээр байгаа нь шийдлээ хүлээсээр байна.

Зардал талаасаа бензин болон дизель түлшний импортод нийт 949 мян тонны 636 сая ам.доллар гадагшлах урсгалд бүртгэгджээ. Шатахууны импортын хараат байдал нь гадаад шокын нөлөөллийг ихэсгэж инфляцийн өсөлтийг бий болгож иргэдийн худалдан авах чадварыг бууруулах шалтгаан болж байна.

Дэлхийн банкнаас тооцдог түүхий эдийн үнийн индексийн чиглэл нь манай орны эдийн засгийн өсөлт болон төсвийн алдагдлын хэмжээг өндөр хамааралтайгаар тодорхойлдог нь дээрх графикаас харагдана. Тиймээс эдийн засгийн төрөлжилт, солонгоруулалт гэсэн нэр томъёог бодит ажил үр дүнд хүргэх цаг нь болжээ. Хэдийгээр ойрын хугацаанд байгалийн нөөцдөө тулгуурлаж орлого олох нь тодорхой хэдий ч хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарт нөөц боломж их бий.

Гадаад сөрөг шок хэрхэн нөлөөлдөг вэ?

Манай орны хувьд худалдааны түнш орнуудын бодлогын өөрчлөлт, түүхий эдийн үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн шилжих механизмээр дамжин цаг хугацааны ялгаатай түвшинд эдийн засгийн оролцогч талуудад харилцан адилгүй нөлөөлдөг.

1. Өрх, аж ахуй нэгж: Манайх шиг гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамаарал өндөр, экспортын цөөн тооны бараанд суурилдаг улсын хувьд гадаад сөрөг шок нь хөрөнгийн урсгал болон гадаад худалдааны сувгаар дамждаг. Түүхий эдийн үнэ унахад манай улсын экспортын орлого болон хөрөнгө оруулалтын орох урсгал буурч аж ахуйн нэгжийн орлогод шууд сөрөг нөлөөлдөг. Энэ нь өрхийн түвшинд орлогын түвшин багасч, хэрэглээгээ хумихад хүргэнэ. Экспортын орлого багассан үед төлбөрийн тэнцэлд нөлөөлж төгрөгийн ханш суларч инфляцийг хөөргөддөг. Гэхдээ өрхийн түвшинд хэрэглээ хумигдах тул бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгааныг хязгаарладаг ч нь бий. Сүүлийн 3 жилийн хугацааны түүхий эдийн үнийн бууралт нь манай инфляцийн түвшинг нам дор түвшинд барьж, эдийн засгийн өсөлтийг хазаарлаж байсан нь энэхүү нөлөөллийг батлах баримт юм.

2. Засгийн газрын орлого, зардал: Татвараар дамжин төсвийн орлого багасч улмаар төлөвлөсөн төсвийн зардал танагддаг. Эдийн засаг өсөлттэй үед төсвийн тэлэх бодлого, уналттай үед хумих бодлого буюу мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлснээр олон хүндрэлүүд үүсч гадаад шокын нөлөөг нэмэгдүүлдэг байна. Эдийн засгийн уналтын үед төсвийн зардал хөрөнгө оруулалтыг бууруулах нь эдийн засгийн идэвхжилийг илүү ихээр багасгаж ажил эрхлэлтийн түвшинд сөрөг нөлөөтэй. Манай улсын жишээн дээр түүхий эдийн үнэ буурч төсвийн алдагдал бий болсноор засгийн газрын гадаад дотоод өрийн хэмжээг нэмэгдүүлсэн туршлага бий. Одоогийн нөхцөлд дэлхийн зах зээлд гаргасан Засгийн газрын бондын хүү нь хөгжиж буй бусад улсынхтай харьцуулахад өндөр байгаа нь нэмэлт дарамт болж байна.

түүхий эдийн үнэ унаснаар валютын орж ирэх урсгал багасч дотоод валютын ханш суларч эхэлдэг. Энэ үед эдийн засгийн өсөлттэй үеийн мөнгөний тэлэх бодлого нь зээл олголтыг нэмэгдүүлж импортыг дэмжсэн нь валютын хомсдолд оруулдаг. Валютын ханшийг тогтмол байлгах оролдлого нь гадаад валютын нөөц шавхагдахад хүргэж гадаад шокын нөлөөллийг нэмэгдүүлдэг. Валютын ханш хөвөгч байдлаар чөлөөтэй тогтох нь шокын нөлөөлөлтэй үед дотоод үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хэрэглээг хумидаг сайн талтай. Мөнгөний нийлүүлэлтийг хумих, гадаад валютын ханшийн чангаралтыг зогсоохын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Энэхүү мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой уялдаж чадвал үр дүн өндөртэй байдаг нь олон судалгааны ажлаар батлагдсан.

Шийдэл нь хаана байна вэ?

Гадаад шокын нөлөөнөөс үүдээд сүүлийн жилүүдэд хяналтгүй төсвийн бодлого хэрэгжүүлсэн нь богино хугацаанд идэвхжилийг дэмжсэн боловч улсын өрийг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах үндэсийг тавьжээ. 2012 оноос хойш төсвөөс гадуур хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийн төслийн санхүүжилт ихээхэн хийгдсэн нь импортыг дэмжин валютын нөөцөө шавхахад хүргэж төгрөгийн ханш огцом унах шалтгаан болсон байна.

Байгалийн баялагийн экспортод суурилсан эдийн засаг нь тогтворгүй, гадаад нөлөөнд өртөмтгий бөгөөд иргэн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход хүндрэл учруулж байна. Уул уурхайн салбар нь бусад салбартай харьцуулахад цөөн тооны ажлыг бий болгож хүн амын багахан хэсэг нь ажиллан орлого олдог тул байгалийн баялагтай оронд орлогын тэгш бус байдал гүнзгийрэхэд нөлөөлдөг. Тиймээс бүх салбарт монополь зах зээл бий болгохоос сэргийлэн нээлттэй ил тод чөлөөт өрсөлдөөнт тогтолцоог дэмжиж ажиллах нь Монгол Улсын дунд хугацаанд шийдэх ёстой чухал асуудал болжээ. Үүний тулд нэгдүгээрт бүх зах зээлийн мэдээлэл өгөгдөл нээлттэй байх, төрийн бүх үйлчилгээг цахимжуулж ил тод болгох хоёрт өрсөлдөөнийг сайжруулахын тулд зах зээлд шинэ оролцогч ороход саад бэрхшээлгүй болгох нь чухал байна. Эцэст нь дүгнэхэд  уул уурхайн салбараас орлогын хуримтлал үүсгэж хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн боломжит салбаруудаа дэмжиж ажиллах цаг үе тулж иржээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%