Нийтлэл 11 сарын 30, 2018

ЧУУЛГАН: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар  гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 УИХ-ын гишүүн Л.Болд: АН Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. АН  МАН-ын Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ. Энэ асуудал бол МАН бүхэлдээ хүлээх үүрэг. Нэг зүйлд харамсаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед гишүүдэд маш их дарамт ирж байсан. Бүлэглэлүүд тэмцлээ хийж Н.Алтанхуягийг буулгасан. Гэхдээ ЖДҮ гээд нэр зүүгээд энэ Засгийн газрыг огцруулах ёсгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ удаагийн Засгийн газрыг огцруулах асуудал зөвхөн нам хоорондын асуудал гэж харахгүй байна. Үндэсний оршин тогтнохтой холбоотой асуудал. Намууд улс  удирдаж байна гэж би бодохоо больсон. Бүлэглэлүүд намуудыг удирдаж байна. Олон банктай бүлэглэл, Эрдэнэтийг дээрэмдэж авсан бүлэглэл гээд олон бүлэглэл биднийг удирддаг болоод удлаа. Одоо нам ийм шийдвэр гаргалаа гэдгээ больё.  АН шударга ёс, ард түмнийхээ талд байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын хэлж буй Монголын төрд их цэвэрлэгээ хийхийг би дэмжиж байна. Монголын төрийн идээ бээрийг шахна гэдэг нь туйлын зөв. Энэ утгаараа одоогийн Засгийн газрыг дэмжиж байгаа юм. Шуналын туламнуудын байгуулсан хонгилыг нураах цаг болсон. МАНАН-жсан мафжсан төрийг түлхэн унагах цаг ирлээ. Хууль хяналтын байгууллагыг мафын гараас салгахад тэмцээрэй гэж У.Хүрэлсүх сайдад хэлье. Өнөөдөр шүүх, прокурор, АТГ ажиллахаа болилоо. Зөвхөн улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болох нь.

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнөөдөр төрд үүсээд байгаа нөхцөл байдал 26, 27 жилийн бугшсан асуудал. Хоёр нам ээлжилж төр барьдаг. Үүн дээр нь гуравдагч этгээд тоглолт хийдэг. УИХ-ын дээр бизнес бүлэглэлүүд байдаг нь маш олон жил оршин тогтносон. Эцэс сүүлдээ төрийн албыг арилжаалсан. Төрийн албыг арилжаалсан 60 тэрбумыг батлах нь тийм хэцүү биш. Энэ яагаад батлагддаггүй юм бэ. Миний хувьд Ерөнхий сайд Хүрэлсүхийг ажлаа үргэлжлүүлж хийхийг хүсэж байна. Бид сонгогчоо сонсож, тэдний захиалгыг биелүүлэх ёстой. Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа энэ үйлдлийг цэвэр эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн үйлдэл гэж харж байна. Миний хувьд Ерөнхий сайд хариуцлагын ажлыг хийнэ гэдэгт итгэж байгаа. Эцэс сүүлдээ үндэсний эрх ашигт нөлөөлөхүйц зүйлийг хэлж ярьдаг болсон байна. Монголын парламентын тэргүүн Монгол Улсыг гадаадад төлөөлөх хүн. Өнөөдөр өөрчлөлт шинэчлэлийн салхи боссон, шуурга болсон өдөр байгаасай гэж би хүсэж байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бид энэ хэдэн хоног бие биенийгээ  хангалттай хэмлэлээ. Гэтэл улс орны нөхцөл ямар байгаа билээ. УИХ, Засгийн газар нь ажлаа хиймээр байна. Ялангуяа Засгийн газрын ажлыг УИХ-нь хийлгэмээр байна. Сүүлийн 20 жил нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг ярьсан. Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрээс салах юмсан гээд олон жил ярьсан. Овоо эдгээр ажил энэ Засгийн газрын үед эхэлсэн. Гэтэл энэ эгзэгтэй үед Засгийн газраа унагаах гээд байж байна. Том том төслүүдийг бүлэглэлүүд зогсоогоод байдаг гэдгийг энэ танхимд орж ирээд мэдэрлээ. Хэзээ бид шатахууны үнийн дарлалаас гарах вэ. Засгийн газрын эхлүүлсэн ажлуудын үр дүн хэзээ гарах вэ гэдийг У.Хүрэлсүх сайдаас асуумаар байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын үед ирлээ.Ягаан цэнхэр тасалбараар төрийн өмчийг хувьдаа авсан. Лиценз нэрээр эх орныхоо баялгийг хувааж идсэн. Энэ олон жилийн хугацаанд монгол төр рүү шуналын нүд, хулгайн гараа явуулсан. Энэ шуналын хүүдий яг энэ цаг үед зад тавьж идээ бээр нь гарч байх шиг байна. Үүний тод жишээ бол ЖДҮХС-гийн зээл юм. Гадаад харилцаагаараа хүртэл улс төр хийдэг болж. Өвөлжилт хүндрэх гээд байна. Олон жилийн дунджаас хүйтэн болно гээд зарлаад байна. Баруун аймгуудад байгалийн гамшиг болж байна. Энд бидний хэрүүл тэмцэлд ард иргэд дургүйцэж байна. Нэг талдаа гарч асуудлаа хурдан шийдэхийг  хүлээж байна. Шударга ёсыг ард түмэн хүсч байна. Тиймээс олон жил бугласан идээ бээрнээс салганаа гээд тэмцэж байгаа Ерөнхий сайдыг би хувьдаа дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Парламентын засаглалтай улс орон мөн л юм бол тойрч сууж байгаад саналаа өгөөд шийдчих л дээ.Өнгөрсөн жил бид Засгийн газраа огцруулаад 32:32 болоод талцсан. Шинэ Ерөнхий сайдыг томилох үед би иргэдийн хүсэн хүлээлт байгааг У.Хүрэлсүхэд хэлж байсан. Эрдэнэт, Оюутолгойн луйвар уул уурхайн тараасан замбараагүй олон лиценз гээд нийгэмд алдагдаад байгаа олон асуудлыг цэгцэлж шударга ёсыг тогтоогоорой гэж хэлж байсан. Гэтэл нэг жилийн хугацаанд өнөөх Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн асуудал бахь байдгаараа, ахисан юм алга. Энэ хугацаанд Засгийн газрын  хэдэн нөхдөөс их зүйл гарч байна. Хариуцлага алдсан хүмүүстээ дор бүрт нь хариуцлага тооцоод явсан бол Засгийн газар огцрох асуудлыг хөндөхгүй байсан байх.

Сэтгэгдэл бичих

arrow icon